вторник, 11 февраля 2020 г.


Алтай
Аав мориноос ойчиж, нуруугаа гэмтээн, хэвтэрт оров. Ээж аавын оронд тэмээ малд шогших болсноосоо болоод гэрийн бараа харахыг болив.(1)
Аавд цай аягалж өгөх, дэр хучлагыг нь засах, хэтэвчийг нь дөхүүлэх ажил надад оногдсон учраас хотны баруун хойно өрсөн чулуун тоглоомон дээрээ очиж тоглож чадахгүй болсоор нэлээд хоночхов. Ээжийг малд мордмогц би гэрийнхээ хаяанд ээжийг далд ортол нь хараан зогсоно. Ээжийг далд оров уу, үгүй юу,
 Алтай хэмээн аав гэр дотроос дуудна.
 Аан хэмээн хариу өгөнгүүтээ би гэртээ гүйж орж, аавын орны дэргэд очин,
 Юүгээ вэ?, ааваа гэнэ. Аав эс дуугарна.
Нүдээ юу ч үл чавчин, тооноор тэнгэр ширтэн хэвтэнэ. Би хариу хүлээн зогсож зогсож, аавыг юм хэлэхгүй болохоор нь сэмхэн гишгэлсээр буцаад гарна. Гэрийнхээ үүдэнд аавыг дуудах болов уу хэмээн чих тавин хэсэг зогсоно. Огт чимээ үл гарна. Аавыг дуудахгүй болохоор нь чулуун тоглоом уруу гүйчихмээр санагдавч гэнэт дуудах болов уу хэмээн бас бодогдож тээнэгэлзэнэ.(2)
Явж чадахгүй байж ч чадахгүй хий дэмий гэрийнхээ хаяанд суун нүцгэн хөл дээрээ шороо нэг асгаж нэг болино. Чимээ чагнана. Аавын тухай бодогдоно. “Тэртээ баруун зүгт орших Алтай гэдэг хана хэрэм мэт их уулсын бэлд аав чинь төрсөн юм гэнэ лээ” гэж ээжийн ярьсан санаанд ургана. “Ижийгийн чинь аавыг өргөж тээх болоод энэ хээр талд ирж нутаглах болсон юм даа” гэж аавын хэлж байсан бодогдоно.(3)
Хүүхдүүд Баяр, Жаргал, Энхээ энэ тэр гэсэн гоё гоё нэртэй байхад би яагаад ганцаархнаа ийм хачин нэртэй болчихсон юм бэ? гэхэд аав, Зүгээр, миний хүү . энэ чинь сайхан нэр. Чамайг том болох тусам нэр чинь улам томорно гэхэд нь би, Миний нэрийг та өгсөн юм уу? Гэлээ. Тиймээ. Ээж чинь Баатар гэсэн нэр өгөх гэхээр нь би төрсөн нутгийнхаа уулыг дуудаж байя гэж бодоод чамд “Алтай” гэж нэр өгсөн юм. “Алттай” гэдэг үг сунжраад ийм үг болсон ч байж мэднэ. Манай Алтайн нуруу хэзээнээс нааш алт эрдэнэсээр баян орон юм гэнэ лээ гэсэн сэн. (4)
Тэгэхэд нь би Баатар гэж нэртэй болсон бол Жагарын баатрууд шиг баатар эр болох байсан байх байх даа. Тэгсэн бол шөнө орой гадаа гарахлаа огт айдаггүй хүн болох байсан байх ч гэж бас бас бодогдоно. Аав гэнэт миний нэрийг андуураад “Баатар” гэж дуудаасай. Тэгвэл мөн я гоёо гэж бас мөрөөднө. Тэгэж дуудахыг сонсох гэж байгаа юм шиг чагнана. Чимээ эс гарна. Дахиад л хөл дээрээ шороо асгана. Намрын шар нарны илч шингэсэн шороо хөл бүлээцүүлэх нь таатай. Чингэтэл аав гэрээс, - Алтай хэмээн дуудна. Ухасхийн босож явуут дундаа “Аан” хэмээн дуугараад гэртээ гүйн орж, аавын орны дэргэд очно. Аав юу ч эс хэлнэ. Хэсэг хүлээн зогсож байгаад дахиад л гарна. Чимээ чагнан ээжийг харан үүдэндээ зогсоно. Ээжийн ирж явах бараа үл харагдана. Аав чимээгүй... (5)
Ингэж тэр нэгэн намрын яндан хонгиносон өдрүүдийг арай чамай барж билээ. Магадгүй тэр нэгэн өдөр аавыг огт дуудахгүй болохоор нь сэмээрхэн хатавчаа ярж байгаад аавыг хараагүй бол, намайг харахад аав урьдын адил тэнгэр ширтэн хэвтэж байсан сан бол намрын тэр өдрүүд барагдахгүй байх байсан ч байж мэднэ.тэгсэн сэн болийм явдал болохгүй ч байх байсан байж мэднэ. Даанч тэгсэнгүй.(6)
Намайг хатавчаар харахад аав цаашаа, хана уруу хараад хэвтчихсэн байсан юм. Яагаад ч юм. Тэгэхээр би гэртээ гүйж ороод, “Ааваа” гэж зөөлхөн дуудлаа. Аав огт хариу дуугарсангүй. (7)
Хэчнээн ч татаад би аавыг нааш харуулж хүчирсэнгүй. Тэр цагаас хойш аав “Аан” гээд эргэж хараагүй билээ. Тэр мөчөөс хойш намайг нэг ч удаа дуудаагүй.(8)
Тэр цагт аав намайг биш Алтайн их уулсаа л дууддаг байсан юм билээ. Тэгээд дуудсан юм нь биш байсан учраас дуугардаггүй байсан юм билээ. Уг нь би биш Алтайн уулс нь очсон сон бол аавыг аврах байсан ч байж магадгүй гэж би боддог юм. Тийм учраас аавыг хэчнээн ч дуудлаа гэсэн аав ирэхгүй гэдгийг би мэддэг болсон юм. Харин би аавыг хаанаас ч дуудсан очноо. Олон дуудуулахгүй ээ.(9) Д.Батбаяр

