Техникийн боловсрол насанд хүрэгчдийн тэнхимийн АГРО1, ОЁ-1 ангиудын суралцагдад найруулга зүй хичээлийн лекц №34
Сэдэв: ҮГИЙН САНГИЙН НАЙРУУЛГА ЗҮЙ
Аяа
миний адилаар өвөр бусдад номлохдоо мэргэн авч
Аа
хө өөр дээрээ алин юуг ч эс санаваас тун хайран
Авай
өөрөө ариун бөгөөд бусдыг ч сургамжлан үйлдвээс
Аяа
баясгалан, үнэхээр баясгалан болой.
Агваанхайдав
Үг
хэллэгийг найруулгын үүргээр нь дээд өнгө аястай, доод өнгө аястай, дундын өнгө
аястай гэж гурав ангилан үздэг. Найруулгын дээд өнгө аястай үг хэллэгт бичиг
зохиолын хэлний дээд хэм хэмжээнд тохирох үг багтдаг. Доод өнгө аястай үг
хэллэгт этгээд, завхай, бүдүүлэн үг зэрэг бичиг зохиолын хэлний боловсронгуй
найруулгад үл тохирох үг ордог. Найруулгын дээд өнгө аястай үг хэллэгт
хуучирсан үг, шинэ үг, яруу хайргийн үг, гадаад үгийг оруулан үздэг боловч,
эдгээр нь доод өнгө аястай найруулгын дотор ч байж болдог. Гэхдээ гол ерөнхий
шинжээрээ /нийтэд нь авч үзэхэд/ ном судрын боловсронгуй найруулгад байх учраас
дээд өнгө аястай үгэнд багтаан үздэг. Тухайн найруулгад орж байгаа үг нь үгийн
сангийн аль давхаргад багтаж байгаатай үгийн өнгө ялгараа нь холбоотой байдаг.
Найруулга дундын үг найруулгын үүргээрээ өнгө аяс нь аяндаа тодордог.
Эрдэмтэн
Д.Бадамдорж үгийн сангийн утга зүй нь үгийн цөм утга, шинжмэл утга, түүний
өөрчлөл хувьсал, үгийн сан утга зүйн ай: ойролцоо
утгат үг, эсрэг утгат үг, ижил үг төсөө утгат үг, төрөл утгат үг, олон утгат үг
гэх зэргээр үгс хоорондын утгын харьцаа, мөн хэлц үгийн утга, хоршоо үг,
нийлмэл үг, нэр томъёоны утгыг шинжилнэ (1.11-12) гэж ганц
сэдэвт зохиолдоо бичжээ.
Үгийн
сангийн элдэв давхаргад хамаарах үгийн найруулгын үүргийг авч үзье.
1.
Хуучирсан үг хэллэг. Орчин цагийн ярианы хэлэнд хэрэглэхээ
болиод тухайн ард тумэн нь бараг ойлгохгүй болсон тийм үг хэллэгийг хуучирсан
үг гэдэг. Үг хэллэг хуучрахдаа:
а/ Тухайн үгийн илтгэж байсан юм нь үгүй
болсноос тэрхүү үгийг хэрэглэхээ болидог. Үүнд тухайн эд юмс, үзэгдлийн
хуучирсантай холбоотой. Жишээ нь: Нум, сум,
хуяг дуулга байлдаанд хэрэглэхгүй болохоор ондотгох, занга нум, халхавч нум,
онист нум, бөмбөгөн нум, алингар, соновтор, манайвч, сөхмөл хуяг, дэлгэмэл
хуяг, мяндсан хуяг...гэх зэргийн үгийг хэрэглэхээ болив.
б/ Тухайн нэгэн
шалтгаанаар ижил буюу ойролцоо үгэндээ шахагдан хэрэгцээнээс гардаг ёсон бий.
Жишээ нь:
Агсан авах-хүүтэй зээл
авах
Годилдох-нум сум харвах
Саатах-суух, залрах-явах
Үг хуучрахдаа тэр
үгийг илтгэн байгаа бүх утгаа хадгалж байна уу эсвэл хагасыг нь хадгалж байна уу
гэдгээс үгийн хуучрал, утгын хуучрал гэж хоёр ангилдаг
Үгийн хуучрал гэдэг
нь үгийн сангийн өөр нэг ижил утга нэгжээр солигдон хуучирсан үгийг хэлдэг.
Үүнд тэмдэглэгдэхүүн хуучирснаас болж хэрэгцээнээс гарсан түүхэн үг хэллэгийг
оруулж бас болно. Жишээ нь: гар-мутар,
нүд-мэлмий, чих-сонор, хөл-бойв, үс-сэвлээ. Ийм үзэгдэл хэл бүхэнд бий. Утгын
хуучралт гэдэг нь тэр үгийг хэрэглэж байгаа боловч, түүний тэмдэглэж байсан
утгын заримыг нь хэрэглэхээ больсныг хэлдэг. Жишээ нь: годил-сумын зэвийг нэрлэдэг байсан
гэтэл одоо жингийн туухайг бас “годил” гэдэг. Хэрэг шийтгэх гэдэг нь үлдэв.
