пятница, 31 января 2020 г.
Ажиллах эх Хувилбар А.
Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээж
Ханшийн ногоо нярайлсан
Хаврын тал нялхарна./Д.Пүрэвдорж “Дөрвөн цагийн тал”/
1.Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?
а. 4 цогцолбор б. 2 цогцолбор в.Хаврын тухай өгүүлсэн 1 цогцолбороос бүтжээ.
2. Дээрх эхийн төрсөн санааг олоорой.
а.Ургамал ногооны урган төлжих явцзохиогчийн сэтгэлийг хөдөлгөж, сэдэл бий болжээ.
б. Эмэгтэй хүний үзэсгэлэн гоо байдлыг хараад энэхүү эхээ бичжээ.
в. Өвөл болж цас орж байгаагаас үүдэн эхээ бичжээ.
3. Дээрх эхийн сэдвийг олоорой.
а. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн б. Хавар цаг в. Яргуй г. Тал
4. Дээрх эхийн гол санааг олоорой.
а. Хавар болж, ургамал ногоо урган соёолж буйг хараад бичжээ.
б. Амьтай бүхний хүсэн хүлээсэнурин дулаан улирал ирж буй тухай өгүүлжээ.
в.Яргуйг бүсгүй хүний зөөлөн харцтай, яргуй дэлбээлжбуйг хүний мишээх үйлтэй, өвс ногоо соёолж байгаа явцыг нярайлах үйлтэй,
тал газрыг саяхан төрсөн нярай эхтэй адилтгаж, хүншүүллийн ур маягаар шинэлэг уран санаа, дүр бүтээж, шууд бус нэрлэлт
үүсгэжээ.
5. Дээрх эхийн тулгуур үгийг олоорой.
а. хавар, тал, яргуй б. харц, ногоо, тал в. ногоо, тал, харц
6. Дээрх эхийн шинэ санааг олоорой.
а. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг урнаар дүрсэлжээ.
7. Амьтай бүхний хүсэн хүлээсэнурин дулаан улиралирж буй тухай өгүүлжээ.
в.Яргуйг бүсгүй хүний зөөлөн харцтай, яргуй дэлбээлжбуйг хүний мишээх үйлтэй, өвс ногоо соёолж байгаа явцыг нярайлах үйлтэй,
тал газрыг саяхан төрсөн нярай эхтэй адилтгаж, хүншүүллийн ур маягаар шинэлэг уран санаа, дүр бүтээж, шууд бус нэрлэлт
үүсгэжээ.
8.Дээрх эхийн түлхүүр үгийг олоорой.
а.хавар, тал, яргуй б. яргуй мишээх, ногоо нярайлах, тал нялхрах в. хавар цаг
9. “Ханшийн ногоо нярайлах” гэсэн өгүүлбэрийн үйлдэгчийг тодорхойлно уу.
а. аяндаа б. эрхэн в. бүтээн г. хэрэглэн
10. Дараах өгүүлбэрийн үйлдэгчдийг зөв тодорхойлсон хэсгийг олоорой.
Барилгачид өндөр сайхан барилга барив.
а.эрхэн, бүтээнб. эрхэн, сөрөн в. бүтээн, хэрэглэн г. эдлэн, эрхэн
11. Дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг олоорой.
Үйл явдал бүхий тодорхой санаа илтгэсэн хэлний их нэгжийг ....... гэнэ.
а. цогцолбор б. өгүүлбэр в. үг г. бүтээвэр
понедельник, 27 января 2020 г.
МОНГОЛ ХЭЛНИЙ УЛСЫН ШАЛГАЛТ “А” ХУВИЛБАР
Гүйцэтгэх хугацаа- 90 минут Нийт оноо 30
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [10 оноо]
1.Санамж:
- Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.
-Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай.
-Зөв хариулт бүр 1 оноотой.
Хөдөөгийн араншин
Хөх толгойн гүрвэлийг хариулж яваа хурга шигээ тоотой юм шиг санан нэгийг нь дутаавал багийн дарга мэднэ гэж эмээж явсан балчирхан бага насандаа холын цэнхэр уулсын чанадад хот гэж нэг ариун дагшин орон бий гэж санадаг байсан сан.
Тэнд очиж гэмээ нь есөн хүсэл сэтгэлчлэн бүтэж зүүдэндээ амталж үзсэн чихэр жимс, бал бурмыг тэмээ тэмээгээр нь ачин авчирч айл саахалтынхандаа атга атгаар нь түгээх юмсан гэж мөрөөдөхдөө хурдхан шиг өсөж, тэнгийн булан даахуйц эр болохсон гэж яарч явсан цаг хэдийдсэн билээ.
Тэр үед хот ороод буцаж ирэхийн тухай л санаж явснаас биш хотын хүн болохсон, тэнд очоод шингэчих юмсан гэсэн буруу харсан сэтгэл өвөрлөж яваагүйг бурхан мэднэ.
Гэтэл одоо хотод орж суурьшчихсан хойноо нөгөө хүслэн болсон хотоосоо нэг л мэдэхнээ уйдаж нутгаа сэм сэмхэн үгүйлэн санадгийн учир юусан билээ?
Үгүй тэгээд би ч одоо хөдөө хоргодох юутай хүн билээ гээд бодохлоор үгүй тэр гээд хэлчих юмаар хомсхон. Нутагт очлоо гэхэд тэнд өөрийн гэх өнчин ишиг, өргөж асрах ах дүү байхгүй бөгөөтөл үгүй нэг л их юм, мал хөрөнгөө орхиод ирчихсэн амьтан шиг өндөлзөөд суухын хэрэг юу байна даа гэж өөрөөсөө хааяахан асуух боловч хариу эс олдоно.
Ном эрдэмд бие, сэтгэл нялхарсан төв шударга сэхээтэн, юм үзэж нүд тайлсан хүмүүсийн өмнө сурсан зангаараа бодлогогүйхэн дуугарч хөдөөшсөн хүний болхи толхи зан гаргалаа гэж гэмшин өөрийгөө үес үесхэн зэмлэвч би хөдөөгөөрөө бахархдаг.
Тэгээд үгүйодоо нүдээ гөлөртөл цангасан малд ганц ховоо ус хийж өгч үзээгүй ийм улс намайг яаж ч ойлгох вэ дээ гэж өөрийгөө зөвтгөн, хот ч дээ тэгээд номын ухаанаар л хамаг юмаа хөдөлгөдөг газар шив дээ гэж бяцхан чамлана.
Хотын зарим хүмүүс арав хорин жил нэг байшинд айл зэргэлдээ аж төрсөн хэрнээ бие биенээ таньдаггүй байхад, хөдөөгийнхөн ус бэлчээрийн эрхээр хоорондоо хэдэн өртөө газар нутагладаг хэрнээ бие биенийхээ унага, тугалыг хүртэл ялган таньдаг, цаагуур явсан болгоныг наагуур хэмээн дуудаж цай идээгээрээ дайлдаг сайхан улс аа.
Ингээд бодохлоор миний энэ зэрэгтэй яваа маань ч хөдөө малын захад өсөж, номыг биш гэхэд номхныг сурсны ач буян гэж бодох үе цөөнгүй.
Малын дэргэд өссөн хүн цаанаа л нэг андашгүй. Үг яриа нь хүртэл төвшин сонсголонтой, элдэв гоёл чимэггүй. Өөрийгөө биш амьтныг хайрладаг хүний үг тийм дөлгөөн байдаг юм байна.
Боргоцой борхон гартаа харандаа барьж, өөхөн дэнгийн гэрэлд үсэг холбон тонгойж суусан миний үе тэнгийхний дунд сансрын нисэгчээс бусад нь бий.
Аглаг хээр талд мал даган ертөнцийг алган дээрээ цэгнэн морин дэл дээр бодол хэлхэн явахад хөдөөгийн уул ус их юм шивнэн хэлж өгдөг юм байна лээ.
Гарын бяд суугаагүй байхдаа сур талхин, элдүүрээ зөөлрөх бүр эр хүн боллоо гэж өөрийгөө урамшуулан шагнадаг хөдөөгийн хүүхдүүд эрт ухаажиж, чулуу таалцахын оронд чөдөр зангидаж сурдаг.
Үдэш залсан адуу нь өглөө нь илхэн харагддаг уужимхан тал нутагт багын минь чулуун тоглоом бий. Амьд үхсэн ч надтай хувь заяагаараа холбоотой тэр чулуун тоглоом миний сэтгэлд одоо хүртэл бүртгэлтэй. Их хотын шилэн дэлгүүрийн цонхон цаанаас өртөг, өнгө хоёр нь нүдэнд эрээлжлэн тусах оньсон тоглоомоос ч хавьгүй илүү үнэ цэнэтэй.
Ачаа хөсөг харгалзсан хаврын их нүүдэл аараг борхон толгодын шилээр дэнхэн данхан давахын цагт тэнтэй тэмээн дээр суусан хүүхдүүд нулимстай нүдээр нутгаа эргэн хардаг.
Шинэ газар буусан шөнөө хэдэн өртөө газрын чинадад нутаг дээрээ өрөөстэй нь орхисон чулуун тоглоомоо зүүдэлнэ. Хавар, тэнгэрийн хаяанд тогоруу дуугарахад ноднингийн дэгдээхий ирээ болов уу гэж бодно.
Хэн гуай хуралд очоод одонгоор шагнуулжээ гэж хүн ярихыг сонсоод өөрөө одон авсан юм шиг баярлана.
Үдэш шандан дээр очиж морио услаад мордохдоо шөнө цангасан мал ирж юу магад вэ? гэж бодон онгоцоо усаар дүүргэж орхино.
Шөнө машины дуу сонсох юм бол айлаа олохгүй төөрч байгаа юм биш байгаа даа гэхдээ хотныхоо хойд овоон дээр гарч гэрэл тавина.
Хөдөөгийн хүүхдүүд гэдэг эгэлхэн боловч ээдээгүй сэтгэлтэй ийм л хүмүүс.
Би хэдийгээр дөчин насны дөрөөнд гишгэсэн ч өөрийгөө одоо хэр нь хөдөөгийн хүүхэд гэж бодож явдаг.
Хотод газар нь бага, хүн нь олон болохоор дуу чимээ ихтэй, цаанаа л нэг уйтан давчуу. Үзсэн сонссоноо чөлөөтэй нэг сайхан эргэцүүлэн бодох зав багатай. Хүмүүс нь эрдэм, соёлтой боловч гоёж гооддог шигээ ихэвчлэн өнгөц хуурамчхан зантай, атаа жөтөө, хэл ам мундахгүй.
Би он цагийн урсгал, элдэв эрээн мяраан зүйлд нүд алдан алмайрч яваад хар багаас цусанд минь шингэсэн хөдөөгийн ааш араншингаа эмтлэн сэвтүүлчих вий дээ л гэж эмээдэг юм.
Гудамжинд хоёр монгол хүн өөр зуураа гадаад хэлээр муруй хазгай ярьж өвчигнөхийг сонсоод дургүй хүрч, цухалдан гомдохдоо яагаад ч юм гэв гэнэтхэн нутгаа санах шиг болдог юм. Тэр нь нөгөө миний өөрөөсөө байн байн эрж, өврөө тэмтэрч үзээд байдаг хөдөөгийн араншин маань байсан юм санж. /Б.Догмид/
1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.
1. Тэн a)Хайр чулуу болон өнгөн хөрсний устай газар
2. Ховоо b)Хүний хөл хөдөлгөөнөөс зайдуу газар
3. Аглаг c)Худгаас ус хутган гаргах хэрэгсэл
4. Аараг d)Жалга судаг, сархиаг ихтэй газар
5. Шанд e)Тэмээ малд ачихаар тэнцүүлж хүлсэн ачаа
A. 1c2e3b4a5d B. 1c2a3b4d5e C. 1e2c3b4d5a D.1a2b3c4d5e E. 1e2c3a4d5b
2. “Ачаа хөсөг харгалзсан хаврын их нүүдэл аараг борхон толгодын шилээр дэнхэн данхан давахын цагт тэнтэй тэмээн дээр суусан
хүүхдүүд нулимстай нүдээр нутгаа эргэн хардаг” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
A.арын өндөрлөг газар B. сархиаг ихтэй, нам дор газар
C.энгэр, нөмөр газар D.жалга ихтэй, өвөр газар
E. уулын бэлээс тэгш тал руу уруудаж нийлсэн хэсэг
3.“Өөрийгөө биш амьтныг хайрладаг хүн...” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?
А. Үг яриа нь хүртэл төвшин сонсголонтой, элдэв гоёл чимэггүй.
В.Эрт ухаажиж, чулуу таалцахын оронд чөдөр зангидаж сурдаг.
С. Тэнтэй тэмээн дээр суусан хүүхдүүд нулимстай нүдээр нутгаа эргэн хардаг.
