понедельник, 24 февраля 2020 г.


Т. ГАЛСАН “ӨГСҮҮР ЗАМЫН ДУУ
Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оорцог тоорцог толгод минь намайг өршөө
Олонцог элээгээгүй дэгдээхий насандаа би чинь
Оготно бор толгодоо уул...уул гэж эндүүрч явжээ
Оцор цацар довцог-ууд дундаа сүмбэр
Очир хэлбэрт уулс минь намайг өршөө
Отгонтэнгэр-ийн зулайг гишгэхээсээ урьд би
Оргил... Өндөр, оргил гэж уулс-аа андуурч явжээ
Овоо тахилга нь бэлийн чулуугаар өндөрлөсөн
Отгонтэнгэр их хайрхан минь намайгаа өршөө
Отго жинстэй алтайг өлмийлөхөөсөө урьд би
Огторгуйн багана гэж таныг эндүүрч явжээ
Он цагийн түүхийг мөнх цасандаа ботилсон
Онгод билгийн их алтай минь намайгаа өршөө
УНШИХЫН ӨМНӨ:
Зохиолч Т.Галсангийн намтраас өгүүлсэн доорх хэсгийг уншаад, өөрийн бодол дүгнэлтээ
нөхөдтэйгөө хуваалцаарай.
Зохиолчийн намтраас: Анхны шүлгээ 1947 онд бичиж, уран бүтээл нь 1950-аад оноос төв, орон
нутгийн сонин хэвлэлд хэвлэгдсээр 1962 онд “Төрсөн хүүгийн тань үг” анхны түүврээ гаргасан.
Гэвч уг ном гурван жилийн дараа хураагдаж улмаар шатаагдсан байна. Үүний дараа
Б.Ренчингийн “Монгол бичгийн хэлний зүй”-н гуравдугаар боть, Ц.Дамдинсүрэнгийн “ОросМонгол толь”-ийн хавсралтыг шатаажээ. Шатаалгадаг түүврээс 10 жилийн дараа хэвлэгдсэн
“Өнөр хүний зүрх” ном нь түүнийг монгол яруу найргийн гэр бүлд дахин багтаав. Тэрээр 1990
оны ардчилсан хувьсгалд ард олныг оюун санааны талаар бэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн
“Өр”, “Сталины хөшөө” зэрэг “Эсэргүү” шүлгүүдээ “Монголын дуу хоолой” сонинд
нийтлүүлсэн байдаг...
“Өгсүүр замын дуу” шүлгийг уншихдаа бадаглалын онцлогийг сайн ажиглаарай.
Од зүлгүүрддэг хималай-г давахаасаа урьд би
Орчлонгийн зулай гэж алтай-гаа андуурч явжээ
Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оорцог тоорцог толгод минь намайгаа бүү өршөө
Оосор бүчгүй сансрын уудмаас халихад
Оргил бүхний оргил нь нутгийн минь толгод л байж шүү дээ... 1982 он
Эх сурвалж: (Хаянхярваа Д... нар “Монгол найргийн сувдан эрих” УБ.,2010. х-130-131)
Үгийн тайлбар:
1. Онхол цонхол – бартаа ихтэй, хотойж гүдийсэн байдал
2. Вандан – уужим, урт
3. Оорцог тоорцог – ганцаар тусгаар (хорш үг)
4. Толгод – олон жижиг толгой, дов толгод
5. Олонцог–эмээлийн суудалд хийсэн зөөлөвч
6. Довцог – ов тов өндөрхөн газар, бяцхан дов
7. Отго жинс – ноёд түшмэдийн хэргэм зэргийн ялгааг үзүүлэхмалгайн тэмдэг, өд болон
чулуу
УНШСАНЫ ДАРАА:
Шүлгийн бүтцэд уран сайхны зорилгоор хийсэн давталт, дахилт, хэмжээ тохируулах
зорилгоор ашигласан нугалбар болон хөг эгшиг, айзам хэмнэл, бадаглалын тухай онолын
нарийн ойлголтууд бий. Үүнийг Т.Галсангийн “Өгсүүр замын дуу” шүлгийн бадаглалын
жишээн дээр багштайгаа хамтран ажиглалт хийж мэдэж аваарай.
ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:
“...Ардын уран зохиолч Т.Галсангийн “Өгсүүр замын дуу” /1982/ шүлэг гүн утга, баялаг
сайхан хэл, өө сэвгүй байгуулалт, мөргөл тахилгын хэлбэр, ухаарлын эевэргүү хөг аялгуу
бүхий гүн ухааны аяс хандлагатай. Энэ шүлэг яруу найрагчийн туулсан амьдралаа эргэн
нягталж, хүмүүний өсөн дэвжихийн зам мөр, орчлонгийн жам ёсонг эх нутгийнхаа “оорцог
тоорцог бор толгод”-оос эхлэн “очир хэлбэртуулс”, “Отгонтэнгэр хайрхан”, “отго жинстэй
Алтай”, “од зүлгүүрдэх Химлай”-г давсан амьдралын замналаасаа танин ухаарсныг бадаг дотор
харшуулж, бадаг хооронд ахиуллын ур маягийг зохистой хослуулан урласан гүн ухааны цогц
санаа гэж болно...” (С.Энхбаяр нар)
ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:
УНШИХ:
“Онхол цонхолгүй вандан ширээ говь”, “Оорцог тоорцог толгод”, “Оцор цацар
довцогууд” хэмээх дүрслэлийн онцлог, үгийн утгыг тайлбарлан, дүрслэлийн өнгө аяс,
хөг аялгуу, өвөрмөц болсны нууцыг тайлбарлана уу.
Шүлгийг цээжлээд, уран уншаарай.
БИЧИХ:
Шүлгээс юуг ухаарсан бэ?
Ахиуллын уран маягийг ашигласан хэсгийг шүлгээс түүвэрлэн бичээрэй. Ихээс бага
руу, багаас их рүү ахиулахын ялгаа ба онцлогийг ажиглаарай.
Шүлгийн хэлний онцлогийг тодорхойлж бичнэ үү.
БИЕ ДААН УНШИХ ЗОХИОЛ:
1. Галсан Т. “Жирмийн сүлжээ” УБ., 2001, дөрвөн боть
2. Хаянхярваа Д... нар “Монгол найргийн сувдан эрих” УБ.,2010.
3. Монголын сонгомол яруу найраг УБ., 2005

понедельник, 17 февраля 2020 г.