Үг хуучирна гэдэг нь тэр үг огт үгүй болно гэсэн санаа биш бөгөөд хуучирсан үг
хэллэгийг аливаа найруулгын тусгай үүрэгтэйгээр хэрэглэдэг. Түүхэн үг хэллэг нь
тухайн үеийнхээ юм үзэгдлийг илэрхийлэх бөгөөд түүхэн уран зохиолд заримдаа
хуучирсан үгийг уран санаа, уран дүрийг товойлгон дурслэх зорилгоор гол төлөв
түүхэн сэдэвт зохиолд хэрэглэж болно. Жишээ нь: Б.Ренчин “Цогт тайж” зохиолдоо “арангалах”, “жүгэли” гэх мэт
хуучирсан үгийг хэрэглэсэн нь тэр цагийнхаа ахуй заншлыг дүрсэлсэнтэй
холбоотой. Уг зохиолд: “Их цэргийн
хүрээнд амьд хүн үзэгдэхгүй болжээ. Гал түүдэг үзэгдэхгүй болов. Үхэгсдийн хүүр
цэргийн хүрээний олон гэр цачрын энд атиран хэвтэж байна. Үхсэн цэргийг ёдор
босгож, өвч хуяг зэвэгтэй хэвээр нь арангалж оршуулсан нь цувран өндөрлөж үзэгдэнэ.
Нэг арангын дэргэд зүхэл босгожээ...” гэж бичсэн
байна. Энд цачир /хуарагнан буусан цэргийн дугуй асар/, аранга /адууг битүү
өвчөөд арьсыг нь хатаасан мануухай/, зүхэл (хараал зүхлийн муу юм оруулж байхаар босгосон зэрэг
хуучирсан үгийг хэрэглэжээ. “Үүрийн туяа” романд ийм жишээ маш элбэг. Ц.Дамдинсүрэн
“Бүгдээр найрамдахыг
бид хүснэ” шүлэгтээ:
Сүмбүр уулыг утаагаар
бүрхүүлж
Сүн далайг цусаар
бялхуулж...гэх зэргээр хуучирч яваа үгийг хэрэглэв.
“Монгол нууц товчоо” УБ., 2006. (Шинээр хөрвүүлж буулгаж, тайлбар
хийсэн Ш.Чоймаа) зарим
жишээ үзье.
22. Бас Алан-гоо
таван хөвүүдээн сүегэр үг өгүүлрүүн;Та нар, таван хөвүүн, миний гагц хэвлээс төрөв. Та нар
тугаарын таван мөсөд мэт гөгц гагц болбоос тэр хижээл мөсөд мэт хэнээ бээр
хялбар хугалагдах, та нар. Тэр цугтай мэсэд мэт хамт нэгэн эвтэн болбоос хэнээ
бээр хялбар яахан болох, та нар” хэмээв.
Тийн атал Алан гоо эх анд үгүй болов. Энд гарч байгаа Сүюгэр үг-ноён сурган
хэлэх сургаал үгс, тугаарын –саяын, хэнээ бээр-хэнд ч, хадгалагдах-дийлдэх,
цугтай мөсөд-багцалж боосон сумны таван мөс мод нэгэн эвтэн-нэгэн санаатан, эх
анд-тэдний гэх мэт болой.
87. Нэгжүүлийг
одсоны хойно Сорхон шар өгүүлрүүн: “Намайг
үнсээр хийсгэж алдав. Эдүгээ эхээ, дүү нараан эрэн од!” хэмээж, ам цагаан
эрмэг хулагчныг унуулж, тэлээ хурга болгож, хөхүүр намбага засч, эмээл хэм үл
өгөн, нум хоёр сум өгөв. Төдий засч илээв. Энд үнсээр хийсгэн олдов-гал голомтыг
минь таслан алдав. Намбага-айраг цэгээ зэргийг агуулдаг мод, арьс зэргээр
хийсан суулга мэт сав, хэт-цахиж гол гарах хэрэгсэл гэх мэт үгс байна.
Хагас нь
хэрэглээтэй хагас нь хуучрах төлөвтэй хэлц үг байна. Тухайлбал: Чоно өтлөвч
ишгэндээ зөв, цорж өтлөвч догжиртоо зөв гэсэн хэлц үгний эхний хэсэг үлдээд,
дараагийн хэсэг
хуучрах төлөв орж байна. Хуучирсан үг хэллэг хайруулгын ямар үүрэгтэй вэ гэвэл:
1.
Түүхийн юм үзэгдэлийг заан нэрлэхийн зэрэгцээгээр
өнгөрсөн үеийн ерөнхйи амьсгал, дэвсгэр хөг оруулах үүргээр хэрэглэж байж бас
болдог. Жишээ нь: Б.Ринчений “Үүрийн туяа”, “Цогт тайж”, “Их нүүдэл”, Ш.Чоймаагийн ; “Монголын нууц товчооны
шинэ хөрвүүлэг тайлбар, Ц.Дамдинсүрэнгийн “Монголын
нууц товчоо”-ны орчуулга
зэрэг түүхийн сэдэвт бүтээл бий.