D. Нутаг дээрээ өрөөстэй нь орхисон чулуун тоглоомоо зүүдэлнэ.
E. Шөнө цангасан мал ирж юу магад вэ? гэж бодон онгоцоо усаар дүүргэж орхино.
4.Монгол араншингаа алдах гээд байгаагийн гол нотолгоог олоорой.
A.Арав хорин жил айл зэргэлдээ аж төрсөн хэрнээ бие биеэ таньдаггүй.
B.Хот ч дээ, номын ухаанаар л хамаг юмаа хөдөлгөдөг газаршив дээ.
C.Нэг сайхан эргэцүүлэн бодох зав багатай.
D.Хүмүүс нь эрдэм соёлтой боловч өнгөцхөн хуурамчхан зантай
E.Нүдээ гөлөртөл цангасан малд ганц ховоо ус хийж үзээгүй ийм улс...Гарын бяд суугаагүй байхдаа сур талхин, элдүүрээ
зөөлрөх бүр эр хүн боллоо гэж өөрийгөө урамшуулан шагнадаг хөдөөгийн хүүхдүүд
5."Эрт ухаажиж, чулуу таалцахын оронд чөдөр зангидаж сурдаг” гэсэн өгүүлбэрийн санааг олоорой.
A.Хөдөөгийн амьдрал хүүхдийг бага наснаас эхлэн хүнд хөдөлмөрөөр дардаг
B.Бага наснаас нь хөдөлмөрт сургах нь хүүхдийг тэвчээртэй болгодог
C.Хөдөөний ажил хөдөлмөр нь хүүхдэд бие, сэтгэл, ухааны хүч өгч, хүн болгон төлөвшүүлдэг
D.Хөдөөний хүүхэд тоглоомоос илүү ажилд дуртай
E.Хүүхдийг хөдөлмөрт сургах, хөдөлмөрч хүн болгоход хөдөөний амьдрал чухал нөлөөтэй
6. “Үдэш залсан адуу нь өглөө нь илхэн харагддаг”-ийн учир юу вэ?
A.Адуу нь хол явдаггүй учраас В. Тал нутаг нь уужимхан учраас
С. Өвс ногоо багатай учраас D. Шинэ газар буусан учраас
E. Худаг ус ихтэй учраас
7. Өгүүлбэрүүдийн дүрслэх ур маягийг зөв харгалзуулаарай.
1. Тэнгийн булан даахуйц эр а. зүйрлэл
2. Боргоцой борхон гар b. хүншүүлэл
3. Ертөнцийг алган дээрээ цэгнэх c. тойруулал
4. Уул ус их юм шивнэн хэлж өгдөг d. хэтрүүлэл
5. Өөрөө одон авсан юм шиг баярлана е. адилтгал
А. 1c2e3d4b5a B. 1b2a3d4e5c C. 1e2d3c4b5a D. 1d2c3a4b5e E. 1e2a3c4b5d
8. Эхэд ямар санааг дэвшүүлэн тавьсан байна вэ?
A.Төрсөн нутаг сэтгэлд уяатай байдаг В. Монгол зан төрхөө алдчихгүй юмсан
B.Хот хөдөөгийн ялгаа ихсэж байна С. Малын захад өссөн хүн болхи толхи байдаг
E. Хөдөөгийн хүн малд хайртай байдаг
9. Өгүүлэгч яагаад хөдөө рүү бие сэтгэлээрээ тэмүүлээд байна вэ?
A. Хөдөө төрсөн ах дүү нь байгаа болохоор
B. Мал хөрөнгөө орхиод ирсэн болохоор
C. Нутагтаа чулуун тоглоомоо өрөөстэй нь орхисон учраас
D. Үдэш шандан дээр очиж морио услаад мордох сайхан байдаг учраас
E. Угаас хөдөө төрж өссөн, хөдөөгийн араншинтай учраас
10.Үгсийн утгыг ажиглаад насны эрэмбээр нь зөв байрлуулсан хэсгийг олоорой.
А.Балчир нас, тэнгийн булан даахуйц, боргоцой бяцхан гартаа харандаа барьсан, гарын бяд суугаагүй, эр хүн болох, дөчин насны дөрөө
В. Балчир нас, боргоцой бяцхан гартаа харандаа барьсан, тэнгийн булан даахуйц, гарын бяд суугаагүй, эр хүн болох, дөчин насны дөрөө
C. Боргоцой бяцхан гартаа харандаа барьсан, балчир нас, тэнгийн булан даахуйц, гарын бяд суугаагүй, эр хүн болох, дөчин насны дөрөө
D. Балчир бага, боргоцой бяцхан гартаа харандаа барьсан, гарын бяд суугаагүй, тэнгийн булан даахуйц, эр хүн болох, дөчин насны дөрөө
E. Гарын бяд суугаагүй, балчир нас, тэнгийн булан даахуйц, боргоцой бяцхан гартаа харандаа барьсан, эр хүн болох, дөчин насны дөрөө
ХОЁРДУГААР ХЭСЭГ [20 оноо]
2.1. Дараах сэдвээс сонгон эх зохион бичнэ үү? Бичихдээ эхийн сэдэв, агуулга, бүтэц, хэв шинж, найруулга зүйн шаардлагыг
сайтар тооцоолж, баримт мэдээлэл, уран дүрслэлээр баяжуулахыг зөвлөж байна. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй,
гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/
“Эх нутаг ” “Заавал очиж үзмээр газар”
САЖА БАНДИД
ГУНГААЖАЛЦАН “САЙН ҮГТ ЭРДЭНИЙН САН СУБАШИД”
НЭГ. МЭРГЭДИЙГ
ШИНЖИХҮЙ
Ухаантан мэргэд эрдмийн сан эзэгнэвч
Увидас билгийн ном хаа холоос зөөнө
Усан далайн сан хэмжээлшгүй их боловч
Урсгал мөрөн бүгдийг хурааж авах мэт/1/
Аж төрөгч эрдэмтэй, эрдэмгүй хүмүүсээс
Авах гээхийн ухаан сурсан нь мэргэн бөгөөд
Атга шороонд холилдсон төмрийн үртсийг
Алдалгүй ялган авдаг соронзон мэт болой/2/
Үнэн үгт сургаал айлдахад
Үхээнц тэнэгүүд чихэн дүлий
Үүлгүй тэнгэрт наран ургахад
Үхээрийн шувууд нүдэн балай /3/
Оюун билигтэн гэмээ арилгана
Олиггүй мунхагууд яаж чадах вэ?
Огторгуйн гарьд могойг устгана
Орилоо хэрээ яаж чадах вэ?/4/
Ухаантан мэргэд эдээр гачигдавч
Улмаар оюун билиг нь нэмэгдэнэ
Уулын хаан арслан өлсөвч
Удалгүй зааны толгойг тасдана/5/
Хэрэв мэргэдтэй мэтгэлцэж асуугаагүй бол
Хэн ч түүний мэдлэгийг цэгнэхгүй
Хэнгэргийг дохиураар дэлдэж цохиогүй бол
Хэзээ ч тэр бусдаас ялгарахгүй мэт/6/
Маргааш үхэх байсан ч эрдэмд суралцвал
Магад энэ насанд мэргэн болшгүй нь лавтай ч
Манан будантай орчлонд эргээд төрөхийн цагт
Мануулж сахиулсан хөрөнгөө буцааж авахтай адил/7/
Тасархай ухаантан эрдэм төгс бол
Таних танихгүй хүмүүс өөрсдөө цуглана
Тансаг үнэрт цэцэгс хол оршивч
Тал бүрээс зөгийн сүрэг шавах мэт/8/
Учир шалтгааны эрдэм бүхнийг сурвал
Угаас ганцаараа байвч ертөнцийг гийгүүлнэ
Ухаан муут хүмүүс олноороо цуглавч
Уудам дэлхийг үл гийгүүлэх одод мэт/9/
Буян номын эрдэмд сайтар боловсорсон ч
Бусдын өчүүхэн төдий эрдмийг ч бүү орхи
Бүтээл туурвилаа энэ мэтээр үйлдэж явбал
Бүхнийг мэдэгч мэргэн болоход хялбар болой/10/
Ухаан бодлоо шинжиж явбал
Учрах дайсан олон ч дийлдэхгүй
Урьд нэгэн хотын тайж ганцаараа
Урнаар дайсныг дарсан үлгэр мэт/11/
Ухамсар муутны хэлцэл мухардахад
Ухаантан мэргэд аргаар эвлэрүүлэх нь
Ундны ус хор буртгаар бохирдох цагт
Увдис ихт чандмань ариутгах адил/12/
Оюун төгс хүмүүн арга мухардавч
Олиггүй тэнэгийн зан үйлээр явдаггүй
Орсон бороо тосогч шувууд цангавч
Огтоос шавхай шалбааг амсахгүй мэт/13/
Авьяас билигтэн хэдий хууртавч
Албан хэрэгтээ хэзээ ч
мунхрахгүй
Амьдрагч шоргоолж нүд муутай ч
Аливаа нүд сайтаас шаламгай мэт/14/
Оюун төгс хоёр хүн хэлэлцвэл
Онцгой сайн шийдэл гарах учиртай
Огторгуйн хөх өнгө шартай хосолбол
Огт цоо шинэ, өөр өнгө үүсэх мэт/15/
Оюун билиг, буян заяа хосолсон хүн
Олон түмэн ардыг ганцаар дагуулна
Ойн араатны хаан арслан хийгээд
Орчлонг танигсдад
нөхөр хэрэггүй/16/
Арга ухаанаар агуу хүчийг ч
Ахуй хэрэглээндээ ашиглаж болно
Агаараар нисэгч гарьд чадалтай ч
Архад түүнийг хөлөглөсөн үлгэр бий/17/
Энэ орчлон хийгээд чанадын ертөнцөд
Энх амгаланг бүтээгч нь сэтгэл болой
Эртний Саран хааныг сэтгэл оюунаар
Энэ ба хойд насыг нь аварсан үлгэр мэт/18/
Бяр чадал баатар зориг ихтэй ч
Бодлого ухаан дутвал дээш гарахгүй
Боломж завшаан таарч баян болсон ч
Буян заяа дутвал удаан тогтохгүй/19/
Уураг сүүг үнээнээс хэн ч саана
Ухаан хийгээд гэм хоёрыг хэн ч ялгана
Уснаас сүүг ялгадаг галууны үлгэр мэт
Улмаар холилдсоныг ялгавал мэргэн/20/
Зааж сургаад залж хөтөлбөл
Зарим адгуус ч юмыг ойлгоно
Захиж сануулж, хэлээгүй байхад
Заяаны ухаанаар мэдсэн нь мэргэн/21/
Байцааж шалгаахгүйгээр ухаантай хүн
Байр байдлаас нь бусдын санааг мэднэ
Балбын сайн анарыг амсаж үзэхгүйгээр
Барааг нь хараад амтыг мэдрэх мэт/22/
Өссөн нутагтаа суусан мэргэдээс
Өөр газарт очсон нь илүү хүндтэй
Өнгөт эрдэнэ үнэтэй зарагддаг ч
Өөрийн аралдаа үл борлогдох мэт23/
Идэвхит хүн суралцах үедээ зовно
Идээд, зүгээр суувал эрдэм сурахгүй
Илүү амар, өчүүхэн цэнгэлд шунавал
Их амгалангийн жаргал олж үзэхгүй/24/
Оюун билиг хурц бол бие жижиг ч
Омог бардам дайсныг ч ялж чадна
Ойн араатны хаан хүчит арсланг
Овжин туулай хялбархан дарсан үлгэр мэт/25/
Амьтан хүн ялгалгүй ханилах
Арга ухаан сурсан нь мэргэн
Адгуус амьтан ч ижил төрлийн
Аймаг омогтоо зохицдог бус уу/26/
Өөрт лавтай тохиолдох явдлыг
Өмнөөс шинжиж тооцсон нь мэргэн
Өнгөрсөн хойно бодсон
нь мунхаг
Өтөл мунхаг, мэргэдийн ялгаа тэр/27/.