О. ДАШБАЛБАР “ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ”
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла
Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэж суугаа
Амтат бяслаг, хуруу зузаан өрмийг нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой
Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү
УНШИХЫН ӨМНӨ:
Хүүхдүүд ээ, Та нар “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”-ийг уншсаныхаа дараа энэ шүлгийн
хариу болгож, “Найрагч ахдаа хүргэх шүлэг” гэсэн шүлэг зохион бичнэ үү.
Ийнхүү бичихдээ, “Уянгын зохиол бол хүний сэтгэл санааны байдлыг гол төлөв шүлэглэн
гаргадаг. Уянгын зохиолоос хамгийн төгс боловсорсон авианы байгууламж бүхий нь шүлэг”
гэдгийг санаарай.
Ширхэг ширхгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьтаж, аавдаа нэг очоорой
Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйд гэмшээрэй
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй
Энд чи буруудаж явахад эцгийн чинь нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах юу л бол
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү
Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай
Хоног өдрүүдийг жаргалтай үдлээ ч дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавын гэрийн босгыг алхаж үзээрэй
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь “хүү минь” гэсээр босож ирнэ
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина
Аав чинь гэрийн хойморт алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи
Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи
Дээдийн номтой мэргэдийг эрж
Дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг
Дэндүү ойшоолгүй явснаа бод
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав ээж хоёр чинь юм шүү
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй
Эрт цагт гэрээсээ гарсан өөрийгөө л
Ээж, аав хоёртоо хүргэж өг
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ
Учир мэдэхгүй нялх байхдаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч эндүүрч явлаа
Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
“Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй
Алдааг минь та нар бүү давтацгаа
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа
Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг
Ах нь мэдэхгүй ээ
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла
Эх сурвалж: (Монголын уран зохиолын дээжис.74-р боть. Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ
УБ., 2001.)
Үгийн тайлбар:
• Эргэнэг – монгол гэрийн гал тогооны хэрэглэлийг агуулах хорго сав, тавиур
• Гангар – нарийн ур хийцтэй шаазан
• Тагш – модон аяга
• Моод (мода) - загвар
УНШСАНЫ ДАРАА:
1. Шүлгийг уран уншаад чухам яагаад яруу сонсголонтой байгааг тайлбарлаарай.
2. “Залуус дүү нартаа” гэсний учрыг сайтар бодоорой.
3. Ээж, аавын дүр төрх, сэтгэл зүйн ялгаа, хүүгийн чин сэтгэлийн өчил үг, захиас
даалгаврыг эргэцүүлэн бодоорой.
ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:
Зохиолын сэдэв: Зохиолын сэдэв гэдэг бол хүний аж амьдралын олон үзэгдлийн дотроос
зохиолчийн бодол сэтгэлийг эзэмдэж, уран бүтээлийн бодол оюунд товлогдсон тэр зүйл юм.
Зохиолын уран үг хэл:
Оросын нэрт яруу найрагч В.В.Маяковский: ”Мянган тонн үгийн хүдрийг түүж байж,
Магадгүй нэг үгийг олж болно” гэж хэлжээ. Их жанжин Д.Сүхбаатар: “Нэг үгээс мянган утга
цацарна” ч гэсэн байдаг. Иймээс зохиол, тэр тусмаа шүлэг, яруу найргийн үгсийн сонголт нь
жинхэнэ тунгаамал, шижир алт мэт нандин байдаг. Үүнийг хүүхдүүд та нар, алдартай яруу
найрагчдын шүлэг зохиолоос нэгэнт мэдэх бөгөөд түүний нэг жишээ нь О.Дашбалбарын
“Залуус дүү нартаа хүргэх шүлэг” билээ. Ийм учраас аливаа зүйлийг зохион бичихдээ үг
сонголтыг оновчтой хийж, түүний утга, дүрслэлийг сайтар тунгаан бодох хэрэгтэй юм.
ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:
УНШИХ:
1. Хүний амьдралын жам ёсны тухай гүн санааг өгүүлсэн хамгийн гол хэсгийг олоод,
хүний амьдралын утга учир чухам юунд орших тухай тайлбарлаарай.
БИЧИХ:
1. Шүлгээс өөрт хамаатай, сэтгэлдээ хамгийн ойр санагдсан санаа бүхий хэсгийг
сонгож бичнэ үү
2. Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
“Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй
Алдааг минь та нар бүү давтацгаа
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа
Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг
Ах нь мэдэхгүй ээ... энэ хэсгийг уншаад өөрийн үзэл бодлоор тайлбарлан бичээрэй

четверг, 13 февраля 2020 г.

Өдөр 1: 10-р анги Монгол хэл

2 сарын 3-ны Даваа гарагийн "10-р ангийн хичээл: МОНГОЛ ХЭЛ

Албан бичгийн найруулга

Хэлний нэгжийн утгын харьцаа

вторник, 11 февраля 2020 г.

Бэрлэг
Мод тариа хоёр нь хиллэсэн нэг их номин хангайг Бэрлэг гэх. Зунжин намаржин усан борооноор уйлагнаж, өвөлд нь цасаа даахгүй нэвсэрсэн тэр эцэг ууланд би намрын дунд сараар очиж билээ. Хайрлаж өрөвдмөөр, халаглаж харуусмаар улс гэж байдаг. Тэнд надтай анх түрүүн учирсан, үс сахалдаа баригдаж, давирхай ханхлуулсан тэр хүмүүс чухамдаа тэдний л нэг байлаа. Уйлахад нулимс дутах, уучлахад ухаан зулрах тэр хүмүүс цагтаа нар салхинд наргиж даргиж явлаа гэж өнгөрсөн гэрэлт амьдралаа гунигтайхан ярьж суулаа.
Ерөөс хүнд өнөөдрөөс өчигдөр нь үнэтэй байсан цаг бишгүйдээ л байх. Тэр дундаа нүглийнхээ аргамжинд богтлуулсан эдэнд өнгөрсөн нь юу юунаас ч илүү үнэтэй санагдаж суугаа нь лавтай. Бид тэднийг хоригдлууд гэх. Харин тэд өөрсдийгөө хулгайч гэлцэх. Бид чинь ямар л олигтой хүмүүсийг “хулгайч аа” гэж дууддаг билээ дээ.
Энэ их хөвчид үс сахалдаа баригдсан энэ хэдэн хүнээс өөр амьд амьтан үгүй юм шиг дэндүү цөлх1. Хүмүүс л болсон хойно хайран байлгүй яахав, тэр дундаа түнжин толгойдоо хиртэй хар алчуур хайнгадуухан зангидсан, туранхай бор хүү дэндүү хайран санагдаж байлаа. Дөнгөж эр танаглаж яваа насандаа ийм газар морилчихсоныг бодоход бэргэж дөлмөөр. ...Тэд ажилдаа гарлаа. Нойтон өвсөн дээр ундуй сундуй хаясан хөрөө сүхээ авч, салхи ч нэвтрэмгүй битүү хар бургас, амьд биеэсээ хагацсан хожуул мөчир, дундуур шавар намаг үсчүүлэн, ар араасаа гэлдрүүлж өгслөө.
Чөтгөрийн бага гэмээр мөнөөх хүү бид хоёр, нулимс шиг давирхай бурзайсан цоо шинэхэн хожуул дээр зэрэгцэн сууж өнө ирээдүйн тухай ярьж үлдлээ. Хүний өнгөрсөн амьдрал, гунигт түүх рүү эрээ цээргүй өнгийх гэдэг надад ч тэгтэл таатай биш байснаас хүүг эндээс гараад юу хийх, хэрхэн амьдрах тухай санаа бодлыг нь сонсох нь хал балгүй санагдсан хэрэг. Хүүг Хоохор гэх.
Хоохор хиртэй алчуураа авч нар салхинд борогшсон нүүрээ нэгэнтээ арчсанаа түнжин толгойгоо маажин,
- Авгай авна... гэсээр ичингүйрэн, туниагүй инээмсэглэлээ.
- Санадаг л санаа.
- Тэр дахин инээмсэглэснээ “Нэг сайхан ажил олж хийнэ” гэж өөртөө итгэлтэй хэлснээ гэнэт урам хугарав бололтой “Одоо ч тэгээд ажил олдохоо байсан гээ биз дээ” гэлээ.
- Ажил ч олдолгүй дээ.
- Тэгвэл ч сайхан байнаа. Ажилтай амьдралтай болсон хүн дахиад юу боллоо гэж наашаа ирэх вэ дээ. Энд чинь ухаантай хүн ирэх газар биш. Над шиг хөл толгой нь мэдэгдэхээ байсан юмнууд ирдэг юм. Түүнийгээ эр зориг гаргаж, хүний хийж чадахгүйг хийчихсэн юм шиг бардахыг нь яана гэсээр газар нулимах нь цөхөрч гутарсан хүний эцсийн, бүр өөрийгөө үзэн ядсан сүүлчийн арга тасралт санагдлаа. Хоохор хэсэг чимээгүй сууснаа
- Хот сайхан болж уу, бужигнаад л байна уу?... Уулын мухарт бидэнд үзэж сонсох юм байх биш. Сонсдог юм гэвэл бухимдаж цухалдсан хулгайчуудын эх адаггүй хараал, үздэг юм гэвэл намалдгаа нээлцэх л байдаг юм гэсээр нэг муухай инээв. Түрүүний гэмшингүй туниагүй инээд хаашаа хийсээд алга болчихсоныг гайхмаар байлаа. Зөвхөн инээд төдийгүй хонин бор нүд нь хорсолтой гялалзах нь хүн гэдэг нэг суудал дээр хэд ч хувирч болдгийг хэлэх шиг санагдлаа.
- Суллагдах дөхөж байна уу?
- Аа мэдэхгүй, энэ уулын модыг хядаж дууссан хойно л орны бараа харах юм байлгүй гэсээр шүүрс алдах нь түрүүхний догшин төрхөө бас л шилгээн, арга тасарсан хүний сөөнгө хоолойгоо заслаа. Энэ бүхнийг би “ Энэ хүн дэндүү эрт сэтгэлээр өтөлж дээ” гэсэн бодлоор тайлбарлав. Хэлчих бэлэн зэхээний үг байсангүй тул би ч бас хэсэгтээ чимээгүй байлаа. Тэр надаас харцаа буруулна. Би Хоохорын сэтгэлийг засах санаатай,