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
“Алтай” эхэд аав нь хорвоогоос буцаж, Алтай хэмээх нэр ямар утга учиртай, түүнийг хэрхэн өгсөн тухай өгүүлжээ. Эхийг дараах даалгаврын хүрээнд задлан шинжлээрэй.

1. 2-р цогцолбороос Алтайн чулуун тоглоомон дээрээ очиж, чадахгүй нэлээд хэд хоносны учир шалтгааныг зохиолоос 5 жишээгээр бичнэ үү?

Жишээлбэл : Аавд цай аягалж өгөх ажил оногдсон.
- Ээжийнхээ эзгүй хойгуур аавыгаа асарч байх үүрэг оногдсон.

2. “Алтай” –д “Баатар” нэр өгөөгүйн учрыг 4-р цогцолбороос дүгнэж бичээрэй.

3. “Чамайг том болох тусам нэр чинь улам томорно” гэдгийг юу гэж ойлгож байна вэ? Үүнийг 2 өгүүлбэрээр тайлбарлан бичнэ үү?

4. “Ингэж тэр нэгэн намрын яндан хонгиносон өдрүүдийг арай чамай барж билээ.” гэсэн өгүүлбэрээс тодруулсан холбоо үгийн утгыг тайлбарлана уу?

5. “Ээжийг далд оров уу, үгүй юу л,

- Алтай хэмээн аав гэр дотроос дуудна.” гэсэн харилцан ярианы тодруулсан үгийг, ойролцоо утгатай бүтээврээр солин найруулж, угсарсан нийлмэл өгүүлбэр болгоорой.

ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

“Алтай” эхийн бичлэгийн арга барилаас санаа авч, “Хүн өтлөхөөрөө нутгаа, тураг өтлөхөөрөө уулаа” хэмээх хэлцийг эхийн бүтцийн аль нэг хэсэгт ашиглан, агуулгыг нэмэн дэлгэрүүлж, гарчиг өгөн, эх зохион найруулж бичээрэй.
Үгийн тоо 250-300

Комментариев нет:

Отправить комментарий