Тэргүүлэгч мэргэд судалсан зүйлийг
Тэнсэж ухаарсан хүн цэцэн болой
Тэмээ, үхрийн насыг ялгах төдийд
Тэнэгүүд сурамгай ч тэр нь эрдэм биш/28/
Тэнгис далайн сав усаар үл ханана
Төр засгийн сан хөрөнгөөр үл ханана
Таашаал эдлэснээр сэтгэл үл ханана
Танин мэдэгч сургаалаар үл ханана/29/
Ашиг тустай бол хүүхдийн үгийг ч
Анхаарч сонсох нь ухаантны явдал
Анхилуун үнэртэй тул хүдрийн заарыг
Адгуусны хүйснээс салгаж авах мэт/30/
ХОЁР. ДЭЭДСИЙГ
ШИНЖИХҮЙ
Агар зандны анхилам үнэрийг
Арван зүгт түгээх салхи мэт
Алаг хорвоогийн мөн чанарыг
Алтан дэлхийд мэргэд зарлана/31/
Үнэнч хүн засаг тэргүүлбэл
Үйлс бүтэж ард олон жаргана
Үнэт эрдэнээр тугаа тахьвал
Үүрдийн амгалан ирнэ гэдэг/32/
Өөдгүй муу ноёны иргэд
Өөр эзний ивээлийг дурсана
Өндөр халуурч томуу тусвал
Өөрийн эрхгүй хүйтэн ус хүсэх мэт/33/
Ширүүн догшин ноёны иргэд
Шинээр аврагч өөр эзэн хайна
Шулам зэтгэрт хорлогдсон хүн
Шившлэг тарины хүчинд итгэнэ/34/
Шударга хүн өчүүхэн гэмийг жигшдэг
Шунахай бусармаг их нүглийг ч тоохгүй
Шинэ сүү гашилгагч
халуун агаар харин
Шимийн айраг исгэхэд нэмэр болох мэт/35/
Боловсрол сайтай хүн ядуурвал
Боломж, чадвар нь улам ихсэнэ
Бамбарын галыг доош нь баривал
Бадрах дөл нь дээш цорволзох мэт/36/
Үлэмж ухаантан алсад суувч
Үр хүүхдээ эрдмээр тэжээнэ
Үүл манан тэнгэрт оршивч
Үр тариаг сайтар тэтгэх мэт/37/
Орчлонгийн амьдралд нэр хүнд чухал
Ондоо ертөнцөд үйлдсэн буян тустай
Огт энэ хоёргүйгээр хөрөнгө хураах нь
Оюунлаг хүний эрхэмлэх зүйл биш ээ/38/
Алсын хараатай бөгөөд сэрэмжтэй
Асар тэвчээртэй бөгөөд зүтгэлтэй
Ажилд сайн бөгөөд хичээнгүй бол
Ард гаралтай ч удирдагч болно/39/
Өглөгийг үргэлж
сэтгэлээс баривал
Өгөөмөр алдар нь салхи мэт түгсээр
Өглөгт цугларсан ядуусаас ч илүү
Өглөг өгөгч хүмүүс нэн олширно/40/
Өгсөн зүйлсээ буцааж
нэхдэггүй
Өөдгүй басамжлалыг ч тоодоггүй
Өчүүхэн тусыг ч мартдаггүй бол
Өгөөмөр дээд хүний шинж мөн/41/
Эрдэмт хүний чадвар нь далд ч
Эрт, хожим ч нэр нь алдаршна
Эрээн цэцэгсийг нууж бүтээсэн ч
Эргэн тойронд үнэр нь ханхлана/42/
Эгэл хаан нутагтаа алдартай ч
Эрдэмтэй хүн бол хаана ч хүндтэй
Эрхэм цэцэгсийг өдөртөө таална
Эрдэнийн зүйлсийг насад шүтнэ/43/
Үртэй модны мөчир нь
арвин
Үзэсгэлэнт тогосны өд нь сайхан
Үрээ морины алхаа нь хурдан
Үнэн ухаантны үг нь дөлгөөн/44/
Ухаантан тэнэг хоёрт адилхан туславч
Урьдын явдлыг эргэн санах нь адилгүй
Устай, усгүй газарт үр суулгах адилхан ч
Ургац хураах цагт үлэмж ялгаатайг сана/45/
Тэргүүн дээдэст өчүүхэн туслахад ч
Тэтгэлэг шан хүртэх шалтгаан болно
Төөрч өлссөн хаанд ганцхан жимс өгч
Төрсөн хүү шиг нь тэтгэгдсэн үлгэр бий/46/
Алдар хүнд хүртвэл даруухан бай
Ааг омог ихэдвэл унахын шалтгаан
Анхилам үнэрт занданд хүн дуртай ч
Асааж нүүрс болговол хэн ч тоохгүй мэт/47/
Сайн мэргэд хэсэг зуур доройтвол
Сандарч тэвдэн гансрах хэрэггүй
Саран авхай хиртэж харанхуйлавч
Саатаж удалгүй гарч ирдгийг сана/48/
Энэрэнгүй сэтгэлээр бусдыг уучилбал
Эсэргүүцэгч нөхдүүд ч аяндаа зөөлөрнө
Эрт цагт нэгэн хүмүүн өршөөл үзүүлсээр
Эгэл олны удирдагч болсон үлгэр бий /49/
Ариун журамт хүн хэдий доройтовч
Алив бусармаг явдалд хутгалдахгүй
Араатны хаан арслан өлсөж явсан ч
Адгийн бөөлжис, ялгадас тоохгүй мэт/50/
Амь өрссөн хэцүү цагт ч сайн хүн
Ааш зангаа хэрхэвч хувиргахгүй
Алт, мөнгийг улайтган давтавч
Анхны өнгөө хэзээ ч алдахгүй мэт/51/
Ариун дээдсийг олиггүй иргэд
Алив муугаар хэлэвч үл хилэгнэнэ
Араатан чоно бардамнан уливч
Арслан түүнийг шоолж хөөрхийлнө/52/
Авьяас билигтэн гэмээ өөрөөсөө хайна
Арчаагүй доод хүн бусдыг буруутгана
Ан цавыг эрдэнийн чулуунаас хайдаг ч
Ахуйн түлээ модноос хэн ч хайхгүй мэт/53/
Дэвэргэж магтахад хөөрч баясахгүй
Дэгсдүүлж муулахад ч бухимдахгүй
Дэглэм журмаа өөрөө сахьдаг нь
Дээд төрөлт язгууртны шинж мөн/54/
Илт нүгэл хилэнц үйлдэж олсон
Илүү олз, өмч хөрөнгө болохгүй
Ийм явдал эрдэнэт хүнийх бус
Идэш хөөгч муур, нохойн намтар/55/
Учирсан нөхөд төгс сайн бол
Удирдагч нь ихэс дээдэс мөн
Унаа хүлэг тоног
сайтай бол
Унасан эзэн нь үзэсгэлэнтэй бус уу/56/
Эрх мэдэлтэн харьяат иргэдээ
Энэрэн тэтгэж хамгаалж явбал
Эгэл ард түүнийх нь хариуд
Эзнийхээ төлөө үнэнч
зүтгэнэ/57/
Агуу суутнууд заларсан газарт
Алив бусад нь үл
анзаарагдана
Агаар мандлыг наран гийгүүлэхэд
Асар олон одод үл харагдах мэт/58/
ГУРАВ. МУНХГИЙГ ШИНЖИХҮЙ
Уршигт муу хүн гэнэт баяжвал
Угийн муу санаа нь улам өснө
Уулын хүрхрээ саадтай учравч
Урсгал нь доош буухыг эрмэлзэх мэт/59/
Угаас муу хүн сайнаар үзэгдвэл
Уран мэхээр залилж буйн шинж
Урвуулж будсан шил ба шаазан
Усанд норвол будаг нь арилах мэт/60/
Зөрүүд тэнэгийн үйлс сайнаар бүтвэл
Зөвхөн тохиолдол болохоос авьяас биш
Зөгий, аалз тэргүүтэн үүр, тор нэхэх нь
Зөн билиг болохоос арга ухааных биш/61/
Хаад дээдсийн бүтээл туурвилыг
Харанхуй мунхгууд нэгэн цагт устгана
Хавар зун шамдан ургуулсан тариаг
Хар салхи хоромхон зуур сүйтгэх мэт/62/
Хамгаас муу хүмүүс
өөрийн үйлдлээр
Хамааралгүй өөр бусдад хор хүргэнэ
Хар хэрээний хүүр зулгаасан хошуу
Хаа газрын ариун бүгдэд хүрэх мэт/63/
Итгэлгүй хүн алба хашвал
Их хэргийг саатуулах гэмтэй
Ихэмсэг үнэг хаан болсноор
Ижлээ зовоож алагдсан мэт/64/
Адгийн мунхаг жаргалд шунаж
Алсдаа өөртөө зовлон хураана
Ад зэтгэрт баригдсан хүмүүс
Амьдралаас уйдаж үхлийг хүснэ/65/
Өчүүхэн мунхаг, хэт шударга бол
Өөрөө хохирч, бусдыг хорлоно
Өндөр мод түрүүлж тайрагдах ба
Өөгүй сум алсаас сүйтгэх мэт/66/
Өөрийн хэргийг илүүд үзэгч
Өлссөн араатнаас ялгаа юун
Өвсөөр хооллогч мал адгуус ч
Өрөөлийн төлөө зүтгэх бус уу/67/
Үр ашиг, хохирлоо ч ялгадаггүй
Үнэн, зөвийг ч хайхарч үздэггүй
Үмх хоолоор хоног өнгөрөөгч
Үсгүй л болохоос гахай мөн/68/
Дүйнгэ тэнэгүүдийн дунд баясаж
Дэг журамтны дэргэд мэгдэгч нь
Дэл, сүүл, омруугүй л болохоос
Дээд эрүүндээ шүдтэй үхэр мөн/69/
Хаана хоол байна тийшээ гүйгч
Хаана ажил байна тэндээс зугатагч
Хашгирч наадахаас бусдыг үл мэдэгч
Хавчих сүүлгүй болохоос нохой мөн /70/
Бодын мөр усаар дүүрэх хялбар
Богдын гэр эдээр дүүрэх хялбар
Бага талбайд үр цацах хялбар
Балчир хүүхэд хөөрч баясах хялбар/71/
Гажиг зөрүүд бөгөөд сагсуу бол
Гавьяа шагналд хүрсэн ч унана
Ганц шарын арьсыг басамжлан
Газар нутгаа алдсан шулам мэт/72/
Ухаан муутан хонзон санавч
Уурлаж бухимдахаас цаашгүй
Уяатай нохой дайсныг харавч
Улин хуцахаас хэтрэхгүй мэт/73/
Хэрэгтэй цагт өөрөөсөө харамлан
Хэрэглэж эдлэх жаргал үл амсагч
Хэрэн тэнүүлчийн хураасан зүйлс
Хулганы хөеө мэт хоосрох гэмтэй/74/
Саваагүй тэнэгүүдийн дунд мэргэд
Сармагчин баригчаас доорд үзэгдэнэ
Сармагчин баригч дайлуулж суухад
Саруул ухаантан ганзага хоосон явна /75/.
Өөрөө эрдэм сураагүй зарим хүн
Өрөөл бусдын мэдлэгт атаархана
Өвөл тариа ургавал ашигтай байтал
Өлсөх ёр гэж цээрлэдэг улс бий/76/
Буруу явдалд дадсан зарим хүмүүс
Бусдын зөв үйлсийг муулж ярилцах нь
Булчирхай нь томроогүй бол арлынхан
Бие эрхтэн дутуу хэмээн
бодох мэт/77/
Хог ухаж хов зөөгч адгийн хүмүүс
Хоорондоо нийлж бусдыг муулах нь
Хол чанадын “ганц хөлтний“ ертөнцөд
Хоёр хөлтэй хүнийг харвал жигших мэт/78/
Сахилга журмыг зөрчигч хүмүүс
Сайн явдалтны үйлийг гайхах нь
Сагсгар нохой толгойт харь хүмүүс
Сайхан эрийг эм гэж шоолох мэт/79/
Сүрхий луйвраар завшигч хүмүүс
Сүсэгтэн мэргэдийг басамжлах нь
Сүрэг сармагчин хүн барьчихаад
Сүүлгүй юм байна гэж инээлдэх мэт/80/
Үйлийн үрийн золиосоор зовлон амсагч
Үнэн ухаантан
тэнэгүүдийн дунд хэсэх нь
Үзэсгэлэнт сайхан цэцэгс салхинд хийсээд
Үүдний хогийн саван дотроос үнэртэх мэт/81/
Хилэнцэт муу явдлыг даган дуурайж
Хичээнгүй сайн үйлсээс зайлсхийгч
Хэнэггүй муу хүмүүс, усны шүүр мэт
Хэрэггүй хог аваад хэрэгтэйг алдана/82/
Хортой хоргүй үйлсийг мэдэхгүй байж
Холч ухаантан мэргэдээс зугтан зайлж
Хоол унд төдийхнээс хэтрэхгүй бол
Хоёр хөлт адгуус хэмээн хэлэгдэнэ/83/
Өчүүхэн ухаантан олноороо цуглавч
Өргөн далайцтай үйлс бүтээж чадахгүй
Өвс ургамлыг хэдий олноор нь баглавч
Өндөр байшингийн нуруу болоход бэрх/84/
Битүү таамгаар бүтсэн ажил хэргийг
Билиг ухааных хэмээн хэн бодох вэ?