- Миний дүү сайхан амьдарна аа гэлээ. Хоохор чухамдаа хүүхэд балчир насандаа л ингэж инээмсэглэн дэгдэж явсан болов уу гэмээр нүүр дүүрэн инээмсэглэв. Бэлгэтэй сайхан үгээр дутаж явсан хүн ийм ажээ.
- Би ч бас тэгж боддог юм шүү гэж тэр бүүр нэг эр хүн шиг ам бардам хэллээ.
                Бэрлэгийн ногоон хөвчид гэнэт их чимээ гарлаа. Хоохор чихээ дарлаа. Хоохор мод чулуунд шархалсан гараа чихэн дээрээсээ авч санаа алдсанаа “Бэрлэг ч мөн сайхан уул байсан шүү. Одоо бид хэдэд мөлжүүлж гүйцлээ. Амьд нь амьдыгаа устгана гэдэг л энэ байх. Мод чинь амьд ертөнц гэсэн биз дээ” гэсээр дахиад санаа алдлаа. Тийм ч юм даа, хайран ногоон Бэрлэг.
Ухаантай нь ухаангүйгээ, хүчтэй нь хүчгүйгээ эзэрхийлсэн энэ орчлонд үнэхээр л Бэрлэгийг цэнхэр хангайн мод бүхэн навчсаараа уйлах мэт нойтон ногоон навчис хөрөө сүхний дуунд ганц нэгээрээ газардана .
Санжийн Пүрэв.
1 нөр, цөлх; шамдуу, хичээлтэй; *шаргуу ажиллах; шаргуу тулалдах; шаргуу хэлэлцэх
Даалгавар бүрийн өгөгдлийг анхааралтай уншиж, хариултаа дэвтрийн дээр гүйцэтгээрэй.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
Бэрлэгэхэд амьдралдаа алдсан ч хүн төрхөө гээгээгүй, холын мөрөөдөлтэй хүүгийн тухай өгүүлжээ. Эхийг дараах даалгаврын хүрээнд задлан шинжлээрэй.
1. “Зунжин намаржин усан борооноор уйлагнаж, өвөлд нь цасаа даахгүй нэвсэрсэн тэр эцэг ууланд би намрын дунд сараар очиж билээ.” өгүүлбэрээс дараах дүрслэх ур маягт тохирох дүрслэлийг олж бичээрэй.
Хүншүүлэл .......................................................................................................
Ихэсгэл..............................................................................................................
Адилтгал..........................................................................................................
2. 5-р мөрөөс цаг хугацааны утгатай хэллэгүүдийг олж, “өнгөрсөн амьдралаа” гэдгийн цагийн утгыг тайлбарлаарай.
............................................................................................................................
 ............................................................................................................................
 ............................................................................................................................
 ............................................................................................................................
 Өнгөрсөн амьдралаа .......................................................................................
3. Хоохорын дүрээс итгэлтэй, цөхөрсөн, цухалдсан зэрэг сэтгэлийн өнгө аясыг илэрхийлсэн жишээг бичээрэй.
 Итгэлтэй ............................................................................................................
 Цөхөрсөн ..........................................................................................................
 Цухалдсан ........................................................................................................
4. Хоохорын харамсаж байгаа байдал юун дээр илүү мэдэгдэж байна вэ? Үүнийг түүний хэлсэн ямар үгээр баталж болох вэ?/4 оноо/
..........................................................................................................................
..........................................................................................................................
5. Дараах өгөгдлүүдийн алийг нь эхийн гол санаа гэж тодорхойлж байна вэ? Эхээс авсан жишээгээр нотолж бичээрэй.
 Алдахгүй хүн байдаггүй. Алдаан дээрээ суралцах нь чухал
 Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг мөн.
 Хүнийг хүн ёсоор үзэх нь итгэл өгдөг.

ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

Гол санаа болгож авсан өгөгдлөө өөрийн санаагаар баяжуулж эргэцүүлсэн эх зохиож бичээрэй. /Үгийн тоо 250-300/


