Хялганат
талын цагаан зээр хар цээр биш ээ
Хөөрхий амьтан...
намар орой хатсан хамхуул, өгөр гандуу зээр хоёрыг хорвоо ямар даахгүй гэх биш
дээ. Бодоод бодын шийр дөрөв. Амьтан болсон л хойно, зайлуул, өөртөө таарсан
мөрөөдөл далд ухамсраа тээж явдаг л байх”. Араатнаас айлгүй ганц удаа бүтэн
нойртой хонож үзэх юмсан. Элчилгүй ээрэм талд минь балгахан ус байдаг ч
болоосой. Өдөржин шөнөжин шилбүүрдэн хөөх хөх салхины дор хором бохисхийгээд
авах малгай чинээ нөмөр олдоосой билээ.
Бодол гэж байдаг бол
энэ хүрээд зогсох төдий өчүүхэн хорвоо,
зөвхөн чинийх шүү гээд өмчилж өгсөн хялганат талдаа хулгайч шиг түгшиж амьдрах,
юутай шударга бус. Үүрээр дагжин чичирч босон харайна. Өмнөх өдрөөс улам л хол
харайж үйлийн үртэй амь биеэ авч үлдэхийн төлөө зүтгэнэ. Мянга мянгаараа
нийллээ ч сүргийн эзэн сүрхий ооно гэж үгүй. Эр эмгүй цөм уяхан туяхан, уйлсан
уруудсан бөөн хамхуулууд.
Жаднаас хурц хоёр
шорон эвэр бурхнаас заяасан ч юунд хэрэглэхийг нь хэлж өгөөгүй. Юун чонын
өөдөөс дайрах манатай. Цагаан зээрийн өдий хүртэл оршсоор ирсний учир юун гэвэл
хэнд ч гай болохгүй дэндүү мөрөөрөө явсных нь их буян бөлгөө. Хоёр өвс таарвал
нэгийг нь, нэг өвс таарвал хагасыг нь үлдээж тал нутгаа там болгоогүй элэг зөв
амьтан шүү дээ.
Энэ амьтны “эрлэг
номун хаан” нь дээхэн үеийн цэргийн ангийн машин унасан согтуу галзуу цэрэг ахлагч
нар байлаа. Тэд зээрийн сүрэг рүү байлдааны хүчирхэг буугаар гал нээж, цусанд
нь будаж, зугаагаа гаргадаг байсан юм. Дорнод талд үе үе болдог энэ аллагын
дараа эхийгээ босоод ирнэ хэмээн тормойтол хүлээх янзага, гэдсээ хөвүүлсэн,
хөлөө санжуулсан эрэмдэг амьтдаар тал дүүрч, салхи ёолж, элэг эмтрэм эмгэнэл
үлддэг сэн ...
Амьтны амийг
таслахад худлаа ч гэсэн шалтаг гардаг бол зээрэнд хэлэх үг олдохгүй. Бэлчээр
тахалсан, булаалдсан гэлтэй биш, махыг нь хүнсэнд гэх боловч арвигүй энэ тураг
махаар өвлийн идшээ базаадаг хүн гэж үгүй. Элдүүр даахгүй арьсыг нь гутлын ул
үрэхэд ч нэмэргүй.
... Цагаан зээрийг улаан зээр болтол
хядах нь арай л элэг барьсан явдал.
Нэг зээр чонын хоол болтлоо юутай их
зовлон туулдаг гэж санана. Хавар орой төрсөн янзагаар тал тэр чигээрээ
хооллоно. Үнэг, хярс, элээ, шаазгай хүртэл “ нялх ногоо” идэж тэнхрэхээр
янзаганы анд оролцоно.
Бид сувай шаргачин гээд нэг сайхан
амьтан байдаг шиг ярьдаг дуулдаг бил үү. Сувай шаргачин нь алаг нүдэндээ дүүрэн
нулимстай , эцэнхий бөгтөр гөрөөс юм. Шаргачингууд нэг дор цугларч бөөнөөрөө
төрдөг. Хээлтэй гөрөөсийг эртнээс даган шиншилж яваа араатнаас үр төлөө нуухын
тулд хэвтээд босохын зуур түргэхэн унагаж төрөөд бутны уг руу янзагаа
шургуулаад зугтан оддог. Хорвоод сая мэндэлсэн янзага тэнгэрт дуугаа хадааж
орилохын оронд амьсгалаа түгжин хэдэн цагаар хөдөлгөөнгүй бүгэх зохилдлогоотой.
