понедельник, 9 марта 2020 г.


Бэрлэг
Мод  тариа хоёр нь хиллэсэн нэг их номин хангайг Бэрлэг гэх. Зунжин намаржин усан борооноор уйлагнаж, өвөлд нь цасаа даахгүй нэвсэрсэн тэр эцэг ууланд  би намрын дунд сараар очиж билээ. Хайрлаж өрөвдмөөр, халаглаж  харуусмаар улс гэж байдаг. Тэнд надтай анх түрүүн учирсан, үс сахалдаа баригдаж, давирхай ханхлуулсан тэр хүмүүс чухамдаа тэдний  л нэг байлаа. Уйлахад нулимс дутах, уучлахад ухаан зулрах тэр хүмүүс цагтаа нар салхинд наргиж даргиж явлаа гэж өнгөрсөн гэрэлт амьдралаа гунигтайхан ярьж суулаа.
Ерөөс хүнд өнөөдрөөс өчигдөр нь үнэтэй байсан цаг бишгүйдээ л байх. Тэр дундаа нүглийнхээ аргамжинд  богтлуулсан эдэнд өнгөрсөн нь юу юунаас ч илүү үнэтэй санагдаж суугаа нь лавтай. Бид тэднийг хоригдлууд гэх. Харин тэд өөрсдийгөө хулгайч гэлцэх. Бид чинь ямар л олигтой хүмүүсийг “хулгайч аа”  гэж дууддаг билээ дээ.
Энэ их хөвчид үс сахалдаа баригдсан энэ хэдэн хүнээс өөр амьд амьтан үгүй юм шиг дэндүү цөлх[1]. Хүмүүс л болсон хойно хайран байлгүй яахав, тэр дундаа түнжин толгойдоо хиртэй хар алчуур хайнгадуухан зангидсан, туранхай бор хүү дэндүү хайран санагдаж байлаа.  Дөнгөж эр танаглаж яваа насандаа ийм газар морилчихсоныг бодоход бэргэж дөлмөөр. ...Тэд ажилдаа гарлаа. Нойтон өвсөн дээр ундуй сундуй хаясан хөрөө сүхээ авч, салхи ч нэвтрэмгүй битүү хар бургас, амьд биеэсээ хагацсан хожуул мөчир, дундуур шавар намаг үсчүүлэн, ар араасаа гэлдрүүлж өгслөө.
Чөтгөрийн бага  гэмээр мөнөөх хүү бид хоёр, нулимс шиг давирхай бурзайсан цоо шинэхэн хожуул дээр зэрэгцэн сууж өнө ирээдүйн тухай ярьж үлдлээ. Хүний өнгөрсөн амьдрал, гунигт түүх рүү эрээ цээргүй өнгийх гэдэг надад ч тэгтэл таатай биш байснаас хүүг эндээс гараад юу хийх, хэрхэн амьдрах тухай санаа бодлыг нь сонсох нь хал балгүй санагдсан хэрэг. Хүүг Хоохор гэх.Хоохор хиртэй алчуураа авч нар салхинд борогшсон нүүрээ нэгэнтээ арчсанаа түнжин толгойгоо маажин,
-           Авгай авна... гэсээр ичингүйрэн, туниагүй инээмсэглэлээ. 
-           Санадаг л санаа.
 - Тэр дахин инээмсэглэснээ “Нэг сайхан ажил олж хийнэ” гэж өөртөө итгэлтэй хэлснээ гэнэт урам хугарав бололтой “Одоо ч  тэгээд ажил олдохоо байсан гээ биз дээ” гэлээ.Ажил ч олдолгүй дээ.
Тэгвэл ч сайхан байнаа. Ажилтай амьдралтай болсон хүн дахиад юу боллоо гэж наашаа ирэх вэ дээ. Энд чинь ухаантай хүн ирэх газар биш. Над шиг хөл толгой нь мэдэгдэхээ байсан юмнууд ирдэг юм. Түүнийгээ эр зориг гаргаж, хүний хийж чадахгүйг хийчихсэн юм шиг бардахыг нь яана гэсээр газар нулимах нь цөхөрч гутарсан хүний эцсийн, бүр өөрийгөө үзэн ядсан сүүлчийн арга тасралт санагдлаа. Хоохор хэсэг чимээгүй сууснаа
-   Хот сайхан болж уу, бужигнаад л байна уу?... Уулын мухарт бидэнд үзэж сонсох юм байх биш. Сонсдог юм гэвэл бухимдаж цухалдсан хулгайчуудын эх адаггүй хараал, үздэг юм гэвэл намалдгаа нээлцэх л байдаг юм гэсээр нэг муухай инээв.Түрүүний гэмшингүй туниагүй инээд хаашаа хийсээд алга болчихсоныг гайхмаар байлаа. Зөвхөн инээд төдийгүй хонин бор нүд нь хорсолтой гялалзах нь хүн гэдэг нэг суудал дээр хэд ч хувирч болдгийг хэлэх шиг санагдлаа.
-   Суллагдах дөхөж байна уу?
-   Аа мэдэхгүй, энэ   уулын модыг хядаж  дууссан хойно  л  орны  бараа  харах юм байлгүй гэсээр шүүрс алдах нь түрүүхний догшин төрхөө бас л шилгээн,  арга тасарсан хүний сөөнгө хоолойгоо заслаа.
 Энэ бүхнийг би “ Энэ хүн дэндүү эрт сэтгэлээр өтөлж дээ”  гэсэн бодлоор тайлбарлав. Хэлчих бэлэн зэхээний үг байсангүй тул би ч бас хэсэгтээ чимээгүй байлаа. Тэр надаас харцаа буруулна. Би Хоохорын сэтгэлийг засах санаатай,
Миний дүү сайхан амьдарна аа гэлээ.
Хоохор чухамдаа хүүхэд балчир насандаа  л ингэж инээмсэглэн дэгдэж явсан болов уу гэмээр нүүр дүүрэн 45 инээмсэглэв. Бэлгэтэй сайхан үгээр дутаж явсан хүн ийм ажээ.
-Би ч бас тэгж боддог юм шүү гэж тэр бүүр нэг эр хүн шиг ам бардам хэллээ.
-Бэрлэгийн ногоон хөвчид гэнэт их чимээ гарлаа. Хоохор чихээ дарлаа.
Хоохор мод чулуунд шархалсан гараа чихэн дээрээсээ авч санаа алдсанаа “Бэрлэг ч мөн сайхан  уул байсан шүү. Одоо бид хэдэд мөлжүүлж гүйцлээ. Амьд нь амьдыгаа устгана гэдэг л энэ байх. Мод чинь амьд ертөнц гэсэн биз дээ” гэсээр дахиад санаа алдлаа. Тийм ч юм даа, хайран ногоон Бэрлэг.
Ухаантай нь ухаангүйгээ, хүчтэй нь хүчгүйгээ эзэрхийлсэн энэ орчлонд үнэхээр л Бэрлэгийг цэнхэр хангайн мод бүхэн навчсаараа уйлах мэт нойтон ногоон навчис хөрөө сүхний дуунд ганц нэгээрээ газардана .
Санжийн Пүрэв.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
“Бэрлэг” эхэд амьдралдаа алдсан ч хүн төрхөө гээгээгүй, холын мөрөөдөлтэй хүүгийн тухай өгүүлжээ. Эхийг дараах даалгаврын хүрээнд задлан шинжлээрэй.