АРГАЛЫН УТАА
Аргалын утаа бургилсан Малчны гэрт төрсөн би гэж бахархан хэлэхэд өрнөдийнхөнд ч, дорнынхонд ч үл ойлгогдоно. Голдуу л сөрөг талаар нь ойлгож, тэрэнд сонирхмоор юу байхав дээ гэж бодоцгооно. Учир нь тэд "Нүүрсний утаа бургилсан нүсэр хотын хүмүүс" Утаа гэдэг үг хоёр янзаар ойлгогдохгүй нэг зүйлийн нэр боловч урд нь "аргалын", "нүүрсний" гэсэн тодотгол өгөөд яривал хоёр өөр утаа гэдэг нь мэдэгдэнэ. Чулуун нүүрсний утаанд аргалын утаанд байдаг ач тустай юм бас байхгүй.
Аргалын утаа бургилсан малчны гэрт төрж өссөн хүмүүс сүүлийн үед нийслэл Улаанбаатар хот руу хошуурцгааж "нүүрсний утаа баагьсан xoтын хүмүүс болцгоосоор байна.
Дурлаж ирсэн тэр хотод нь жилдээ таван сая гаруй тонн нүүрс түлдэг дулааны гурав, дөрвөн станц, 400 гаруй тонн нүүрс түлдэг 250 гаруй жижиг уурын зуух 625 мянган тонн нүүрс түлдэг 240-өөд мянган гэр өрхүүд жилийн сэрүүн улирал ялангуяа өвлийн саруудад Алтан тэвшийн хөндийг утаан тэвшийн хөндий болгож орхидог.
Нүүрсний тэрхүү утаа нь 200 гаруй төрлийн хорт бодисыг дээш нь цацдаг ч хүмүүсийн хамраар дотогшоо орно. Тэр утаанаас нь хордсон хүмүүс нийслэлд гэхэд л жилд 1600 хүрч "нүд аницгаадаг" болсоор удлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) агаарын чанарын стандартаас Улаанбаатарын утаа 35 дахин илүү гарсаар байгааг тогтоожээ.
"Утаагүй Улаанбаатар" болохын төлөө эрх баригчид эрүүл мэндийн албаныхан хориод жил ярьж олон тэрбум төгрөгний төслийг "утаа болголоо". Нийслэлийн хүн ам, айл өрх жил ирэх тусам олширсоор байгаа болохоор нүүрсний утаа нэмэгдсээр байх нь мэдээж нүүрсний утаанаас нүүрстөрөгчийн давхар исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, хар тугалга гэхчлэн гай хөөний юм гарч иргэдийг их багагүй, хүүхэд хөгшидгүй цөмийг нь утсаар байна. Аргагүйн эрхэнд ийм хувь тавиланд оосорлуулж байгаа ч гэсэн арга барагдсан юм биш, арга олон байна.
Хийн түлш, био түлш, салхин болон наран эрчим хүч гэж үнэгүй шахам эх булагтай, хор багатай түлш захаас аван байж л байна. Багахан хөдөлмөр зүтгэл л дутсаар байна. Арга барагдахад аргалын утаандаа утуулж суувал аминд өлзийтэй юмсанж. Бараг тавиад сая малтай болж буй өнөө үед өвөг дээдсийн мянга мянган жил гал голомтоо бадрааж ирсэн аргал, хоргол, хөрзөн хааяагүй л хэвтэж байна. Аргалаа цагт нь түүхгүй болохоор удалгүй өөрөө үйрмэгжин үгүй болдог учир аргал хорголд "дарагдаж үзээгүй" тал нутгийн эзэд билээ, бид.
Аргал бол зөвхөн түлш болоод зогсдоггүй эм болдгоороо хор цацдаг нүүрснээс хавьгүй ариун эд гэдгийг монголчуудын нүүдлийн малчны соёл иргэншил эрт дивангарт нотолчихсон зүйл.
Нэгд. Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас монгол малчид хэр баргийн өвчинд нэрвэгддэггүй, төрийн байтугай өрхийн эмнэлэг ч шаарддаггүй байсан урт түүхэн замнал бий. Аргалын утаа, эрүүл агаар хоёроор амьсгалдаг тул хөдөөнийхөн одооны "амьсгалын замын гэгдэх" өвчинд нэрвэгддэггүй байсан гэж болно. Итгэмээргүй мэт боловч итгэлтэй хэрэг.
Хоёр.Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна.(Энэ мэдээг дахин дахин хэлүүштэй) "Аромотерапия" буюу "үнэрээр анагаахуй" нийтлэлд ч дурдсан.
Гурав. Японы эрдэмтэн аргалын утааг судалж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг "монгол арга" л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-аад төрлийн эмийн ургамал иддэг мал шүү дээ.
Дөрөв. Монголчууд судар номыг баринтаглаад хоймрынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиадтайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шарлатлаа нэвчсэн байдаг.Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод "Судар бичгийн хүрээлэн" байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номын өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.
Орчин үеийн номын сангууд "микологийн сэргийлэлт" бүрдүүлж дээр дурдсан "өвчнөөс" хамгаалах журамтай байдаг. Тэр хяналт байхгүй бол ном мөөгтөж, хорхойд идүүлж эхэлдэг. Гэтэл аргалын утаанд нэвт утуулсан монгол судрууд тэрхүү хяналт, сэргийлэлт байхгүйгээр олон жилийн турш "эрүүл" байсаар ирсэн юм. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм.
Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой.
Л. Түдэв
Даалгавар бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
Эхийг задлан шинжлэх даалгавар
1. Учир шалтгааныг нь тайлбарлаарай.
 Нийслэлд жилд 1600 хүн нас барж байгаагийн учир шалтгаан-
 Олон тэрбум төгрөгийн төслийг “утаа болголоо” гэсний учир-
 Аргал бол зөвхөн түлш болоод зогсохгүй эм болдог гэсний учир-
 Авдар дээрх баринтагтай судар ном олон жил хадгалагдаж байгаагийн учир-
 Цаасан ном өвчин, аюулд нэрвэгддэгийн учир-
 “монгол аргал” л тийм чанартай гэсний учир-
2. Дараах хэлцүүдийг эхтэй холбож тайлбарлаарай.
 Хот руу хошуурцгаах –
 Гай хөөний юм гарч ирэх-
 Хувь тавиланд оосорлуулах-
 Аминд өлзийтэй-
 Эрт дивангарт -
 Насаа элээх -
3. Өгүүлбэрүүдийг хос хосоор холбож нийлмэл өгүүлбэр болгож найруулай.
-нүүрсний утаа баагих
-аргалын утаа бургилах
-хориод жил ярих
-айл өрх олшрох
-эрүүл агаараар амьсгалах
-өвчинд нэрвэгдэхгүй байх
4. Асуултад жишээ баримтаар нотлон хариулаарай.
 Алтан тэвшийн хөндий яагаад утаан тэвшийн хөндий болсон бэ? Түүнийг батлах баримтыг олж бичнэ үү.
 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ агаарын чанарын стандартаас Улаанбаатарын утаа хэд дахин илүү гарсан гэсэн бэ? Батлах баримт мэдээллийг олж бичээрэй.
 Нүүрсний утаанд агуулагддаг ямар ямар бодис байдаг вэ? Гай хөөний юм гарч иргэдийг их багагүй, хүүхэд хөгшидгүй цөмийг нь утсаар байгаа баримтыг бичнэ үү?
 Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас монгол малчид ямар өвчинд нэрвэгддэггүй вэ? Түүнийг нотлох баримт жишээг бичнэ үү?
 Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма монголоос аргал аваачаад ямар өвчнийг эдгээдэг болохыг баталсан бэ? Жишээ баримтыг олж бичнэ үү?
5. Дараах санаанаас нэгийг сонгон мэдрэмж, үзэл бодлоо /нэг цогцлолбороор/ бичнэ үү.
oАргалын утаа, эрүүл агаар хоёроор амьсгалдаг тул хөдөөнийхөн одооны "амьсгалын замын гэгдэх" өвчинд нэрвэгддэггүй байсан гэж болно. Итгэмээргүй мэт боловч итгэлтэй хэрэг.
oМонгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг "монгол арга" л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-аад төрлийн эмийн ургамал иддэг мал шүү дээ.
oАргалын утаанд нэвт утуулсан монгол судрууд тэрхүү хяналт, сэргийлэлт байхгүйгээр олон жилийн турш "эрүүл" байсаар ирсэн юм. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм.

ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой” санааг ургуулан бодоод баримт жишээ ашиглан гарчиг өгч, сонирхолтой эх зохион бичээрэй. Үгийн тоо 250-300


