понедельник, 17 февраля 2020 г.


О. ДАШБАЛБАР “ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ”
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла
Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэж суугаа
Амтат бяслаг, хуруу зузаан өрмийг нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой
Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү
УНШИХЫН ӨМНӨ:
Хүүхдүүд ээ, Та нар “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”-ийг уншсаныхаа дараа энэ шүлгийн
хариу болгож, “Найрагч ахдаа хүргэх шүлэг” гэсэн шүлэг зохион бичнэ үү.
Ийнхүү бичихдээ, “Уянгын зохиол бол хүний сэтгэл санааны байдлыг гол төлөв шүлэглэн
гаргадаг. Уянгын зохиолоос хамгийн төгс боловсорсон авианы байгууламж бүхий нь шүлэг”
гэдгийг санаарай.
Ширхэг ширхгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьтаж, аавдаа нэг очоорой
Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйд гэмшээрэй
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй
Энд чи буруудаж явахад эцгийн чинь нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах юу л бол
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү
Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай
Хоног өдрүүдийг жаргалтай үдлээ ч дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавын гэрийн босгыг алхаж үзээрэй
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь “хүү минь” гэсээр босож ирнэ
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина
Аав чинь гэрийн хойморт алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи
Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи
Дээдийн номтой мэргэдийг эрж
Дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг
Дэндүү ойшоолгүй явснаа бод
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав ээж хоёр чинь юм шүү
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй
Эрт цагт гэрээсээ гарсан өөрийгөө л
Ээж, аав хоёртоо хүргэж өг
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ
Учир мэдэхгүй нялх байхдаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч эндүүрч явлаа
Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
“Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй
Алдааг минь та нар бүү давтацгаа
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа
Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг
Ах нь мэдэхгүй ээ
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла
Эх сурвалж: (Монголын уран зохиолын дээжис.74-р боть. Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ
УБ., 2001.)
Үгийн тайлбар:
• Эргэнэг – монгол гэрийн гал тогооны хэрэглэлийг агуулах хорго сав, тавиур
• Гангар – нарийн ур хийцтэй шаазан
• Тагш – модон аяга
• Моод (мода) - загвар
УНШСАНЫ ДАРАА:
1. Шүлгийг уран уншаад чухам яагаад яруу сонсголонтой байгааг тайлбарлаарай.
2. “Залуус дүү нартаа” гэсний учрыг сайтар бодоорой.
3. Ээж, аавын дүр төрх, сэтгэл зүйн ялгаа, хүүгийн чин сэтгэлийн өчил үг, захиас
даалгаврыг эргэцүүлэн бодоорой.
ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:
Зохиолын сэдэв: Зохиолын сэдэв гэдэг бол хүний аж амьдралын олон үзэгдлийн дотроос
зохиолчийн бодол сэтгэлийг эзэмдэж, уран бүтээлийн бодол оюунд товлогдсон тэр зүйл юм.
Зохиолын уран үг хэл:
Оросын нэрт яруу найрагч В.В.Маяковский: ”Мянган тонн үгийн хүдрийг түүж байж,
Магадгүй нэг үгийг олж болно” гэж хэлжээ. Их жанжин Д.Сүхбаатар: “Нэг үгээс мянган утга
цацарна” ч гэсэн байдаг. Иймээс зохиол, тэр тусмаа шүлэг, яруу найргийн үгсийн сонголт нь
жинхэнэ тунгаамал, шижир алт мэт нандин байдаг. Үүнийг хүүхдүүд та нар, алдартай яруу
найрагчдын шүлэг зохиолоос нэгэнт мэдэх бөгөөд түүний нэг жишээ нь О.Дашбалбарын
“Залуус дүү нартаа хүргэх шүлэг” билээ. Ийм учраас аливаа зүйлийг зохион бичихдээ үг
сонголтыг оновчтой хийж, түүний утга, дүрслэлийг сайтар тунгаан бодох хэрэгтэй юм.
ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:
УНШИХ:
1. Хүний амьдралын жам ёсны тухай гүн санааг өгүүлсэн хамгийн гол хэсгийг олоод,
хүний амьдралын утга учир чухам юунд орших тухай тайлбарлаарай.
БИЧИХ:
1. Шүлгээс өөрт хамаатай, сэтгэлдээ хамгийн ойр санагдсан санаа бүхий хэсгийг
сонгож бичнэ үү
2. Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
“Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй
Алдааг минь та нар бүү давтацгаа
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа
Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг
Ах нь мэдэхгүй ээ... энэ хэсгийг уншаад өөрийн үзэл бодлоор тайлбарлан бичээрэй

Комментариев нет:

Отправить комментарий