Бидүү модны хорхой идсэн мөрийг
Бичиг үсэг хэмээн хэн тооцох билээ?/85/
Явуургүй ухаантны бодлогогүй үг
Явах замаа мэдэхгүй хурдан морь
Ялалтын зэвсэг хурц илд тэргүүтэн
Ямар ч хүнд туслахыг таахын аргагүй/86/
Оюун билиг мөхөс мунхаг хүмүүс
Олноор цуглавч дайсанд дийлднэ
Омог бардам хүчит зааны сүргийг
Овжин туулай дийлсэн үлгэр мэт/87/
Салан задгай хүнд шилжсэн хөрөнгө
Салхинд хийсэх мэт замхрах нь элбэг
Саалийн үнээний сүү хэдий их боловч
Саасны сүүлд тугалд оногдох нь бага/88/
Арчаагүй мунхаг зарим хүмүүс
Авьяас билигтнээс зайлж холдоно
Алтан наран орчныг гийгүүлэхэд
Ад зэтгэр нүүр буруулан зугатах мэт/89/
Харгис муу хүнд эд хогшил байвч
Хайрлан туслах сэтгэл төрөхгүй
Хөөрхий тэр эд хөрөнгөө дарсаар
Хөеө хураасаар үхэх хулгана мэт/90/
Эргүү мунхгууд цугласан нутагт
Эрдэм төгс хүмүүн хүндлэгдэхгүй
Эрээн хорт могой чуулсан газрын
Энд тэнд зул асаавч гэрэлтэхгүй/91/
Хангалуун хөрөнгөтэй ч заяа муут
Харамласаар өөрөө ч
үл хэрэглэнэ
Хар хэрээ боловсорсон жимс идэвч
Хамуу цэврүү тусаж шаналах мэт/92/
Ганцхан бусдын дэмээр амьдрагч хүн
Гарцаагүй нэгэн цагт доошилж сүйрнэ
Галуунуудад дамнуулж ниссэн мэлхий
Газар унаж бэртэж үхсэн үлгэр мэт/93/
Үнэн худлыг ялгаж ач
хариулдаггүй
Үнэхээр тансаг үгсийг ойшоодогггүй
Үзсэн харснаа дахин дахин асуугч бол
Үйлс муутай аялдан дагалдагч
мөн/94/
Аймхай хулчгар амаар дайсныг дарж
Алсаас харвал дэмий орилон хашгирч
Алалдах талбарт алгаа хавсран мөргөж
Ар гэртээ очвол бардамнан чалчигч мөн/95/
Аливаа зальтан ам хэлээрээ тэргүүлж
Амлалтаа хэрэгжүүлэх цагт хойш сууна
Аргагүй шаардлага тулгарвал өвчин хэлж
Алалдах тулаанд орвол сургагч болно/96/
Арчаагүй тэнэг ялалтад бардамнаж
Алдаж буруудвал хамтрагчаа зүхэж
Ажлын зөвлөлгөөнд маргаан дэгдээж
Албаны нууц мэдвэл далдуур тараана/97/
Халз тулалдааны үед дэмий гүйж
Харгис дайсантай учирвал нуугдаж
Ханилсан нөхөддөө хөнөөл учруулж
Хамаг зэвсгээ алдвал урвагч мөн/98/
Ид тулалдааны үеэр ард үлдэж
Илт ялсны дараа тэргүүнд гарч
Идээ ундаа харвал шүлсээ залгин
Илүү хөдлөхгүйг хичээгч зальтан/99/
Өөдгүй муу хүний ааш занг
Өгүүлээд байвал баршгүй ч
Өмхий хог новш ухахаа зогсъё
Өтгөн ялгадас үнэрлэхээс жигшье/100/
Уруулаа хөдөлгөж дохио зангаа өгөх
Уулзаж ярилцвал нүдээ ирмэн алиалах
Учир явдлыг сонсохдоо ёолж маяглах
Уг муут хүмүүсийн шинж ийм болой/101/
ДӨРӨВ. НИЙТИЙГ ШИНЖИХҮЙ
Ухаантан мэргэд хөрөнгө багатай ч
Уг муут баяныг нэр алдраар дарна
Уурласан барсын хүрхрэх дуунд цочиж
Ургаа модноос бич өнхрөн унах мэт/102/
Урагшгүй мунхгийн эрдэм илхэн
Ухаант мэргэдийн эрдэм нууцхан
Усны мандал дээр хог новш хөвж
Уг ёроолд нь эрдэнэ орших мэт/103/
Ухамсар дорой хүмүүс омогтой
Ухаантан мэргэд аядуу зөөлөн
Уулын горхи үргэлж шуугиантай
Усан далай намуухан дөлгөөн/104/
Балагт муу хүмүүс дээд язгууртныг
Басамжлан зэвүүцэж элдвээр муулна
Бар, арслан үнэгийг хөөрхийлөх атал
Башир үнэг өөрсдийгөө хорлох мэт/105/
Мэргэд хилэгнэвч хүлцэл өчвөл өршөөнө
Мунхгийн өмнө сөгдвөл улам ширүүснэ
Мөнгө ба алт хатуу ч халаавал шингэрнэ
Муу нохойн баас халуунд өмхий нь ихсэнэ/106/
Мэргэдэд элдэв зүйл эрдэм болно
Мунхагт элдэв
зүйл гэм болно
Молор эрдэнээс хэрэг тус гарна
Могойн хэлнээс хор хөнөөл гарна/107/
Олиггүй муу хүн аглагт бясалгавч дордоно
Оюун билигт, олонтой бужигнавч суралцана
Ойд амьдрагч араатан амьтад догшин
Омголон морь ч суурин газарт номхон/108/
Ухаантан өөрийн гэмийг шинжнэ
Уваагүй тэнэгүүд бусдыг муулна
Уран тогос өөрийгөө эргэцүүлнэ
Ууль шувууд муу ёрыг зөгнөнө/109/
Сайн хүн зөөлнөөр бусдыг жаргаана
Сагсуу хүн ширүүлж бусдыг зовооно
Сайхан жимст мод бусдад тустай
Сайтар хатсан мод бусдад халтай/110/
Амжилт олох цагт бүгд төрхөмсөж
Алдаж доройтвол бүгд дайсагнана
Алт эрдэнэстэй газарт холоос цуглаж
Аргаж хатсан нуурыг
орхиж нүүх мэт/111/
Харамч мунхагт эд баялаг жаргал
Хайрлан энэрэгч хүнд өглөг жаргал
Хамуу өвчтэй хүмүүст маажих жаргал
Хал үзсэн хүн өвчнийг аюулд бодно/112/
Дээдэст хорлол сэрэмж төрүүлнэ
Дэндүү мунхагт бол аюул учруулна
Дэгдсэн их түймрийг салхи хөгжөөж
Дэнгийн өчүүхэн гэрлийг унтраах мэт/113/
Энэ нь нөхөр, тэр нь дайсан гэж
Эргүү тэнэг ижил нөхдөө ялгана
Эрхэм дээд хүн бүгдийг хайрлаж
Эгэл олонд туслахыг эрхэмлэнэ/114/
Боловсролтой хүн эрдэмд дурлана
Бардам тэнэгүүд сургаал сонсохгүй
Бал түүгч зөгий цэцгэнд дурладаг ч
Баас шимигч ялаа цэцгийг тоохгүй/115/
Мэргэд мэргэдийн дунд үзэсгэлэнтэй
Мулгуу тэнэгүүд ухаантныг үл тооно
Мэдээж алтаар үнэлэх зандан модыг
Мэдэхгүй хүн шатааж нүүрс болгох мэт/116/
Өөдлөн дэвшигч хүн өөрийгөө цэнэнэ
Өчүүхэн оюут бусдыг таамгаар дууриана
Өтөлсөн нохой чимээнээр дэмий улихад
Өөр ноход түүнийг дагалдаж хуцах мэт/117/
Хэрсүү ухаант ядарч доройтовч
Хэрэгтэй үгсээр нөхдөө баясгана
Хэтэрхий мунхаг мөнгөтэй болмогц
Хэрүүлийн галаар бусадтай тэмцэнэ/118/
Хүмүүсийн зарим нь дэмий ярина
Хүлээцтэй бусад нь чимээгүй хийнэ
Хөгширсөн муу ноход дэмий хуцна
Хөх дэглий, муур сэмээрхэн мөлхөнө/119/
Буянт сайн хүн хэдий маргавч туслана
Буруу санаат хүн нөхөрлөвч харшилна
Бурхан сахиус догшин ч амьтныг аварна
Буг чөтгөр инээж байгаад алсдаа хорлоно/120/
Үнэт эрдэнэ шиг үнэнч сайн нөхөд
Үүрд ханилавч хувирч өөрчлөгдөхгүй
Үйлс муут хүн дүүжин даажин шиг
Үл ялих төдийхөнд гуйвж дайвна/121/
Үзэл нэгтнүүд алсаас ч биесээ дэмжнэ
Үл зохилдох хүмүүс ойртвол тэмцэлднэ
Үндэс нь шаварт оршивч үзэсгэлэнт лянхуа
Үргэлж нарны гэрлээр тэтгүүлж ургадаг/122/
Эрдэм сонсогч даруухан бол
Эрхэм дээд чимэг тэр болой
Эгэл даруу зангаа гээсэн хүн
Элдэв муу үгэнд дарагдана/123/
Эрдэмт хүн, гуйлгахгүй сурснаа заана
Эргүү мунхгаас асуувч хэлэх юмгүй
Энэрэлт хүнтэй мөчөөрхөвч өс санахгүй
Эрлэгийн эзнийг тахивч амь авах мэт/124/
Санаа тавьж нэгнийг хамгаалавч
Сац бас өөр нэг нь хохирох гэмтэй
Сарны гэрэлд сараана дэлгэрэвч
Сайхан лянхуа навчаа хумих мэт/125/
Хилэнц нүглээр хэргээ бүтээхийг
Хиргүй сайн үйлстнүүд таалахгүй
Хичээж чармайсаар аргагүй алдвал
Хилсээр гэмд бодох мэргэд байхгүй/126/
Эд хөрөнгөөр гэнэт баяжих олзтой ч
Эргэж заримд нь хор болох талтай
Эрүүл гүү хээлтвэл унагалах лавтай ч
Эрлийз луус хээлтвэл аминд нь халтай/127/
Мэргэдээс холдох хэцүү, ойртох хялбар
Мунхгаас холдох хялбар, ойртох хэцүү
Мод, нүүрс хоёрыг бутлах ба эвлүүлэхэд
Мэдээжийн хоёр өөр байдгийг санагтүн/128/
Өрсөлдөх чадвар сул ч сэрэмжтэй бол
Өстөн дайсан хүчтэй ч амар дийлэхгүй
Өөрөө хүч сайтай ч
болгоомжгүй бол
Өчүүхэн зүйлээс болж ялагдах гэмтэй/129/
Ашиг орлого нэмэгдвэл омог ихсэнэ
Алдаа хохирол амсвал ааг дарагдана
Алт эрдэнэсээ дээрэмдүүлсэн хулгайч
Амьтанд хор хүргэхээ больсон үлгэр мэт/130/
Буянт үйлс шударгаар
бүтээж явбал
Бороо хур мэт өмч хөрөнгө ундарна
Буруу луйвраар мөнгө зоос хураавч
Бусдын идэш бэлтгээд өөрөө хоосорно/131/
Шинжлэгч мэргэд түр зуур доройтовч
Шинийн саран мэт удахгүй дээшлэнэ
Шижээргүй мунхаг нэг л доройтвол
Ширгэсэн зул мэт дахиж сэхэхгүй/132/
Эрдэмтэн мэргэд дайснаа ч тэвчиж
Эцэстээ түүнийг эрхэндээ оруулна
Эргүү мунхгууд өс хонзон өвөрлөж
Элдэв зовлонд үргэлж нэрвэгдэнэ/133/
Аюултай газраас зайлагч авхаалжтай хүн
Аймхайнх биш, эрэлхэг зоригтойн шинж
Арслан ч усны үхэртэй тулалдах цагтаа
Арсгар эврээс бултах нь самбаа биш үү/134/
Дайсны байдлыг мэдээгүй байж
Дайрч довтолбол мунхгийн шинж
Дэнгийн гал уруу улайран зүтгэгч
Дэггүй эрвээхэйг баатарлаг гэхүү?/135/
Өөдгүй тэнэгүүд төрөл саднаа түйвээнэ
Өгөөмөр хүн өөрийн шүтээнээ дээдэлнэ
Өт хорхой төрүүлсэн орчноо дуустал иднэ
Өлссөн арслан ч эргэн тойрондоо халгүй/136/
Хэнэггүй тэнэг хэлэх юмаа нууж
Хэлшгүй нууцыг ч хамаагүй ярина
Хэрсүү ухаантан хэлэх үгээ мэдэж