Алтай
Аав мориноос ойчиж, нуруугаа гэмтээн, хэвтэрт оров. Ээж аавын оронд тэмээ малд шогших болсноосоо болоод гэрийн бараа харахыг болив.(1)
Аавд цай аягалж өгөх, дэр хучлагыг нь засах, хэтэвчийг нь дөхүүлэх ажил надад оногдсон учраас хотны баруун хойно өрсөн чулуун тоглоомон дээрээ очиж тоглож чадахгүй болсоор нэлээд хоночхов. Ээжийг малд мордмогц би гэрийнхээ хаяанд ээжийг далд ортол нь хараан зогсоно. Ээжийг далд оров уу, үгүй юу,
 Алтай хэмээн аав гэр дотроос дуудна.
 Аан хэмээн хариу өгөнгүүтээ би гэртээ гүйж орж, аавын орны дэргэд очин,
 Юүгээ вэ?, ааваа гэнэ. Аав эс дуугарна.
Нүдээ юу ч үл чавчин, тооноор тэнгэр ширтэн хэвтэнэ. Би хариу хүлээн зогсож зогсож, аавыг юм хэлэхгүй болохоор нь сэмхэн гишгэлсээр буцаад гарна. Гэрийнхээ үүдэнд аавыг дуудах болов уу хэмээн чих тавин хэсэг зогсоно. Огт чимээ үл гарна. Аавыг дуудахгүй болохоор нь чулуун тоглоом уруу гүйчихмээр санагдавч гэнэт дуудах болов уу хэмээн бас бодогдож тээнэгэлзэнэ.(2)
Явж чадахгүй байж ч чадахгүй хий дэмий гэрийнхээ хаяанд суун нүцгэн хөл дээрээ шороо нэг асгаж нэг болино. Чимээ чагнана. Аавын тухай бодогдоно. “Тэртээ баруун зүгт орших Алтай гэдэг хана хэрэм мэт их уулсын бэлд аав чинь төрсөн юм гэнэ лээ” гэж ээжийн ярьсан санаанд ургана. “Ижийгийн чинь аавыг өргөж тээх болоод энэ хээр талд ирж нутаглах болсон юм даа” гэж аавын хэлж байсан бодогдоно.(3)
Хүүхдүүд Баяр, Жаргал, Энхээ энэ тэр гэсэн гоё гоё нэртэй байхад би яагаад ганцаархнаа ийм хачин нэртэй болчихсон юм бэ? гэхэд аав, Зүгээр, миний хүү . энэ чинь сайхан нэр. Чамайг том болох тусам нэр чинь улам томорно гэхэд нь би, Миний нэрийг та өгсөн юм уу? Гэлээ. Тиймээ. Ээж чинь Баатар гэсэн нэр өгөх гэхээр нь би төрсөн нутгийнхаа уулыг дуудаж байя гэж бодоод чамд “Алтай” гэж нэр өгсөн юм. “Алттай” гэдэг үг сунжраад ийм үг болсон ч байж мэднэ. Манай Алтайн нуруу хэзээнээс нааш алт эрдэнэсээр баян орон юм гэнэ лээ гэсэн сэн. (4)
Тэгэхэд нь би Баатар гэж нэртэй болсон бол Жагарын баатрууд шиг баатар эр болох байсан байх байх даа. Тэгсэн бол шөнө орой гадаа гарахлаа огт айдаггүй хүн болох байсан байх ч гэж бас бас бодогдоно. Аав гэнэт миний нэрийг андуураад “Баатар” гэж дуудаасай. Тэгвэл мөн я гоёо гэж бас мөрөөднө. Тэгэж дуудахыг сонсох гэж байгаа юм шиг чагнана. Чимээ эс гарна. Дахиад л хөл дээрээ шороо асгана. Намрын шар нарны илч шингэсэн шороо хөл бүлээцүүлэх нь таатай. Чингэтэл аав гэрээс, - Алтай хэмээн дуудна. Ухасхийн босож явуут дундаа “Аан” хэмээн дуугараад гэртээ гүйн орж, аавын орны дэргэд очно. Аав юу ч эс хэлнэ. Хэсэг хүлээн зогсож байгаад дахиад л гарна. Чимээ чагнан ээжийг харан үүдэндээ зогсоно. Ээжийн ирж явах бараа үл харагдана. Аав чимээгүй... (5)
Ингэж тэр нэгэн намрын яндан хонгиносон өдрүүдийг арай чамай барж билээ. Магадгүй тэр нэгэн өдөр аавыг огт дуудахгүй болохоор нь сэмээрхэн хатавчаа ярж байгаад аавыг хараагүй бол, намайг харахад аав урьдын адил тэнгэр ширтэн хэвтэж байсан сан бол намрын тэр өдрүүд барагдахгүй байх байсан ч байж мэднэ.тэгсэн сэн болийм явдал болохгүй ч байх байсан байж мэднэ. Даанч тэгсэнгүй.(6)
Намайг хатавчаар харахад аав цаашаа, хана уруу хараад хэвтчихсэн байсан юм. Яагаад ч юм. Тэгэхээр би гэртээ гүйж ороод, “Ааваа” гэж зөөлхөн дуудлаа. Аав огт хариу дуугарсангүй. (7)
Хэчнээн ч татаад би аавыг нааш харуулж хүчирсэнгүй. Тэр цагаас хойш аав “Аан” гээд эргэж хараагүй билээ. Тэр мөчөөс хойш намайг нэг ч удаа дуудаагүй.(8)
Тэр цагт аав намайг биш Алтайн их уулсаа л дууддаг байсан юм билээ. Тэгээд дуудсан юм нь биш байсан учраас дуугардаггүй байсан юм билээ. Уг нь би биш Алтайн уулс нь очсон сон бол аавыг аврах байсан ч байж магадгүй гэж би боддог юм. Тийм учраас аавыг хэчнээн ч дуудлаа гэсэн аав ирэхгүй гэдгийг би мэддэг болсон юм. Харин би аавыг хаанаас ч дуудсан очноо. Олон дуудуулахгүй ээ.(9) Д.Батбаяр

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
“Алтай” эхэд аав нь хорвоогоос буцаж, Алтай хэмээх нэр ямар утга учиртай, түүнийг хэрхэн өгсөн тухай өгүүлжээ. Эхийг дараах даалгаврын хүрээнд задлан шинжлээрэй.

1. 2-р цогцолбороос Алтайн чулуун тоглоомон дээрээ очиж, чадахгүй нэлээд хэд хоносны учир шалтгааныг зохиолоос 5 жишээгээр бичнэ үү?

Жишээлбэл : Аавд цай аягалж өгөх ажил оногдсон.
- Ээжийнхээ эзгүй хойгуур аавыгаа асарч байх үүрэг оногдсон.

2. “Алтай” –д “Баатар” нэр өгөөгүйн учрыг 4-р цогцолбороос дүгнэж бичээрэй.

3. “Чамайг том болох тусам нэр чинь улам томорно” гэдгийг юу гэж ойлгож байна вэ? Үүнийг 2 өгүүлбэрээр тайлбарлан бичнэ үү?

4. “Ингэж тэр нэгэн намрын яндан хонгиносон өдрүүдийг арай чамай барж билээ.” гэсэн өгүүлбэрээс тодруулсан холбоо үгийн утгыг тайлбарлана уу?

5. “Ээжийг далд оров уу, үгүй юу л,

- Алтай хэмээн аав гэр дотроос дуудна.” гэсэн харилцан ярианы тодруулсан үгийг, ойролцоо утгатай бүтээврээр солин найруулж, угсарсан нийлмэл өгүүлбэр болгоорой.

ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

“Алтай” эхийн бичлэгийн арга барилаас санаа авч, “Хүн өтлөхөөрөө нутгаа, тураг өтлөхөөрөө уулаа” хэмээх хэлцийг эхийн бүтцийн аль нэг хэсэгт ашиглан, агуулгыг нэмэн дэлгэрүүлж, гарчиг өгөн, эх зохион найруулж бичээрэй.
Үгийн тоо 250-300

Монгол бичгийн хичээл №07

Монгол бичгийн хичээл 2 р бүлэг №01

Монгол бичгийн хичээл №01

понедельник, 10 февраля 2020 г.

Монгол бичгийн хичээл №27 Үйл үгийн хэвийн нөхцөл

12-r angi Undesnii Bichig 3

ЭЕШ: Монгол хэлбичгийн ВИДЕО ХИЧЭЭЛ №2

ЭЕШ: Монгол хэлбичгийн ВИДЕО ХИЧЭЭЛ №3

ЭЕШ: Монгол хэлбичгийн видео хичээл №1

“Уран зохиолын хичээл яагаад үнэ цэнтэй вэ?” сэдвээр илтгэл тавьж байна.

Эгшигт ба заримдаг гийгүүлэгч

Эгшигт ба заримдаг гийгүүлэгч

О.СҮНЖИДМАА: МОНГОЛ ХЭЛ | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ

вторник, 4 февраля 2020 г.