2.
Уран зохиолын баатарын хэл ярианы онцлогийг гарган, уг
баатрын тухай тодорхой төсөөлөл бий болгохын тулд, үг ярианд нь тэр үеийн нь үг
хэллэгийг хэрэглэдэг. Тухайн үг хэллэгийг тэр чигээр нь бичвэл ойлгогдохгүй нь
мэдээж бөгөөд зарим нэг үгийг хэрэглэснээр ерөнхий төсөөлөл төрүүлдэг. П.Мериме
“9-р Карлын
үеийн түүхэн бичиг” зохиолдоо
16-р зууны үеийн хүмүүсийн санаа бодол, зан чанарыг тэдний хэл ярианы онцлогоор
тод гаргав.
3.
Үг ярианд сүрлэг
ёсорхуу, ойр зуурын ярианаас эрс ялгаатай бичиг судрын уур амьсгал оруулах
зорилгоор хэрэглэж болдог.
Монголын хуучин
бичгийн бичлэг нь ардын аман ярианаас мэдэгдэхүйц ялгаатай байсан учраас ном
судрын найруулга гэдэг нь илт ажиглагдана. Жишээ нь: “Тэндээс шидэт хүүрийг аваад явахад тэр
хүүр өгүүлрүүн: Эс бөгөөс чи нэг хууль өгүүлсүгэй. Чи өгүүлэх бөгөөс тэргүүнээ
дохитугай. Намайг өгүүл гэх бөгөөс тэргүүнээ дохитугай. Намайг өгүүл гэх бөгөөс
тэргүүнээ гэгтүгэй /гэгэх-толгойгоо өчүүхэн дохих Ц.С/ гэхэд нь тэргүүнээ
гэгэсэнд:
-Эрт урьд нэгэн
голын эхэнд нэг маш жавхлантай оронд эр, эм хоёр байжээ. Эр нь маш муу залхуу
ажээ. Идэх уухаас ангид үйлсийг эс чадаад, өдөр шөнөгүй ямагт унтагч бөлгөө” /”Шидэт хүүрийн хуулиас гахай үзмэрчдийн дөрөвдүгээр
бүлгээс”/
Энэ үлгэрийн
хэсгээс хуучин бичгийн найрүүлга болох нь илт харагдахын зэрэгцээгээр
өгүүлрүүн, эс бөгөөс гэсэн үг, дагаврыг орчин цагийн монгол ярианы хэлэнд
хэрэглэх нь ховор болжээ.
4.
Найруулгад егөөдлийн шог хошин аяс оруулах, ёжилсон санаа
илэрхийлэх зорилгоор хэрэглэх ёс бий. В. Гюго “Парисын дарь эхийн сүм”-д Гренгуарын дүрийг тодотгоход энэ аргыг их хэрэглэсэн.
Марк Твен, Диккенсийн романд дээрх онцлог элбэг тохиолддог.
5.
Албан бичиг, ажил хэргийн зарим баримт бичиг зэрэгт
хуучирсан үг хэллэг уламжлалын байдалтайгаар үлдсэн нь хааяа үзэгдэнэ. Энэ бол
зориуд хайруулгын үүрэгтэй хэрэглэсэн гэх аргагүй юм. Аливаа найруулгыг судлан
харьцангуйгаар авч үзэх хэрэгтэй. Уг задлан үзэж байгаа бүтээл чухам хэдийд зохиогдсоныг
юуны өмнө анхаарвал зохино. Одоо хэдий хуучирсан боловч уул бүтээл гарах үед
шинэ үг байсан байж ч болно. Анхаарах нэгэн зүйл бол хуучирсан үг хэллэгийг
хүндэтгэлийн үг хэллэгтэй хутгаж болохгүй.
Найруулга зүйч
Д.Отгонсүрэн нэгэн судалгаандаа түүхэн үг хэллэг, хуучин үг хэллэг нь орчин
цагийн монгол хэлний утга зохиолын хэлэнд орохдоо хуучирсан шинжээрээ гурван
янз байна. Үүнд:
Хуучирсан үг хэллэг
мөн боловч юуг хэлсэн, юуг тэмдэглэсэн болох нь тодорхой мэдэгдэж байгаа үгс ,
Зөвхөн мэргэжлийн
хүмүүс судлаж, учир холбогдол, уг түүхийг тодруулан мэдэж байгаа үгс,
Түүхэн юмс үзэгдэл,
ойлголтыг заан нэрлэсэн үг боловч орчин цагийн монгол хэлний утга зохиолын
хэлэнд шинэ өнгө аястайгаар аль ч найруулгад орж байгаа болон орох боломжтой
байгаа үгс.
Комментариев нет:
Отправить комментарий