Хэрэгтэй нууцаа амиараа хамгаална/137/
Адгийн хүн баяжвал ихэрхэх шалтгаан
Авьяаслаг хүн баяжвал зөөлрөх шалтгаан
Аргат шар үнэг цадахаараа архирч хуцна
Арслан идшиндээ цадвал тайвширч унтна/138/
Сайн хийгээд муу үйл хэргийн үндэс нь
Санааны мухар дахь төрөлхийн улбаатай
Сайхан цэцэгсийн дунд зөгий эргэлдэх ба
Саарал галуу усанд шумбахаа заалгахгүй/139/
Адгийн муу хаан дайсантай учирвал
Албат иргэд, нөхдөө шийтгэж зовооно
Аймхай хулчгар, бодлого мөхөс хүмүүс
Ажил нь бүтэхгүй бол өөрийгөө хорлоно/140/
Эрдэмт хаан дайсантай учирвал
Эр цэргүүдээ илүү халамжилна
Эх хүн, эмгэг өвчин туссан хүүгээ
Эрүүл хүүхдээсээ илүү хайрлах мэт/141/
Дээд сайн хүмүүс муутай нөхцвөл
Дэмий муу явдал нь халдах болно
Дэлгэр мөрний сайхан амтат ус ч
Давст нууранд цутгавал шорвог болно/142/
Адаг муу хүн ч сайныг дагавал
Ааш зан, явдал мөр нь засарна
Ариун бус ч хүдрийн заар түрхвэл
Анхилам үнэр ханхлуулж явах мэт/143/
Уул толгод хэзээ ч үл хөдлөх мэт
Ухаалаг хүний ааш зан тогтвортой
Ургамлын өчүүхэн хөвөн хийсэх мэт
Урвамтгай муу хүний зан хувирамтгай/144/
ТАВ. МУУ ЯВДЛЫГ ШИНЖИХҮЙ
Хуурамч хүн эелдгээр ярилцах нь
Хүндэтгэл биш, хэргээ бүтээх заль
Хөсрийн шувуу найрсгаар хөхрөх нь
Хөөрч баярлах биш, муу ёрлох шинж/145/
Зальтан эхэндээ үгээр толгой эргүүлж
Залж хөтлөсөөр төөрөгдөлд оруулна
Загасчид хууран мэхэлсэн өгөөш хаяж
Зангуу дэгээгээр олон загас барих мэт/146/
Өөдгүй хорон санаат тэнхэрч сэхэтлээ
Өгөөмөр сайн хүний дүр үзүүлж явдаг
Өргөст хорт ургамал боловсорч гүйцэтлээ
Өвсөн дунд хатгах чадваргүй хэвтэх мэт/147/
Хэтийн санаа зорилго өөр боловч
Хэлж ярихдаа тэс өөрийг өгүүлэгч
Хэтэрхий хуурмаг хүн байх бөгөөд
Хүмүүс түүнийг цэцэрхэгч тэнэг гэнэ/148/
Илтээр олон удаа хууран мэхлэгч хүн
Илэртлээ бүтэмжтэй ч эцэстээ сүйрнэ
Ирвэсний арьс нөмөрсөн нэгэн илжиг
Идэш тарианд шунаж алагдсан үлгэр бий/149/
Давуу ухаантай хүн
арга залиараа
Далимдуулан бусдыг хууран мэхэлнэ
Дагуулж яваа ямааг нь
нохой гэж итгүүлэн
Дараа нь өөрөө завшсан зальтны үлгэр бий/150/
Харсаар байтал буруу юм хийчихээд
Худал үгээр хуурч аргалагчид байдаг
Хагацаж зовсон Лхачин хараал хэлчихээд
Хорвоогийн дөрвөн үнэнг дурдлаа гэсэн мэт/151/
Товлосон бэлэн зэлэн үгтэй хэт ёсорхог
Тохьтой царайлсан бүхэнд итгэх хэрэггүй
Тогос шувуу үзэсгэлэнтэй, сайхан дуутай ч
Тоймгүй муухай хор иддэгийг мэдэгтүн/152/
Зальтан сайны дүрээр ханилж яваад
Замын эцэст гэнэт бултаж луйвардана
Захын наймаачин бугын сүүл үзүүлээд
Завсарт нь илжигний махаар хоол хийх мэт/153/
Зохисгүй муу хүн бусдын эд зүйлсийг
Зоргоороо эдлэж чинээлэг дүр исгэнэ
Зочноо хүндэлсэн үнэнч хүний дүрээр
Зориуд нөхрийнхөө хувцсыг дэвсэх мэт/154/
Эргүү мунхаг балмад
хүмүүс
Эрээ цээргүй явдлаар бахархана
Эртний омгийн дайтагч жанжин
Эцгээ алаад хэнхрэг дэлдсэн мэт/155/
Энэрэлгүй муу хүнд тус хүргэвэл
Эцэстээ гай болж, эргэж хорлоно
Эхийнхээ үс зулгаасан шаазгайн зулзага
Эгнэгт ачийг нь хариуллаа гэж бодох мэт/156/
Арчаагүй хүн бусдын ачаар дээшлэвч
Амархан мартаж өөрийгөө ихэд бодно
Агаарт үүл хуралдаж хур бороо орвол
Аргалж би, хур буулгав гэх тариачин мэт /157/
Хөөрүү тэнэг эцэг эхээрээ тэтгүүлээд
Хүч чадлаараа дээшилсэн мэт бодно
Хөгшин нохой урагдсан тагнайн цусаа
Хэмлэсэн ясны шим гэж баясан залгина/158/
Тэрс үзэлт тэнэгүүд төрлөө түйвээж
Тэс ондоо хүмүүсийг тэтгэж байдаг
Тэргүүнийг нь тасдаж сүүлэнд зүүх
Тийм солиотой хүн гэж ер байх уу?/159/
Хийрхүү мунхаг хэрэгцээндээ харамлаж
Хэрэггүй зүйлд хөрөнгө мөнгөө үрэх нь
Хурын улиралд жижиг гол горхи урсаад
Хаврын цагт ус хэрэгтэй үед ширгэх мэт/160/
Шалгарсан номтон намуун дөлгөөн
Шалихгүй мэдлэгтэн ширүүн догшин
Шар давирхайт мод шатахдаа түргэн
Шал нойтон түлээ асахдаа удаан/161/
Харгис дайсныг хатуу үйлээр дийлнэ
Хайрлаж энэрвэл яаж дийлэх билээ
Хатиг буглааг хурц мэсээр эмнэнэ
Харин зөөлнөөр оролдвол хүндрэх мэт/162/
Ахлагч ноёд улс орноо хайхрахгүй бол
Ард түмэн доройтож ядрахын шинж
Алтан наран харанхуйлж гэгээ тасарвал
Аливаа гараг эрхэстэй тохиосны шинж/163/
Дээрэлхүү харгис ноёны тушаал зарлиг
Дээвэр нуруу нь ялзарсан байшин болон
Дээрээс нурж унах хадны доор суугчид
Дэндүү ихээр айж явдаг нь адилхан//164/
Хосгүй их эрдэм чадалтай боловч
Хорон санаатай хүнээс хол явагтүн
Хорт могойн толгойд эрдэнэ оршивч
Хормойлоод авч явах хэн байх билээ/165/
Ойртож зарагдсан ч сэтгэл нь ханадаггүй
Орхиж холоос тусалсан ч харж үздэггүй
Ойр холын завсарт ч түгшүүр төрүүлдэг
Оволзсон түймэр мэт аюултай хаад бий/166/
Эзэрхэг балмад гэргий, муу нөхөд
Энэрэлгүй харгис хааныг хэн түших вэ?
Элдэв хортон, араатан бүхий ойд
Эрүүл ухаантай хүн тогтож суух уу?/167/
Эрдэж бардвал эрдэм билиг буурна
Эд баялагт шунавал нэр төр муудна
Эрхэм дотны анд нөхдөө зовоовол
Эцэстээ дагуулж явах хань олдохгүй/168/
Сайтар мэргэн зөвлөгч ховорхон
Санаа аваад дагалдагч бас цөөхөн
Сайн эмчийг олоход хэцүү бөгөөд
Санамж зөвлөгөөг нь сахих бас бэрх/169/
Авьяас чадалтай ч омог ихэдвэл
Адаг төгсгөлгүй
зовлон амсана
Араатны хаан арслан сагсуурч
Аргат үнэгэнд зарагдсан үлгэр мэт/170/
Хар хэрээний газар булсан зүйлс
Харамч муу хүнд тусалсан тус
Хатуу хөрсөнд суулгасан үр тарианаас
Харж горьдовч хэрэг болох юм бага/171/
Таньж мэдэхгүй бол хэн ч байсан
Таамгаар итгэж зөвлөлгөө өгөх хэрэггүй
Тайвшрал саатлаас осол гарах хийгээд
Тайлбар сэлтээс дайсан төрөх нь олон/172/
Өргөн дэлхийд аюултай юмс олон ч
Өс санагч хүн шиг аймшигт зүйлгүй
Өөр бусдыг сэргээн засаж болно
Өөдгүй муу хүнд үг хэлбэл дордоно/173/
Зүй зохисгүй үнэхээр муу хүнд
Зуун эрдэм заавч баясгаж чадахгүй
Зөв сайн юм бүхэнд дайсагнах нь
Зөрүүд гажиг хүний зан чанар мөн/174/
Хилэнцэт муу хүнд эрдэм сургавч
Хэрцгий хорт сэтгэл нь засрахгүй
Хичнээн дахин угаасан ч хар нүүрс
Хэзээ ч цагаан өнгөтэй болохгүй мэт/175/
Эсэргүү балмад этгээд түйвээсэн нутагт
Эрдэмтэй сайн хүн явсан ч хүмүүс айна
Эрээн хорт могой цугларсан уул хаданд
Эрдэнийн алтан дээс хэвтэвч зугатах мэт/176/
Ачтай сайн хүнийг шүтвэл авралтай
Асар муу хүнийг сонговол хөнөөлтэй
Ариун цагаан сүү хүмүүст тэжээлтэй ч
Аюулт хорт могойд өгвөл харшлах мэт/177/
Хичээнгүй зүтгэл, үнэнч сэтгэлээр туславч
Хилэнцэт муу санаат хүмүүс дотносохгүй
Хээрийн бялзуухайг барьж хоолоор тэжээвч
Хэзээ ч дасахгүй хүнээс холдохыг хүсэх мэт/178/
Үргэлж салгахыг
хичээгч муу хүн
Үнэн бат нөхөрлөлийг ч эвдэх гэмтэй
Үер усны урсгалд байнга өртөгдсөн
Үхэр чулуун хад ч хагардаг бус уу?/179/
Хилэнцэт муу үйл үйлдэгч арга зальтан ба
Хэргэм зэрэгтэн, нөхрийн гэмийг илчлэх нь
Хэдий шударга явдал боловч айдас төрүүлж
Худалч, гүтгэгч хэмээн дуудагдах болно/180/
Учиргүй хүмүүст хэлж болохгүй зүйлийг
Улс амьтанд тарааж сэрэмж алдах хүнтэй
Уулзаж ярилцах хэрэг явдал гардаг юм бол
Уг шалтгааныг дэлгэрэнгүй ярих хэрэггүй/181/
Харамч зантай, эдийн шуналтай хүнтэй
Хайр сэтгэлээр янаглавч итгэж болохгүй
Хаад ноёдод хээл хахууль өгөгч этгээдээс
Хажуу дахь шадарлагч нь илүү хөнөөлтэй/182/
Аюул зарлаж довтолсон дайсныг
Арга хүчээр ялан дийлж болдог ч
Асран тэтгэгчийн дүрээр ирэгчийг
Амар хялбархан таньж болно гэж үү?/183/
Хурц мэсний шархыг эмч анагаавч
Хорт үгний шархыг эдгээж чадахгүй
Хон хэрээ шар шувууг доромжилсноор
Хойшид үргэлж өстөн болсон үлгэр мэт/184/
Бухимдал хорслоо зүрхэндээ нууж
Бузгай сайн үгийг амаараа ярь гэж
Буруу тэрсүүдийн номонд байдаг ч
Буянт дээдсийн ёсонд харшилна/185/
Ургамлын хор үндэснээс дээш байдаг
Учирсан дайснаа үр хүүхэдтэй нь хяд гэх
Уршиг ихт муу хаадын
бодлого байдаг ч
Уучилснаар хүнийх ч өөрийн болох ёс бий/186/
Өөрийн хэргээ бүтээхийг урьдал болгогч
Өчүүхэн аминч хүнтэй хэн нөхөрлөх вэ?