Ш.СҮРЭНЖАВ “БИ ТЭНГЭРИЙН ХҮҮ
Би
Тэнгэрийн хүү
Та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж
Нарны аяганаас
Цай уусан
Гашуун дарснаас хиртэж
Ганихралын орон дээр
 ШАРАВЫН СҮРЭНЖАВ
Шаравын Сүрэнжав 1938 онд Төв аймгийн Авдарбаян
суманд төржээ. МУИС (1963), Москва хотноо А.М.Горькийн
нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын
дээд курсийг (1981)тус тус төгсчээ.
Налайх хотын утга зохиолын бүлгэмд суралцаж байв.1960
оноос эхлэн уран зохиол бичсэн. Зохиолчдын эвлэлийн гишүүнд
1966 онд элсчээ. Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин
үеийн сэдвээр голчлон бичдэг. Түүний бичсэн "Ерэн баатрын
дууль", "Шөнө ургасан цэцэг" найраглал нь уншигчдын сонирхлыг
ихэд татсан. Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран
сайхны кино зохиолоор нь Гарьд магнай (1983), "Тод магнай (1990),
"Цэц магнай" (1995) уран сайхны кино бүтээжээ. Ш.Сүрэнжавын
шүлэг, найраглал нь Орос, Хятад, Япон, Чех болон бусад хэлэнд
олон удаа орчуулагдан гарсан байна. МЗЭ-ийн шагнал (1972),
МХЗЭ-ийн нэрэмжит шагнал (1979), Төрийн шагнал (1988), Ардын
Уран Зохиолч (1999) цол хүртсэн.
УНШИХЫН ӨМНӨ:
Ш.Сүрэнжав Москвад сурч байхдаа “Би тэнгэрийн хүү” шүлгээ бичсэн бөгөөд энэ шүлэг анх
ЗХУ-д хэвлэгдсэн.
... “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан, дуулуулна”
гэж их уран сэтгэмж оруулан, ихэд амьд өсгөлүүн санааг гаргаснаараа, мөнөөх тэнгэрийн
доорх, газрын дээрх морин толгойтой хуурын тэр нэг орон, дээр тэнгэр эцгийн оронтой
тэмцэлдэх мэт болж, нөгөөтэйгүүр тэр их тэнгэр нар өнөөх морин толгойтой хуураар нь
дутагдах мэт болж, түүнээс цааш тэнгэр нарыг үзэх монголчуудын утга билиг, уран сайхны
соёлын уламжлалаар бол, уран Бишүгарам гэх тэнгэрийн дархны урдтаа ухааныг нь олж
урлаж хийж чадаагүй, уран Гандарва гэх яруу эгшигт тэнгэрийн хоолойны эрдэм хийгээд уран
Мэнага гэх тэнгэрийн дуучны хуурын эгшгээс ч урдтаа дуу эгшиг нь сонсогдоогүй, гагцхүү
морин толгойтой хууранд л байх тийм яруу эгшгээр тэнгэр нар дутаж суудаг мэт олон олон
санааг дам далддаа хурааж өгүүлсэн мэт болж байна...
“Зохист аялгууны толь” хэмээх яруу найргийн онолд дэвшүүлснээр “Бусдаас ангид яруу найраг
үгүй аваас мэргэд түүнийг үглээ тотьтой адил” хэмээсний учир монгол яруу найрагчийн эрдэм
нь чухамдаа “бусдаас ангид яруу найраг”-ийг бүтээсэн зүйл болно.”
Л.Хүрэлбаатар “Тэнгэрийн соёл ба тэнгэрийн зүүдний хүү”
Хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад
Хөөцөлдөн эрхэлж,
үүлс сандайлан
уулсаас уулсад
дүүжин хийж
нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад
Хөхин баясаж,
утас дамжих шиг
усан ширхгээр нь авиран гарч
оддыг сондор болгон хэлхэж
цэцгийн толгойд зүүж өгч явсан.
Би
Тэнгэрийн хүү
Та нарын дунд ирсэн юм
Хурмастын аянгаас
гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхгийн хор шингэсэн хорголжин хар нүднээс нь
Мугалзуур эвэрт үхэрт олиулан бэртэж явсан.
Муугийн гайг шившин хөөж, бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг доор
Цэцгийн дэлбээ ивж явсан.
Хүний юу бодож явааг харцнаас нь уншдаг байсан
Үгийнх нь үзүүрээс үнэн, худал хоёрын
Утасны учгийг ялгадаг байсан.
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж, хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад
Нөгөө нь аяглан тамшаалж байсан,
Аанай бас тургиж ч байсан,
Алинд нь ч би гомдоогүй.
Би
Тэнгэрийн хүү
Та нарын дунд ирсэн юм
Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэх зуур
Тэрхэн зуурын зүүд болж
Газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна.
Тэр болтол нь
Та нартайгаа
Уулс түшиж,
Туульс хайлж,
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна...
Эх сурвалж: (Гүн-Үйлс Д. Алтан үеийн яруу найраг. УБ., 2011. х-132-134)
Үгийн тайлбар:
Сондор – шүр, сувд зэрэг үнэт эрдэнэсээр хийсэн хүзүүний чимэг
Олиулах – үхэр эврээрээ сэжлэн мөргөх
Аяглах - элдэв аяг гаргах, олон ааш авир гаргах
УНШСАНЫ ДАРАА:
ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:
“...Шүлгийнхээ төгсгөлд:
Газрынхан минь ээ, хүмүүс минь ээ та нар
Намайг явахын цагт
Энэ морин толгойтой хуураа л өгөөрэй.
Үүгээр чинь би тэнгэр эцгээ
Уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивлэж
Үргэлжид тэгвэл та нарыг ивээнэ.
Би
Тэнгэрийн хүү
Та нарын дунд ирсэн юм
Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай! гэсэн байдаг.
Ингэж, тэнгэр эцгийн зүүдлээд сэрэхлээр явчих “тэнгэрийн зүүдний хүү” биш, тэр
нэгэн цагаас энэ нэгэн үеийг үргэлжилж иртэл газар дээрээ ирж буцаж, тэнгэрийн хүүгийн
үйлсийг бүтээгээд газар дээр нь мөрөө, гантиг чулуун дээр нь нэрээ үлдээж буцах “газрын
хүү”, тэгэхдээ бүр “Монгол газрын хүү” гэдэг санаанд хүргэж, яруу найргийн тэр их холоос
хэлж эхэлсэн “Би тэнгэрийн хүү” гэдэг өгүүлэмжээр “газрын хүү”-гийн гайхамшгийг нээчихэж
байгаа нь яруу найрагчийн яруу үг, уран сэтгэмжийн үлэмж мэдэл, далд зөн, дотоод сонороор
нээгдэж тайлбарлагдах зүйл мөн.
Монгол, дорно дахины яруу найрагт эртнээс уламжлалтай байсан бясалгалын ухаан
буюу самандийн эрдэм гэдэг ийм аж. Ингэж бясалгаж хийсвэрлэж, үлгэрлэж дүрслэхийн олон
боломжийг ашиглаж, яруу найраг, гүн ухааны санааг төгсгөн бичих нь ямар нэг тогтсон хэв
загвараас зохиолч бүрийг гаргаж, тэдний хувь онцлог, өвөрмөц найруулгын өнгө аяс, амт
үнэрийг ялгаруулдаг байна. Чин сүзэгт номун ханы 3-р дүр тэнгэрийн орноос Бурхан багшийн
шарирам шүдийг эрж авч, газрын ертөнцдөө олж ирснийг өгүүлдэг бол, Ш.Сүрэнжавын “Би
тэнгэрийн хүү” хэмээх шүлэгт газрын ертөнцийн, тэр дундаа монголын морин толгойтой
хуурыг тэнгэрийн оронд аваачиж эгшиг дуугаар нь тэнгэр эцгийг баясгах тухай өгүүлсэн нь
чухамхүү “тэнгэрийн” соёлын уран сайхны сэтгэлгээг уран дүрийн эрдмээр шинэчлэн
баяжуулсан хэрэг мөн...”
(Л.Хүрэлбаатар “Тэнгэрийн соёл ба тэнгэрийн зүүдний хүү”)
ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:
УНШИХ:
1. Шүлгээ олон дахин уншиж үзээрэй
2. Шүлгийг уншаад чамд ямар мэдрэмж төрөв? Гайхсан уу, догдолсон уу, эргэлзсэн үү,
баярласан уу, биширсэн үү...
3. “Би
Тэнгэрийн хүү
Та нарын дунд ирсэн юм”... үүнийг уншаад өөрт төрсөн сэтгэгдлээ хэлээрэй.
4. Найрагчийн дэвшүүлсэн санааг тунгаан бодож, гол сэдэв, утгыг тодруулаарай.
1. ...Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж, хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад
Нөгөө нь аяглан тамшаалж байсан,
Аанай бас тургиж ч байсан,
Алинд нь ч би гомдоогүй... гэсэн хэсэгт “рашаан” гэж юуг далд утгаар хэлсэн бэ?
5. Дээрх шүлгийн тодруулсан хэсгийг сайтар уншаад, юуны тухай урнаар илэрхийлэн
бичсэнийг тайлбарлаарай
6. Шүлэгт:
...Цагаан цасан дээрээс будрахад
Хөөцөлдөн эрхэлж,
үүлс сандайлан
уулсаас уулсад
дүүжин хийж
нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад
Хөхин баясаж,
утас дамжих шиг
усан ширхгээр нь авиран гарч
оддыг сондор болгон хэлхэж
цэцгийн толгойд зүүж өгч явсан... хэмээн дүрсэлсэн
үгсийг яруу найрагч сонгосны учир юу вэ?
БИЧИХ:
Эрдэмтэн Л.Хүрэлбаатарын “Тэнгэрийн соёл ба тэнгэрийн зүүдний хүү” судалгааны
өгүүллийг уншаад төрсөн сэтгэгдлээ бичнэ үү.
Шүлэг буюу эх зохиол, шүүмж буюу судалгааны бичвэрийн уялдаа холбоо, ялгаа заагийг
сайтар тунгаан бодож, шүүмж бичээрэй. Бичсэнээ бусдадаа уншуулж, нөхөдтэйгөө
зөвлөлдөж, санаа бодлоо харилцан солилцоод, нарийн нягталж засварлан бичээрэй.
“Би тэнгэрийн хүү” шүлгийн хэлбэр, бүтцийг дуурайн санаагаа илэрхийлэн шүлэг зохион
бичээрэй.
ЯРИХ – СОНСОХ:
1. Бодит амьдралд байхгүй хийсвэр мэт санагдсан зүйлээ тоочиж, ярилцаарай.
2. Тэрхүү хэсгийг түүвэрлэн уншаад, үзэл бодлоо илэрхийлээрэй.
3. Шүлгээс уран дүрслэлт үг, өөрт таалагдсан үг хэллэг, онцгой содон санагдсан үг хэллэг
зэргийг түүвэрлэн, сэтгэгдлээ илэрхийлэхэд бэлдээрэй.
4. Ярих чадвараа дараах шалгуураар дүгнээрэй.
Маш
сайн
Хангалттай Дахин сайжруулах
шаардлагатай гэж
бодож байна.
Шүлгийн тухай ярихдаа уран дүрслэл
ашиглаж ярьсан уу?
Шүлгийн тухай ярихдаа зохиолоос
сонирхол татсан үг хэллэгийг ашиглаж
ярисан уу?
Уран дүрслэлийг цээжилсэн үү?
Ярихдаа өөртөө итгэлтэй, бусдын
сонирхлыг таттал ярьж чадсан уу?
БИЕ ДААЖ УНШИХ ЗОХИОЛ:
1. Сүрэнжав Ш. Хөх тэнгэрийн хур. УБ., 1980
2. Сүрэнжав Ш. Мартаж болшгүй он жилүүд. УБ., 2000
3. Сүрэнжав Ш. Сэтгэлийн увидас. УБ., 2006
4. Хүрэлбаатар Л. Дуун утгын яруу зохист. УБ., 2007
5. Байгалсайхан С. Шаравын Сүрэнжав. УБ., 2002
6. Дэнсмаа Д. Шаравын Сүрэнжавын яруу найргийн туурвилын туршлага, сургамж. УБ.,
2010
7. Дэнсмаа Д. Тэнгэрийн харьяатын ертөнцөд. УБ.,2015
8. Монгол уран зохиолын дээжис. 59, 60. УБ., 2006

