понедельник, 2 марта 2020 г.


                  Ч. ЧИМЭДДОРЖ "СЭЛБЭ"
Газрын хөх судас бүдэг бадагхан цохилно
Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино
Агсал буурал туултайгаа хатирч бэлчирлэдэг усан
Адуу бараадан дагах тушаатай морь шиг дэгнэ
... Дүүрэн Сэлбэ биднийг ширгэтлээ сэлбэлээ
Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа
Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы
Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна
Улаан голоор чинь урсаж байгаа
Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа
Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа
Улс амьтны хөлд гутаж байгаа
Уулсынхаа элгэнд хярж байгаа
Ухаан гуйн залбирч байгаа
Шидмэс шиг гол нэг л үүрээр
Шивнээ нь тасарч, амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ
Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг
Тогтоож чадалгүй уурга чиргүүлэн алдсан байж
Зэм халдаамгүй Алтайн цаадах
Зэрэглээ залгилсан халтар говийн
Бидрээ гээтэл цалгилах эмнэг хуланг тогтоох юм гэнэ
Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа! 1988 он
Үгийн тайлбар:
Ширээх - хатуу болгох
Шидэмс - богино , муу дээс
Бидэр - жижигхэн зурвас толбо мэт болон харагдах хээ
Хярах – амьтны эмээн болгоомжилж, нуугдан бүгж, хөдлөхгүй чимээгүй хэвтэх
Эмнэг – атар догшин, эдэлгээ уналганд сураагүй, онгон
УНШСАНЫ ДАРАА:
ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:
“...Ц. Чимиддорж нь “Сэлбэ” шүлэгтээ байгаль орчноо хамгаалах санааг эрс зоримог, хүчтэй
агаад урнаар өгүүлсэн. Тэрээр байгалийн сэдэвт шүлэгт зонхилж байсан магтаалын болон
уянгын аясыг шинжлэх ухаан технологийн эрин үед хүн төрөлхтний анхаарлыг татаж буй
байгаль орчинг хамгаалах өргөн цар хүрээтэй утга агуулгаар баяжуулж, санаагаа уран тод
дүрслэлээр илэрхийлснээрээ яруу найрагт өөрчлөлт шинэчлэлтийн хандлагыг бий болгоход
хувь нэмэр оруулсан юм... ”
(ШУА, ХЗХ. Монголын орчин үеийн уран зохиолын түүх,4-р боть (1980-2000). УБ.,2014.21-р
тал)
ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:
УНШИХ:
1. Шүлэгт ямар асуудлыг хөндөж тавьсан бэ?
2. “бөг бөг шогшино, тушаатай морь шиг дэгнэ” гэсэн дүрслэлээр ямар далд утгыг
илэрхийлж байна вэ?
3. Дээрх утгыг тайлбарлахдаа үг бүрийн цаадах үндсэн утгыг ярилцаж, тайлан
тайлбарлаарай.
4. Уг шүлэгт гадаад, дотоод орчин хэрхэн дүрслэгдсэн бэ?
5. Сэлбэ голын тухай өгүүлсэн дүрслэл нь дотоод сэтгэлтэй хэрхэн холбогдож байгааг
ярилцаарай
6. Шүлэгт хэрэглэсэн адилтгал, зүйрлэлийн жишээг олно уу.
7. “Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа” гэсний утгыг тайлбарлаж, харилцан санаа
бодлоо солилцоорой.
БИЧИХ:
1. Хүмүүн бидэн байгальтайгаа буруу харьцсанаас болоод Сэлбэ гол шиг болоод байгаа
бидний өмнө тулгамдсан олон асуудал бий. Тэр санааг дэвшүүлж, үзэл бодлоо уран
сайхнаар илэрхийлж, байгалийн бодит жишээн дээр тулгуурлан шүлэг зохион
бичээрэй.
2. Шүлгийн санаанаас сэдэвлэн, эх дэлхий, байгаль орчноо хамгаалах сэдвээр эсээ бичиж
болно. Ингэхдээ ямар хэлбэрээр, яаж бичихээ сайтар төлөвлөж, холбогдох нэр томьёог
хэрэглэн, баримтаар нотолж, тайлан тайлбарлаж бичээрэй.
ЯРИХ-СОНСОХ:
1. Шүлгийн хэсгээс өөрт таалагдсан хэсгийг цээжлэн, яриандаа ашиглаарай. Жишээ
нь:
... Дүүрэн Сэлбэ биднийг ширгэтлээ сэлбэлээ
Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа
Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы
Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна... гэх мэтээр сонгон
цээжилсэн хэсгээ ярихдаа ашиглаж болно.
БИЕ ДААЖ УНШИХ ЗОХИОЛ:
1. МУЗ-ын дээжис, 97-р боть. УБ.,...
2. ШУА, ХЗХ. Монголын орчин үеийн уран зохиолын түүх,4-р боть (1980-2000).
УБ.,2014.

Комментариев нет:

Отправить комментарий