Өдөр бүр арчилж тордох тариан талбайд
Өөр ургамал ургах боломж гарна гэж үү?/187/
Бусдын ачийг хариулдаггүй муу хүнтэй
Буцалтгүй бат нөхөрлөх хэн байх билээ
Будаа тариа ургадаггүй шимгүй газрыг
Бордож тордож зүтгэх хүн байна гэж үү?/188/
Адгуу тэвдүү ширүүн зантай хүн
Амархан цуцаж төдөлгүй доройтно
Ачаа тээшээ хэмхлэгч догшин шар
Ад үзэгдэж төдөлгүй өөрөө алагдана/189/
Харамч хүний талд хөрөнгө шилжүүлбэл
Хариу нь нөгөө талдаа буцаж олдохгүй
Хавчаараар төмрийг хөдөлгөөнгүй баривч
Харин цаад төмөр нь хавчаараа барих уу?/190/
Бусдад туслах нэрээр нүгэл үйлдэж
Бусармаг явдлаар амьдрагсад байдаг
Бодь сэтгэлтний дүрээр хуурч мэхлэх нь
Буян заяанд хөнөөлтэйг мэргэд мэднэ/191/
Авсан зээлийн хүү, тулалдааны хохирол
Амьдралд үл нийцэх дэг журам, цуу яриа
Аливаа муу зүйлсийн үүссэн шалтгааныг
Арилгахыг хичээвч
аяндаа өөрөө өснө/192/
ЗУРГАА. МӨН ЧАНАРЫН
ЁСЫГ ШИНЖИХҮЙ
Өндөр албанд авлига луйвраар хүрвэл
Өргөн олноос дэмжлэг авах нь цөөхөн
Өрөөл бусдыг харахад нүд хэрэгтэй мэт
Өөрийгөө харахад “толь” чухлыг мэдэгтүн/193/
Оюун ухаан нэгэн чиглэлд хөгждөг ч
Олон талын мэргэжил эзэмших бэрх
Ойр холыг тодхон харагч мэлмийгээр
Орилоо бархирааг ч огт сонсохгүй мэт/194/
Хэрэгтэй үнэнийг хэлснээр гэм болох ч бий
Хэтрүүлж худал хэлснээр тус болох ч бий
Хэтэрхий шударга явдал хөрөнгөнд халтай
Хэдий мушгиа ч дун хадгалах өлзийтэй гэх/195/
Буян заяа дутвал сурсан эрдмээ
Буруу ашиглаж өөрийгөө сүйтгэнэ
Бузгай содон шүр сувд бүхий загас
Бусад загаснаас түрүүлж алагдах мэт/196/
Авьяас чадалтай ч хэт шүтэгдвэл
Алсдаа түүнээс хүмүүс залхана
Амтлаг идээг үргэлж хэрэглэвэл
Амархан уйдаж дургүй хүрэх мэт/197/
Зан сайтай, төлөв түвшин хүнийг ч
Залхааж зовоовол муу сэтгэл төрнө
Зандан мод хэдий сэрүүн чанартай ч
Завсар чөлөөгүй үрвэл халах адил/198/
Орон гүрний хаад олон боловч
Онол номоор төр баригч ховор
Огторгуйд гэрэлтэгч одод олон ч
Орчлонг гийгүүлэгч нар, сар ганц/199/
Цадиггүй нэгэн хорлох чадалтай ч
Цайлган зангаар тусалж бас чадна
Цаазаар авах төрийн хууль байдаг ч
Цагаатгах хууль засагт бас бий/200/
Хаан төрийн шударга ноёд
Харц олны хэргийг бүтээнэ
Харваач хүний шулуун сум
Хаана онилно түүнээ тусна/201/
Үндсэн засаг иргэдээ эс хайхарвал
Үнэхээр мэргэн хүн ч дээш гарахгүй
Үйлийн эзэн өөрөө амиа алдсан бол
Үзэсгэлэнтэй байвч цогцос хэн авах вэ?/202/
Аливаа хэрэгт эвлэлдэн нэгдвэл
Асар бэрх үйлсийг ч бүтээж чадна
Амьдрагч шоргоолж бөөнөөр цуглаж
Арслангийн зулзага
барьсан үлгэр мэт/203/
Хүнд бэрхээс халгаж залхуурвал
Хүч чадалтай ч ядмаг
амьдарна
Хүчит заан, асар их тэнхээтэй ч
Хүүхэд багачуудад хөтлөгдөх мэт/204/
Өөрийгөө зоригжуулан хичээн зүтгэвэл
Өндөр хэргэмтнүүдээс ч илүүг бүтээнэ
Өчүүхэн цагаан лавай зориглон дайрч
Өөрөөсөө том матрыг мөргөж алах мэт/205/
Эрдэмт хүн шагналгүйгээр дээшилнэ
Эргүү мунхгийг шагнасан ч дээрдэхгүй
Эрдэнэ сувд магтаалгүйгээр зарагдана
Энгийн чулууг хэдий магтавч борлохгүй/206/
Ариун явдалт доошловч дээшлэх нь хялбар
Адгийн муу хүн дээшлэвч доройтох нь хялбар
Алтан наран үргэлж мандан бадарч байхад
Алиман саран хэлтийсээр алга болох мэт/207/
Өргөмжлөл магтаал нь хэтэрсэн төр
Өнө удаан тогтохгүй төдөлгүй мөхнө
Өндгийг агаарт шидэхэд хэсэг тэсэвч
Өнхөрч унахдаа хагарахаас өөр яах вэ?/208/
Ихэнх хүн амьтан ер ялгаагүй
Ижил төрөлдөө харшлах нь элбэг
Илчит наран огторгуйд мандахад
Ил харагдах одод үгүй болох мэт/209/
Тустай ашигтай бол дайсанд ч ойрт
Түвэгтэй гайтай бол төрлөөсөө ч холд
Тэнгис далайгаас эрдэнэ худалдан авч
Төрсөн биеэсээ хорыг туулгаар хөөх мэт/210/
Хөгжүүн сэтгэл дотоодод ялимгүй ихэсвэл
Хөдөлгөөн төрх нь гаднаа илт өөрчлөгдөнө
Хөөрч халсан усны уур агаарт илүүдвэл
Хурсан үүл шүргэлдэж луун дуу гарах мэт/211/
Янз бүрийн эрдэмтэй хүн ховор
Ямар ч эрдэмгүй хүн бас цөөхөн
Ямагт эрдэм, гэм хоёр холилдох тул
Ялгаж эрдмийг нь авсан нь мэргэн/212/
Эхэндээ дайсагнагч сүүлдээ нөхөр болох
Энхрийлэн янаглагч эцэстээ дайсан болох
Эс шингэсэн идээ ундаа шим биш хор болох
Элдэв хортой зүйлс
зарим үед эм болох мэт/213/
Аливаа улс гүрэн эвтэй бол хөгжнө
Ажил үйлс маргаантай бол доройтно
Айл гэрт хорьж тэжээсэн ч дасаж тогтоогүй
Ангир галууг нуураас хөөсөн ч эргэлдэх мэт/214/
Заяа сайт хүн хөлс төлж сурна
Залхуу хүн төлбөргүй заавч хаяна
Заслаар өвчнөөс салахыг хүсдэг ч
Зарим нь үхэхийг оролдох мэт/215/
Өөрийн эрхээр бүгд амгалан
Өрөөлийн эрхээр бүгд зовлон
Өмч хөрөнгө тэмцэх шалтгаан
Өчиг тангараг уягдах шалтгаан/216/
Сайн эрдмийг төгс эзэмшсэн ч
Сахилга батгүй бол гологдоно
Сарьсан багваахай түрүүлсэн ч
Сахал үсгүй гэж шувууд хассан мэт/217/
Бодлого ухаангүй шударга бол
Бусдыг хорлож, өөрөө ч хохирно
Бай оногч шулуун сумыг сонгож
Байн байн харвасаар хугалах мэт/218/
Олон мөрөн далайд цутгана
Оюун билиг мэргэдэд хурна
Орчны чийг ургамалд хурна
Орлого ашиг төрд цуглана/219/
Үер борооны ус, өвсний гал
Үүлэн чөлөөний наран, саран
Үйлсгүй хань нөхдийн тус бүгд
Үнэхээр хэрэгтэй үед алга болно/220/
Илт тэнэгийн яриа цөөн нь сайн
Ихэс дээдсийн явдал далд нь сайн
Ид шидийн үзэгдэл ховор нь сайн
Их чухал зүйлс үнэтэй нь сайн/221/
Хэтэрхий их хайрлаж тойлбол
Хэзээ хойно хонзогнох шалтаг
Хэрүүл тэмцэл ихэнх тохиолдолд
Хамаатан төрлөөс л
үүсдэг бус уу/222/
Эсэргүүцэлдэн маргалдагч хүмүүс
Эцэстээ нөхцөөд амраг болох ч бий
Эвдрэлцэн тэмцэлдэгч олон хүмүүс
Эвлэрэл зохицлыг олсон нь элбэг/223/
Адайр харамчийн эд хөрөнгө
Атаархан хорсогч найз нөхөд
Алсуур хорлогчийн арга ухаан
Алин алин нь хэзээ ч хэрэггүй/224/
Шунал ихт хөрөнгөнд баярлана
Шазруун омогт магтаалд баясна
Шал тэнэг егөөдөлд баярлана
Шударга хүн үнэнд баярлана/225/
Будилуу хүний сурсан эрдэм
Буурай доройн мөхөс ухаан
Буруу үзэлт ноёдын шийдвэр
Бусдад тус болох нь ховорхон/226/
Мөнгөтэй баяныг аялдан дагаж
Мөнгөгүй шударгыг адлан хаяж
Мөрөөдлийн Малая уулынх л гэвэл
Мөн, биш нь хамаагүй дурлагч олон/227/
Олон дэмий яриа гэмд унах шалтгаан
Оновчтой үг хэргээс мултрах шалтгаан
Орилон дуурайгч тоть торон дотор сууж
Огт ярьдаггүй шувууд чөлөөтэй нисэх мэт/228/
Дайсагнагч хүнийг өршөөж
Дахин давтан тус хүргэвэл
Дараа түүний сэтгэл
эргэж
Дагуул нөхөр болох ёс бий/229/
Хүч дорой бол уурлаад нэмэргүй
Хүч чадалтай бол уурлах учиргүй
Хэрэг үйлс бүтэхэд уур тусгүй тул
Хилэн нь бие зовоохоос хэтрэхгүй/230/
Хөрөнгө мөнгөнд дайсан ч зөөлрөнө
Хөлсгүй зүтгүүлбэл ах дүү ч холдоно
Хусран үнээний дэлэн хөхсөн тугал
Хойш чангааж өөр тийш зүтгэх мэт/231/
Хэчнээн их эрдэм мэдлэгтэй ч мэргэд
Хэрэг явдал бүрийг төгс мэдэх аргагүй
Хээрийн галуу усан дахь сүүг ялгадаг ч
Хөрөг дүрсийг хоол хэмээн андуурах мэт/232/
Үргэлж хайрлан тэтгэгч ноёдод
Үнэнч сайн нөхөд хялбар олдно
Үзэсгэлэнт сайхан нууранд галуу
Үргээж хөөсөн ч дахин цуглах мэт/233/
Эдээр баянд зөв хэрэглээ
Эрдэм сурагсдад даруу зан
Эрхэм дээдэст энэрэл хайр
Энэ гурав хэн бүхэнд тустай/234/
Бадралт наран өөрөө мандах мэт
Буянтай хүний үйлс аяндаа бүтнэ
Бадамлагч зул тосонд шүтэх мэт
Бусад хүний ажил зүтгэлээр бүтнэ/235/
Мэргэд дээдсийг түшсэн хүн
Мэдэлгүй ч ихэс мэт харагдана
Модны голыг ороож ургасан
Мөлхөө ургамал оройд үзэгдэх мэт/236/
Шинжлэгч мэргэдэд гэм байвч
Шимтэн суралцагч үл анзаарна
Шиврээ бороо сууцанд халтай ч
Шинэ ургацын тарианд ашигтай/237/
Хувцас, зүс сайтай ч эрдэмгүй бол
Хурц ухаантныг баясгаж чадахгүй
Хурдан, жороо биш бол сайн морь ч
Худалдаж зарахад үнэ хүрэхгүй мэт/238/
Эдээр баян нь тэнэгүүдийн дунд олон
Эрэлхэг зоригтон араатны дотор олон
Эрхэм дээд номын ухаанд мэргэшсэн
Эрдэмтэн мэргэд ертөнцөд тун цөөхөн/239/
Илүү байгаа бүхнээрээ хүн алдаршна
Их мэргэд сурсан эрдмээрээ алдаршна
Их хүчтэн бол бяр чадлаараа алдаршна
Иймд илэрхий давуу юм бүхэн эрдэм/240/
Эрдэмтэн мэргэд шүтдэг зүйлсийг
Эргүү тэнэгүүд гутаах нь үзэгдэнэ
Эзэн тэнгэрийн оройн чимэг сараар
Эсэргүү асур шулам хооллох мэт/241/
Ухаарч ойлгоогүй номын утга
Уншлага гүйцээгүй тарнийн үгс
Урагшгүй хүний судалсан зүйлс
Улмаар хэрэгтэй цагт хов хоосон/242/
Өмч хөрөнгө, оюун билиг хословч
Өөрөө залхуу бол дээшлэхэд бэрх
Өмнөх чихнээс сүүлд ургасан эвэр
Өндөр бөгөөд хүчтэй гэлцэх яриа бий/243/