“Зунжин намаржин усан борооноор уйлагнаж, өвөлд нь цасаа даахгүй нэвсэрсэн тэр эцэг ууланд  би намрын дунд сараар очиж билээ.” өгүүлбэрээс дараах дүрслэх ур маягт тохирох дүрслэлийг олж бичээрэй.       
Хүншүүлэл ....................................................................................................... .............
Ихэсгэл..............................................................................................................................
Адилтгал.......................................................................................................... .............
5-р мөрөөс цаг хугацааны утгатай хэллэгүүдийг  олж, “өнгөрсөн амьдралаа” гэдгийн цагийн утгыг тайлбарлаарай.                                                               
                                                                                                                
Өнгөрсөн амьдралаа ...........................................................................................................
                        
Хоохорын дүрээс итгэлтэй, цөхөрсөн, цухалдсан зэрэг сэтгэлийн өнгө аясыг илэрхийлсэн жишээг бичээрэй.  
Итгэлтэй, Цөхөрсөн, Цухалдсан
Хоохорын харамсаж байгаа байдал юун дээр илүү мэдэгдэж байна вэ? Үүнийг түүний хэлсэн ямар үгээр баталж болох вэ?
............................................................................................................................................
........................................................................................................................................................................................................................................................................................
- Дараах өгөгдлүүдийн алийг нь эхийн гол санаа гэж тодорхойлж байна вэ? Эхээс авсан жишээгээр нотолж  бичээрэй.                                                          
Алдахгүй хүн байдаггүй. Алдаан дээрээ суралцах нь чухал
Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг мөн.
Хүнийг хүн ёсоор үзэх нь итгэл өгдөг.  

ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
Гол санаа болгож авсан өгөгдлөө өөрийн санаагаар баяжуулж эргэцүүлсэн эх зохиож  бичээрэй.  /Үгийн тоо 250-300/


[1] нөр, цөлх; шамдуу, хичээлтэй; *шаргуу ажиллах; шаргуу тулалдах; шаргуу хэлэлцэх

Комментариев нет:

Отправить комментарий