Эх нь зугтлаа гээд тийм ч хол явчихгүй . Тэрүүхэн тэндээ цомцгоноод нүд
салгахгүй. Харин “хөгшин муур” зээрийн нүдийг дагуулж хараад “Аа энд л нуусан
аж” гэсэн шиг янзагыг дор нь суйлаад л зуугаад явчихна.
Хөөрхий зээр хөлөө газар дэвсэн,
хамраа тачигнуулан арай л үсээ зулгааж чадахгүй юм даа. Түүнийг ийн гашуудаж
байхад янзага барьсан араатан нүдэн дээр нь үрийг нь амьдаар тамлан өөрийнхөө
зулзаганд зээр агнах хичээл заацгаадаг ... Юутай ч намар гэхэд олны олон
гэсэндээ тал бүрхсэн зээрийн сүрэг өсөж өндийх боловч зовлон дуусахгүй .
Хамгийн гаслантай нь малаас бус зээрнээс
шүлхий өвчин тарлаа гэсэн цуу гарна. Шүлхий тараасан гээд зээрийг зуу зуугаар
нь буудан хөнөөж эхэлнэ. Санаа муут яван хатна гэгчээр тэнд одоо зээр ч үгүй
мал ч үгүй болох нь байна. Цагаан зээр нь хонь ямаанаас өөр төрөл, адуу үхрээс
ондоо амьтан болохоор тэр болгон ойртон дотносож шүлстэй хошуу амаа нийлүүлээд
байх нь юу л бол ... Галзуу чоно шиг хүн мал хоёр дээр давхиад ирдэг зээр гэж
үгүй ... Талд бэлчиж яваа зээр бүрийг устгаад оронд нь малаа тавьж бэлчээх. Энэ
бол амархан, гагцхүү дараа нь ... Уул усны лус савдгийг хэрхэн тахиж ямар маань
уншиж аргаддаг юм бүү мэд ... Хөөрхий дөө.
Ж.
Гангаа
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР
СОРЬСОН ДААЛГАВАР
“Хялганат талын цагаан зээр хар цээр
биш ээ” эхэд байгаль ан амьтантайгаа зүй бусаар харьцсаны улмаас ховордсоор
байгаа тухай өгүүлжээ.. Эхийг дараах даалгаврын хүрээнд задлан шинжлээрэй.
1. Зээрийг хөнөөн устгаж буй гурван
баримтыг олж бичээрэй.
2. “...Намар орой хатсан хамхуул,
өгөр гандуу зээр хоёрыг хорвоо ямар даахгүй гэх биш дээ” өгүүлбэрийн онцолсон
хэсгийн утыг тайлбарлаарай.
3. Хэлцийн утгыг тайлбарлаарай.
- Мөрөөрөө явах,элэг зөв ,элэг
эмтэрмээр,элэг барих,салхи ёолох,элдүүр даахгүй,санаа муут яван хатна.
4. “Араатнаас айлгүй ганц удаа бүтэн
нойртой хонож үзэх юмсан. Элчилгүй ээрэм талд минь балгахан ус байдаг ч
болоосой. Өдөржин шөнөжин шилбүүрдэн хөөх хөх салхины дор хором бохисхийгээд
авах малгай чинээ нөмөр олдоосой билээ” гэсэн зээрийн бодлыг үргэлжлүүлэн хоёр
бодол нэмж бичээрэй.
5. Зохиолч эхэд ямар санаа дэвшүүлсэн
байна вэ? Дэвшүүлсэн санаагаа баримтаар нотолж нэг цогцолборт багтаан
илэрхийлээрэй. /7 оноо/
ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР
СОРЬСОН ДААЛГАВАР
“Хялганат талын цагаан зээр хар цээр
биш ээ” агуулгаас санаа авч , ховордож байгаа амьтдаас нэгийг сонгон асуудал
дэвшүүлсэн эх бичнэ үү?
Комментариев нет:
Отправить комментарий