Ховдог нохой, гахайд цэцгийн үнэр
Хоёр нүдгүй сохор хүнд зулын гэрэл
Ходоод муутай хүнд өөх тостой хоол
Хоосон тэнэгт дээдийн ном хэрэггүй/244/
Хамгийг мэдэгч ба шижир алт
Хатан баатар ба хурдан хүлэг
Хашир сайн эмч ба үнэт эдлэл
Хаана явна тэр газартаа тустай/245/
Оюун билиг, хүч чадал хавсарвал
Огтоос хүрч чадахгүй зүйл байхгүй
Олиггүй дайсны арван хоёр аймгийг
Орвонгоор нь устгасан Жавсэнгэ мэт/246/
Хорвоо ертөнцийн амьтны олон үрс
Хойчоо залгамжлан удмаа дууриана
Хөхөөний зулзага хувиран өөрчлөгдөж
Харцага шувуу болох нь үнэн гэж үү?/247/
Ой, уул, ус, адуу, заан хийгээд
Оюу эрдэнэ, гэрэл цацраг болон
Охин ба эрийн гадаад төрх өөр ч
Орчлонгийн юмсын гарал үүсэл нэг/248/
Буян заяат хүний хэлсэн үгийг
Буурай дорой хүн дагахад бэрх
Бурхан тэнгэрийн нэгэн зарлигт
Бусад хаад хүлэгдсэн үлгэр мэт/249/
Хувийн чармайлтаар ажил бүтдэг ч
Хураасан буянаас үлэмж шалтгаална
Худалдаачны олоогүй ховор эрдэнэ
Хуучны хаадын санд бэлэн байх мэт/250/
Хорсол, хайр нь гаднаа илэрвэл гэнэн
Хоёуланг нь дотроо нууж чадвал хашир
Хөгшин нохой архирвал зуухын шинж
Хөсрийн шулам инээвэл хорлохын шинж/251/
Эд баялгийн дээд нь өглөг
Энх амгалангийн дээд нь сэтгэл
Эрдэм номын дээд нь сонсох
Эрхэм нөхрийн дээд нь үнэнч/252/
Эд хураавч зовлон арилахгүй
Энхийг хүсэвч жаргал ирэхгүй
Эгнэгт жаргал зовлон хоёулаа
Эргэх өвөл, зун мэт ээлжилнэ/253/
Хүч чадалгүй ч сайн нэр олбол
Хүмүүс хүндэтгэн аялдан дагана
Хуруун эрихтийн нэрийг авснаар
Хуурагч ад түүнийг сахина гэлцдэг/254/
Ах дүүс ба амраг янаг цөмөөрөө
Аль эртний шалтгаант холбоотой
Асар хүчит тас, тарвага үүрч явах ба
Аймхай шар шувууг халиу тахих адил/255/
Ирээдүйд чинээлэг байхыг хүсвэл
Илүүд шуналгүй эв зохисыг хичээ
Их мөрөн гол үерлэж
халих цагт
Илт эрэг саваа эвддэгийг санагтүн/256/
ДОЛОО. ҮЛ ЗОХИЛДОХ
ЁСЫГ ШИНЖИХҮЙ
Ерийн хүн элдэв ааш гаргах
Егүзэр йогч хувцсаар ганграх
Ерөнхий сайд хүн, хувиа бодох
Ерөөс энэ гурав бол ёс бус зүйл/257/
Огт дийлэхгүй ажил үүсгэж эхлүүлэх
Олонтой дайсагнах, хүчтэнтэй маргах
Охид эмст итгэх, муутай нөхөрлөх нь
Осолдож сүйрэх таван шалтгаан мөн/258/
Хогшилгүй байж хувцас, идээ сонжих
Хоосон ядуус хэрнээ дээгүүр аашлах
Холч ухаангүй байж бусадтай маргах нь
Хошин инээдэм болох
гурван шалтгаан/259/
Өөрийн төрсөн эх орноо орхиж
Өөр гүрэнд очиж зовогсод ч бий
Өвс ургамлын улаан өнгөт цэцгийг
Өмх махтай андуурдаг чоно ч бий/260/
Өндөр хэргэм зэрэгтэнд дайсан бий ч
Өөрийн албат дотроос хорлох нь элбэг
Өтөлсөн арсланг өөрийнх нь хорхой идэхээс
Өөр амьтад зориглон халдахгүйтэй адил/261/
Ихэс дээдэс өөртөө хор хүргэвэл
Илрүүлж түүнийг аврах хэн байх вэ?
Илчит нарны гэрэлд хаалт босговол
Илт харагдах зүйл алга болох мэт/262/
Ариун номыг шүтэгч гэмгүй хүнд
Аюул учруулагч нь
адгийн амьтан
Аврал эрэгсдийг хөнөөсөн хүнийг
Айхтар баатар хэмээн хэн хэлэх вэ?/263/
Муу хүн өөрт нь харшлаагүй байтал
Мунхаглаж бусдад хөнөөл учруулдаг
Могой хэдийгээр агаар сорж цадавч
Морь мал харвал хатгахыг хүсэх мэт/264/
Аливаа тачаал эхэндээ жаргал мэт санагдавч
Амсаж эдэлсэн хойно зовлонгийн шалтгаан
Архинд донтож мансуурсан зарим хүмүүс
Аюул хөнөөлийг жаргал гэж эндүүрэх мэт/265/
Хичээл зүтгэлээр эрдэм номд суралцвал
Хэтэрхий ухаантан хэмээн хүмүүс хүндэлнэ
Хичээнгүйлэн өөрөө эрдэм сураагүй байтлаа
Хий дэмий бусдад атаархагч хүмүүс бий/266/
Хүмүүс урт наслахад дурлах мөртлөө
Хөгширч өтлөхөөс зарим нь айж явдаг
Хөгширч өтлөхгүй урт наслах хүсэл нь
Хөөрхий тэнэг хүний бүтэшгүй
үзэл/267/
Үнэн ухаантны дэргэд байсаар байж
Үг сургаал эрдмийг нь аваагүй хүнийг
Үл үзэгдэгч ад зэтгэрт эзлэгдсэн буюу
Үйлийн үрээр
мунхарсан хэмээн үзнэ/268/
Эд хөрөнгө элбэг дэлбэг байхад
Эдлэхгүй, өглөг өгөхгүй харамлагч
Эдгэршгүй сэтгэцийн өвчин туссан
Эсхүл, илтэд бирд гэгч мөн ажгуу/269/
Аливаа номын ёсыг мэдсэн атлаа
Анхаарах сэтгэл төрөхгүй явах нь
Арвай буудай элбэг ургасан байвч
Араатан огт сонирхохгүйтэй адил/270/
Үйлийн үрээр зовж
амьдрагч хүн
Үнэт эдлэл байвч хэрэглэж чадахгүй
Үнэхээр өлсөвч олсноо булагч хэрээ
Үхэн үхэтлээ цадталаа идэж чадахгүй/271/
Өглөг ба хэрэглээнд зарахгүй байж
Өмч хөрөнгөөр баярхан баясагч хүн
Өвч тайгын баялаг, алт эрдэнэсийг
Өөрийн юм шиг санаж явахтай адил/272/
Эрдэм ба эрдэм бусыг өгүүлэгч
Эрдэмтний нэр зүүгсэд олон ч
Эрхэм гүн мэдлэг төгс эзэмшигч
Энэ ертөнцөд чухал боловч ховор/273/
Залуу нас, зүс царай нь үзэсгэлэнтэй ч
Заалгасан эрдэмгүй бол гутамшигтай
Загвар төрхөөрөө тогос гоё харагдавч
Засаг төрийн ёслолд оролцохгүй мэт/274/
Бүтээл урлалаар орлуулсан хамар
Бусдаас зээлсэн ба хулгайн хөрөнгө
Багшгүй сурсан аливаа эрдэм ухаан
Байгаа нь үнэн ч хүмүүс таалахгүй/275/
Халамж асралын ач хариулдаггүй хүн
Хамгаас түрүүлж өөрөө хохирох нь бий
Хараал зэтгэр муу ёрыг зөгнөгч хүмүүс
Харин өөрөө түүндээ хорлогдох мэт/276/
Өрсөж авмаар бэлэн олз харагдавч
Өөрт аюултай газраас хэн авах вэ? Өрсөлдөгч
хуцны эврээс гоожсон цусыг
Өлөн үнэг долоох гээд мөргүүлэх мэт/277/
Хайрт янагийнхаа зүс царайг харж
Ханилсан бусад нөхдөө битгий орхи
Хан хурмаст мэт нөхөд дагуул байвч
Ханхлаад арилах гавар мэт хэврэг/278/
Шилж сонгосон нөхдөө гэнэт хаяад
Шинэ андад хэтэрхий итгэх хэрэггүй
Шар шувууд хэрээг өргөмжилснөөр
Шал дордож сүйрсэн үлгэр байдаг/279/
Буруу санаатныг
засахыг хичээвч
Бузгай сайн, дотны хань болохгүй
Буцалж буй усыг хичнээн
халаавч
Бадран дүрэлзэх гал болохгүй мэт/280/
Ямар нэгэн шалтгаанаар уурлавал
Ялихгүй ухаан зарж тайтгаруулж болно
Ямар ч шалтгаангүй байж хилэгнэвэл
Яагаад ч түүнийг засах арга олдохгүй/281/
Дайсны хүч чадлыг мэдээгүй байж
Дарахад хялбар гэж басаж болохгүй
Давжаа биетэй шувууг доромжилсноор
Далайн усыг гарьд ирж ширгээсэн мэт/282/
Хилэнц ихэдвэл хорт сэтгэл төрнө
Хийморь доройтвол муу хүү төрнө
Хогшил барагдвал хомхой сэтгэл төрнө
Хөгширч доройтвол үхлийн шинж төрнө/283/
Харш муу үйлс
үйлдээгүй цагт
Хан хурмаст ч хорлож чадахгүй
Харз булаг өөрөө ширгээгүй цагт
Хааж булавч тогтоож
болохгүй/284/
Зуун янзын хэрэг сэдэж оролдсон ч
Зорилгоо гүйцээсэн хэрэг нэг ч үгүй
Зориг зүрхгүй шантрагч хүн эцэстээ
Золбин нохойн явдлаар тэнүүчилнэ/285/
Тээж үүрэх ач хариулал их бол
Тэгш ухаантан ч замаасаа гарна
Тэрсүүдийн иш үзүүлэгч их багш
Тэнэг галзуу мэт явсан үлгэр бий/286/
Цааз журмыг зөрчигч эхэндээ ялавч
Цаашдаа өөрөө хөнөөгдөхөд хүрнэ
Цадиггүй цахлай хаа сайгүй явснаар
Цалгардаж арсланд идүүлсэн үлгэр мэт/287/
Хэтэрхий мэргэд засаг төрд зарагдвал
Хэн бүхнээс илүү сэтгээд хохирох ч бий
Хэмжээгүй олон юм санаархаж явсаар
Хэтдээ улсаа доройтуулсан хаад олон/288/
Хогшил хөрөнгө хэтэрхий хураавал
Хожим тэр нь дайсан болох гэмтэй
Хорлонтой муу юм баячуудад тохиож
Хоосон ядуус харин амгалан суух мэт/289/
Аливаа хүн асар хүч чадалтай төрснөөр
Амь насанд аюултай байдгийг санагтүн
Алалдаан тулаанд амиа алдагсдын олонхи
Аймшиггүй баатар зоригтон байдгийг мэд/290/
Эд баялаг, хүч, ухаан энэ гурав
Эдлэх хувьтай хүнд нөхөр болно
Эдлэх заяагүй хүнд эдгээр бүгд
Эргэж өөрийг нь хорлох гэмтэй/291/
Оюун билигт хүмүүс үйл хэргээ
Онцгой хянаж шинжилж явагтүн
Ороо бусгаа цагт
буянтай хүмүүс
Олны дотор цөөхөн буйг санагтүн/292/
Хашлагат цөөрмийн ус ихэсвэл
Хальж тал бүрдээ тархах адил
Хогшил хөрөнгө арвидаж баяжвал
Хойшид түүнийг хямгадах хүү чухал/293/
Ач үрс олширвол эд хөрөнгө багадна
Аль алин нь хосолбол дайсан олширно
Аливаа жаргалан хотол төгс бүрдвэл
Амь насанд халгаатай өвчин ихсэх мэт/294/
Хэн боловч буяныг санаж явагтүн
Хиргүй сэтгэл амгалангийн шалтгаан
Хэн нэгэн хүн жаргалтай амьдрах нь
Хэзээ нэгэн цагт үйлдсэн буяны хариу/295/
Үзтэл бусдыг хуурсан мэт боловч
Үнэндээ өөрийгөө мэхэлсэн хэрэг
Үг, үйлдлээр нэгэн удаа л хуурвал
Үнэн үг хэлэвч хожим итгэх хүнгүй/296/
Учир явдлын буруу зөвийг ялгалгүй
Уурын мунхгаар бусдыг хорлогч хүн
Ухаангүй хүүрзгэнэ эмээ алсан үлгэр мэт
Уулзах нөхөргүй болж зовлон эдэлнэ/297/
Ойрын бус холын ирээдүйг бодсоноос
Одоогийн үйл явдлаа шинжлэх нь дээр
Очоогүй голын сургаар гутлаа тайлснаас
Ойртож хажууд нь ирээд тайлах нь дээр/298/
Хэрэгтэй чухал ч дийлэхгүй хэргийг
Хий мөрөөдөж цаг алдаад яах вэ?