понедельник, 3 февраля 2020 г.

Цөм өгүүлбэрийн дасгал хичээл 1. Дараах үйл үгсийг тусах, эс тусахаар нь ялган бичнэ үү. Явах, авах, суух, сонсох, өгөх, хийх, идэх, сурах, харайх, гүйх, уух, бүтээх, уралдах, зодолдох, барилдах, унших, бодох, санах, инээх, тоглох, арчих, угаах, цэвэрлэх, санах, эвшээх, гарах, орчуулах, гаргах, амтлах. 2. Үйл үгсээс ашиглан 2 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр, 3 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр тус бүр 10-ыг зохионо уу. 3. “Миний мэргэжил” сэдвээр 60-70 үгтэй эх зохион бичнэ үү. 4. Дараах эхээс 2 ба 3 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг олоорой. Эрдмийн оргил Эрдэм гэдэг өндөр уулын оргил мэт.Ууланд авирахад бие чармайна. Эрдмийг сурахад ухаан чармайна.Уулын оргилд хүрвэл орчмын газрын сайхан үзэсгэлэнтэй байдал тодорхой харагдана. Эрдмийг сурвал хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ. Эрдэмгүй хүн, эрэг гангын ёроолд байгаа амьтан шиг тойрон болж байгаа явдлыг мэдэхгүй. Эрдэмтэн хүн, уулын оргил дээр гарсан хүн шиг хамаг юмны учрыг сайхан мэдэж байдаг. Ц. Дамдинсүрэн

Оюуны өлсгөлөнд нэрвэгдсэн монгол
Монголчууд нэг л биш ээ. Нэг хэсэг нь мухар сүсэгт автаж, нөгөө хэсэг нь эд мөнгөнд шунаж ухамсрын асар их доройтолд орж байна.
Засгийн газрын сайд нь хүртэл гал тахиж мөнгө олно гээд элийрээд байхаар чинь яаж монголчуудад соён гэгээрлийн тухай зөв ойлголт бий болох вэ дээ. Төрд байгаа хүмүүс нь өөрөө сэтгэлгээний гажуудалтай байхаар иргэд яаж эрүүл амьдрах юм бэ.
Монгол орон хувьсан өөрчлөгдөж байгаа. Шинэ, гоё шилэн байшингууд сүндэрлэж, энд тэндгүй бүтээн байгуулалтын дуу хангинаж байна. Гэвч хөгжил рүү алхахын хэрээр монгол хүний үнэт зүйлс алдагдсаар.
Монголчууд нэг үеэ бодвол амжиргааны түвшин сайжирсан. Айл болгон машинтай болсон авдаг цалин нэмэгдсэн, үнэт эрдэнэс зүүж, үслэг эдлэлээр гангардаг болсон гээд эдийг засгийн хөгжил нь алхам алхамаар урагшилж байна.
Ахиад ч эдийн засагт мөнгө хэрэгтэй байна. Өнгөрсөн 20 жилд монголын эдийн засаг өлсгөлөн байсан. Өнөөдөр энэ сэдэв улс төрч бүхний амнаас унаж байна.
Хөгжиж яваа улсын хувьд Монголд эдийн засгийн хөрөнгө оруулалт асар их хэрэгтэй байгаа нь үнэн. Эдийн засагт мөнгө ороод ирээсээ гэсэн хүлээлт ч иргэдийн дунд их бий. Хэрэв мөнгө ороод ирвэл ам.долларын өсөлт буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бага зэрэг хямдарна.
Иргэдийн амьдрал ахуй, улс орны хөгжилд асар их дэмжлэг болох нь гарцаагүй. Гэхдээ эдийн засгийн хөрөнгө оруулалттай зэргэцээд иргэдийнхээ тархинд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болжээ. Учир нь, монголчууд оюун санааны хувьд асар их доройтолд орж, сэтгэл зүрхэн дэх үнэт зүйлээ хаа нэгтээ гээчхээд байгаа бус уу.
Айж эмээх, ах захын хүндлэлийн тухай ойлголт бүр алдагдаад удаж байгаа шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хорь гаруйхан настай малчин залуу үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийг буудаж хөнөөсөн аймшигтай хэрэг гарсан. Үүнээс өмнөхөн татварын байцаагч бүсгүйчүүдийн хэрэг нийгмийг багагүй цочроосон билээ. Гэр бүлийн тааламжгүй харилцаа, бие биенээ хүндэтгэх сэтгэл, хувь хүний төлөвшил, ухамсрын доройтол эцэстээ ямар бузар муухай хэрэг өдүүлэх шалтгаан болж буйг, нийгэм тэр чигээрээ ямархуу бухимдалтай байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээс өдөр болгон шахуу гардаг гэмт хэргийн мэдээнүүдээс харж болно. Монгол хүний тал шиг уужим сэтгэл хаачаа вэ гэж асуумаар, нинжин сэтгэлээ хаана худалдчихсан юм бэ гэж халагламаар хэрэг олон гарах болжээ.
Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 60 гаруй мянган хүн сэтгэцийн эмгэгтэй гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Тэгвэл сэтгэцийн тулгамдсан асуудалтай нь нийт хүн амын 46 хувийг эзэлдэг гэвэл дээрх судалгаанаас харахад гурван монгол иргэний нэгнийх нь сэтгэц эрүүл бус гэж тодорхойлж болох юм.
Гурван хүний нэг нь асуудалтай болчихоод байгаа монголчуудын уураг тархины өлсгөлөнг юугаар эмчлэх вэ, яаж өсвөр үе залуучуудаа үнэт зүйлтэй болгох вэ, тэдэнд хүмүүжлийн тухай ойлголтыг хэзээнээс өгөх вэ гэсэн олон асуулт эзэнгүй үлдсээр. Гэтэл иргэнээ соён гэгээрүүлэх нь төрийн үүрэг билээ.
Соён гэгээрүүлнэ гэдэг нь аль нэгэн шашинд мухар, сохроор итгэхийн нэр биш. Нүгэл хийвэл хойд төрөлдөө хонин гүрвэл болно гэж сохроор номлох бус, сайн сайхан амьдрах эсэх, гэрэл гэгээ бүхэн зөвхөн чиний бусдад яаж хандахаас шалтгаална гэдэг ухагдахуунаар залуу үеэ хүмүүжүүлмээр байна.
 Монголд хүнийг биш эдийг шүтэх үзэл газар авсаар л байгаа шүү дээ. Өсвөр насны жаахан хүүгээс асуугаад үзээрэй. Чи хэн болох вэ гээд. Ихэнх нь сайн хүн болно гэхээсээ баян хүн болно гэж хариулах болов уу.
Ийм л эдийг шүтэх үзлээр хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа болохоор тэдний оюун санаа асар их өлсгөлөнд өртөхөөс ч яахав
Хүндэтгэлийг, хүн чанарыг монголчууд холоос хайдаг. Тэр нь хэзээ нэгэн цагт хүрээд ирэх юм шиг хүлээдэг. Гэтэл үнэндээ автобусанд ороод ахмад хүнд суудал тавьж өгөх наад захын асуудлаас хүний хүндэтгэл эхэлдэг. Түүнээс хүн чанарыг лам, хуварга, бөө удганаас авчихдаггүй юм. Хүүхдүүдээ багаас нь хүн болгож төлөвшүүлэх хэрэгтэй болж. Онц сур гэхээсээ илүү сайн хүн байхын утга учрыг таниулмаар байна.


Монголчууд хүн алах нь битгий хэл хонь муулахаа хүүхдэдээ харуулдаггүй байсан биз дээ. Тэр эрхэм чанараа хаана гээчхээд хүүхдээ амьдаар нь гудамжинд хаяж зүрхэлдэг болоо вэ? Хүүхдээ бүдрэхэд нь хүртэл хөх нь часхийдэг ээжүүдийн эрхэм чанар юу болчихов оо.
Ийм оюуны өлсгөлөнд нэрвэгдсэн монгол хүний уураг тархийг хооллох хэрэгтэй болжээ. Хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм хэмээн Бенжамин Франклины хэлсэн үг бий.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
“Оюуны өлсгөлөнд нэрвэгдсэн монгол” эхэд монголчууд эдийн шуналд хэтэрхий автаад оюуны соёл, соён гэгээрэл дутагдаад байгаа өгүүлжээ. Эхийг дараах даалгаврыг хүрээнд задлан шинжлээрэй.

1. Эдгээр учир шалтгаанд холбоотой баримтыг түүж бичээд тайлбарлаарай.

-       Нэг хэсэг нь мухар сүсэгт автаж, нөгөө хэсэг нь эд мөнгөнд шунаж ухамсрын асар их доройтолд орж байна-
-       Хөгжил рүү алхахын хэрээр монгол хүний үнэт зүйлс алдагдсаар-
-       Монгол хүний тал шиг уужим снтгнл хаачаа вэ гэж асуумаар, нинжин сэтгэлээ хаана худалдчихсан юм бэ гэж халагламаар хэрэг олон гарах болжээ.
-       Сэтгэцийн тулгамдсан асуудалтай нь хүн амын тодорхой хувийг эзэлдэг болжээ-
2. Эхийн 19-25 хүртэлх мөрөөс ойролцоо утгат үг, өгүүлбэрийн аль нэгийг олж бичээд тайлбарлаарай.

Үг,өгүүлбэр: Тайлбар:

3. Шүүмжлэлт өнгө аясаар илэрсэн /1-312 мөрөөс/ өгүүлбэр 2-г олж бичээд өөрийн үзэл бодлоор тайлбарлаарай.

Үлгэрлэвэл:
Өгүүлбэр нь: Монголчууд нэг л биш ээ?
Тайлбар нь: Нэг хэсэг нь мухар сүсэгт автаж, нөгөө хэсэг нь эд мөнгөд шунаж, нийгэмд болж байгаа үйл явдлыг харахад монголчууд ухамсрын асар их доройтолд орсон байна гэсэн дүгнэлт хийжээ.

4. Эхэд өгүүлэгдсэн эдгээр санааг эхийн баримтад тулгуурлан өөрийн үзэл бодлоор /44-55-р мөр/ дүгнэлт хийнэ үү.

Монголд хүнийг биш эдийг шүтэх үзэл газар авсаар л байгаа шүү дээ
Дүгнэлт:
Харахад хачин ганган хэрнээ толгой нь олгой болчихсон ийм л залуус захаас аван таардаг
Дүгнэлт:
Хүндэтгэлийг, хүн чанарыг монголчууд холоос хайдаг. Тэр нь хэзээ нэгэн цагт хүрээд ирэх юм шиг хүлээдэг
Дүгнэлт:

5. Эхэд ямар санаа дэвшүүлснийг жишээ баримтаар батлан, нэг цогцолбороор илэрхийлээрэй.
ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
“Оюуны өлсгөлөнд нэрвэгдсэн монгол” эхийн агуулгаас санаа авч, оюун ухаанаа тордохгүй бол хүнд ямар хор уршиг ирэх вэ? Баримт мэдээлэл ашиглан эх зохион бичээрэй. Үгийн тоо 250-300