Ходоод шингээхгүй бол амттанг ч
Ховдоглож идэх хэрэг юу байх вэ?/299/
Хичээл зүтгэлгүй дэмий суугсдын
Хэтийн ба ойрын ажил бүтэхгүй
Хэдий шимт хөрс ч тордохгүй бол
Хэрэгцээт ургацаа хурааж чадахгүй/300/
Ааш зан зөөлөн номхон хүнийг
Амьтан хүмүүс зарцлахыг бодно
Аятай хөвөнлөг эд гудас болдог ч
Ацтай гишүү дэвсгэр болохгүй мэт/301/
Хөнөөлтэй уршигт муу үйлийг
Хүний хэлснээр хийгч мунхаг
Хор наймаалагчдад хэн итгэх вэ
Хоосортлоо өглөг хэн өгөх билээ/302/
Өмч хөрөнгөтэй ч ашиглахгүй бол
Өөрийгөө шатаах түлш
овоолсон мэт
Өчүүхэн зөгий цуглуулсан балаа идэлгүй
Өөр бусдад алдаж цухалдаж үхэх мэт/303/
ҮЙЛ ХЭРГИЙГ ШИНЖИХҮЙ
Аар саар зүйлийг ч эхлэхдээ мэргэд
Арга барилаа бусадтай ямагт зөвлөдөг
Амжилттай сайн бүтвэл юу хэлэх вэ?
Алдаа эрсдэлд орвол зэмлэл нь бага/304/
Хүсэл сонирхол олон янз учраас
Хүн бүхний сэтгэлд нийцэх
бэрх
Хичээнгүй бөгөөд эрдэм төгс бол
Хүмүүс цөм баярлаж түүнд ойртно/305/
Өтөлж нас ахисан хэдий ч
Өөрөө хичээж номд шамдвал
Өнөөдөр биш ч, сурсан эрдэм
Өглөг буянаас ч илүү тустай/306/
Аливаа мэргэдтэй ханилах тустай ч
Ард эгэл хүнтэй нөхөрлөх нь хялбар
Адилтгавал, устай сав үүрэх тустай ч
Амрыг бодвол, хоосныг үүрэх нь дээр/307/
Сайтар мэргэн болж чадаагүй бол
Санаснаараа хүнд туслаж чадахгүй
Саваа дүүргээгүй өчүүхэн бага ус
Савныхаа амсраас давж халих уу/308/
Тэргүүн сайн хүний явдал мөрийг
Тэнэг муугийн үйлээс ялгаж мэдээд
Тэрхүү ёс журмыг сайтар сахиж явбал
Тэгш сайхан амьдралд хүрэх үндэс/309/
Ухаантан мэргэдэд сайтар танигдвал
Урагшгүй муу хүн ч засарч сайжирна
Уйгагүй сайн сургагч тоть шувуугаар
Урт, богино үг хэлүүлж сургасан мэт/310/
Дутуу дулимаг хүч чадалтай бол
Давуу хүчтэнг бараадсан нь дээр
Дусал ус хэдийгээр өчүүхэн бага ч
Далайд нийлбэл ууршихгүй үлдэнэ/311/
Хариулах мэдлэг ухаан дутвал
Хашир ухаантнаас сайтар асуу
Халдах дайсныг гараар эс дийлбэл
Хатуу зэвсэг хэрэглэдэг бус уу?/312/
Атаархан хорсогч муу хүн ч
Аргыг нь олбол нөхөр болох
Амь сүйтгэгч хорт
бодис ч
Анагаах жоронд ордгийг сана/313/
Өөрийн хөрөнгөө дураар эдэл
Өмчлөх эрхгүй бол битгий шуна
Өндөр модны жимсийг цагт
нь ав
Өнгөрвөл, газар унаж ялзрах мэт/314/
Хайхрамжгүй явбал
ухаантан ч
Хальтирч осолдох тохиолдол бий
Хашир ухаанаар сэрэмжтэй явбал
Хаанаас тийм гэмд унах билээ/315/
Хүч чадал бүрэн төгс гүйцэтлээ
Хөнөөлт дайсны хатгалгыг тэвч
Хүрэлцэхүйц чадлыг олсон цагт
Хүссэнээ хий гэсэн сургаал бий/316/
Муу хүмүүс эелдгээр яривч
Мэргэд түүнд итгэх хэрэггүй
Муур, цахлай амьтныг барихдаа
Мярайж гэтсээр гэнэдүүлэх мэт/317/
Улс орны эзэн хилэгнэвэл
Уучлал хүсэж шүтэж суугтүн
Уруу газар хальтирч ойчсон ч
Унасан газраа түшиж босох мэт/318/
Боломжгүй зүйлд шунасан хүн
Барьц алдаж хөнөөгдөх гэмтэй
Болжморын маханд шунасан загас
Багаж дэгээнд баригдаж үхэх мэт/319/
Хамгаас чухал гурван эрдэнийг
Ханилагч дагуултай нь тахиад
Хайрлан шүтвэл, тэнгэр хийгээд
Харамч бирд бүгдээр баясна/320/
Ихэс дээдэс тоглоом наадам хийгээд
Их амгалан ба идээ ундаанд бүү шуна
Илүү их шунал тачаалын гайгаар
Идэмхий мангасын хаан алагдсан үлгэр бий/321/
Харшлах энэрэхээ мэдэгч дээдэс биш бол
Хар санаатантай хамаагүй ярилцах хэрэггүй
Ховор эрдэнэ эдлэл арилжихын адилаар
Хор хөнөөлтэй зүйл наймаалцах хэрэггүй/322/
Шинээр үүсгэн босгох төрийн сангийн
Шимтгэл татварыг хэтэрхий их авалгүй
Шоргоолжны үүр, зөгийн бал хийгээд
Шинийн саран арвидах мэтээр өсгөгтүн/323/
Хэргэм зэрэгтэн иргэдээ хохироолгүй
Хир хэмжээнд нь татвар хураагтүн
Хүжинд сал модны шүүс хэрэгтэй ч
Хэтрүүлж авбал цаад мод хатах мэт/324/
Аар саархан зүйлд уурлаж бухимдвал
Алдар хүндтэй мэргэн болж чадахгүй
Аварга могойн толгойд чандмань байвч
Айгаад хүмүүс ойртдоггүйг санагтүн/325/
Эд баялаг олохыг хүссэн ч
Эрээ цээрээ алдаж болохгүй
Элдэв луйвраар олсон хөрөнгө
Энэ ертөнцөд хэрэг болохгүй/326/
Хайрлавч халамжийг битгий хэтрүүл
Харшлавч хорлолыг битгий хэтрүүл
Халамж хэтэрвэл гомдол төрүүлнэ
Хорлол хэтэрвэл өстөн төрүүлнэ/327/
Зөөлөн зан номхонтой ч зохицно
Зөөлөн зан ширүүнийг ч дийлнэ
Зөөлөн зан бүхнийг бүтээх тул
Зөөлөн нь хатуугаас хүчтэйг мэдэгтүн/328/
Хэн нэгэн таны дайсан ч
Хэдийгээр хорлогч муу санаатан ч
Хэсэг зууртаа олонд бүү зарла
Хэрвээ зарлавал тэмцэл даамжирна/329/
Ичих нүүр ба даруу
зангаа гээсэн
Ихэс дээдэс ба доодсын ялгааг мэддэггүй
Идээ ундаа ба эд хөрөнгөнд улайрсан
Ийм бусармаг оронд битгий суугтүн/330/
Өөр улсын байдлыг судлалгүйгээр
Өмнө амьдарч байсан орноо бүү орхи
Өрөөсөн хөлөөрөө газар гишгэж тогтдог ч
Өөд нь зэрэг өргөвөл унахын шалтгаан/331
Санаагаа бүтээе гэвэл нууцал
Сайрхаж үзүүлбэл хэрэг бүтэхгүй
Сармагчин дэвхцэж
алиалаагүй бол
Сараалж торонд хоригдоно гэж үү?/332/
Гэмт үйлдлийг илт харсан хэдий ч
Гэнэдэж зохисгүй газар ярьсны хэрэггүй
Гэнэт муу ёрын явдалтай таарсан хүн
Гэмтэж өвчилдөг гэж хүмүүс ярьдаг/333/
Эгэл олны жигшил төрүүлсэн
Эд зүйлсийг бүү хэрэглэгтүн
Элдэв хог, гахай нохойн идшийг
Эрүүл хүн тоож харахгүй мэт/334/
Амин зүрхэнд тусах үгсийг
Атаатан дайсанд ч бүү сонордуул
Алгасалгүй давтах цуурай мэт хариу ойлт
Аюул дагуулсаар буцаж ирэхийг сана/335/
Хэрвээ дайснаа ялахыг хүсвэл
Хичээнгүйлэн эрдэм чадлыг ологтүн
Хэрцгий дайсны сэтгэлийг засвал
Хишиг буян өөрт аривдах болно/336/
Сайныг бодож сайн муу явдалтныг
Сахилга журмаар хашраах хэрэгтэй
Салдаггүй өвчтэй хүн өөрөө хүсэж
Салс цусаа хануулснаар эдгэрэх мэт/337/
Хортой зүйлс өчүүхэн байвч
Хойш тавилгүй арилгавал зохино
Ховил өчүүхэн бага ч ус урссаар
Хотгор гуу жалга үүсгэдэг биш үү?/338/
Үнэхээр мэргэн хүн хөнөөлтэй зүйл
Үйлдэх чадал байвч яаран хийхгүй
Үлэмж догшин заан дайсанд халтай ч
Үргэлж хааны санд уяатай байх мэт/339/
Хань нөхөртөө хилэгнэвч бүү орхи
Харийн хүнийг хайрлавч бүү итгэ
Хар хэрээ хоорондоо муудалцавч
Харин шар шувуутай нийлэхгүй мэт/340/
Том жижиг аливаа хэргийг
Тооцоо судалгаанд түшиглэж үйлд
Туулай, заан хоёрыг барих арслан ч
Тун хянуур адилхан л хичээдгийг мэд/341/
Ухаантан мэргэдээ тоохгүй улсад
Удаанаар суудаг мэргэд цөөхөн
Увидаст эрдэнийг таньдаггүй нутагт
Усан болор ч чулуу мэт борлохгүй/342/
Эрдэмт мэргэд сургаал айлдах
Эсхүл тайгад бясалгах нь дээр
Эрдэнийн чулуу титэм болох
Эсхүл далайдаа үлдэх нь дээр/343/
Суут мэргэдийг шүтэж явбал
Судар номын үйлс
хялбар бүтнэ
Сүмбэр ууланд суусан шувууд
Сүрлэг жавхаатай харагдах мэт/344/
Дээд ноёд дэндүү чадалтай бол
Дэргэдэх түшмэд дэвшихэд хэцүү
Дээшлэн мандах нарны туяанд
Дээр харагдах сар бүдгэрэх мэт/345/
Туйлбаргүй,олон санаат хүнтэй
Тулж нөхөрлөхийг хэн хүсэх вэ?
Тэнгэрийн солонго үзэсгэлэнтэй ч
Түүнтэй хөөцөлдөх хүн байх уу?/346/
Ядарч зовохыг та хүсдэггүй шигээ
Ямар ч хүмүүст түвэг бүү учруул
Ялимгүй бүтэлгүйтэлд таны сэтгэл
Яаж хямарч шаналдагаа санагтүн/347/
Хэрэг бүтвэл баярладаг шигээ
Хэн бүхнийг баясгахыг хичээ
Хүндлэлийг та хүлээдэг шигээ
Хүмүүсийг ялгалгүй хүндлэгтүн /348/
Хэрвээ харгис хүнтэй учирвал
Хэрэлдэх ба нөхөрлөхийг тэвч
Хилэгнэж уурлах, учирлаж гуйх
Хэрцгий араатныг номхотгохгүй/349/
Язгуур дээдсийг хүндэтгэж явдаг
Ялгарсан мэргэдээс ном асуудаг
Яс сайт хүнтэй нөхөрлөж чаддаг
Ямар ч хүн амгалан амьдардаг/350/
Подписаться на:
Комментарии (Atom)