понедельник, 23 марта 2020 г.


Богд Очирваань
Тэмээтэй нүүдэл зогсох, хөдлөх нэн аажим. Орчин цагийн иргэний тээврийн супер онгоцны нисгэгч агаарын хөлгөө газардуулах мэт намбалаг. Мөнөөх “Люкс арагт” дугхийж явахад нүүдэл зөөлөн зогсох нь мэдрэгдэнэ. Шар хөтөл юм уу, Зүүнбулагийн даваан дээрээс л ийм явдал болдогсон. Арагнаасаа өндийн харахад хангайн нурууны ширээ шиг тэгш оройтой уулсын дээгүүр мөнгөн гурвалжин мэт Отгонтэнгэр үзэгдэнэ. Уул усны эзэд хангай дэлхийгээрээ тахилын ширээ үйлдээд цагаан титэмт бурхан залсан мэт. Отгонтэнгэрийн олон дүр төрхөөс хамгийн ер бусын байдал нь тэрхүү пирамид маягийн гурвалжин дүр байдал бөлгөө. Магадгүй, хамгийн анхны сэтгэгдэл, хар багаас хоногшсон дүр төрх учраас тийн санагддаг ч байж магадгүй. Эмээгийн маань дуу ойртон ирж: -Миний хүүгийн Богд Очирваань гараад ирлээ дээ гэнэ.
Тийм ээ, тэр уул миний уул, бас эмээ болгоны ач хүүгийн уул. Надад анх удаа уул усыг “минийх мэт” хайрлах сэтгэл тэгж төрсөнсөн. Аваад явж болдоггүй, сахиад үлдэх аргагүй, өмчлөөд үлдээх боломжгүй ч гэсэн “миний юм” байж болдгийг тэгэхэд анх ухаарчээ. Энэ хорвоо ч тийм бөлгөө. Эмээ минь үнэн хэлсэн ажгуу.
Би тэр уул хайрхныг өмчлөн суухгүй, үүрээд явахгүй, гэхдээ л тэр бол миний уул. Учир нь би нэг юманд уягдах учиргүй, нэг үнэнд хүлэгдэх явдалгүй, үзэл санааны нүүдэлчин хүн. Үзэж үл барах, таньж үл ханах ертөнц дэлхий өмнө цэлийж байгааг төрөхдөө л мэдэрсэн. Нүүдэлчин хүн таних мэдэхүйн загварт баригдах дургүй. Мөн чанараараа догмын эсрэг. Нүүдэлчид юмыг эсэргүүцэхийн оронд түр хүлээн зөвшөөрдөг. Хүний үзэл санааг шүүн хэлэлцэх, шүүмжлэхийн оронд түр хүлээн зөвшөөрдөг. Хүний үзэл санааг шүүн хэлэлцэх, шүүмжлэхийн оронд зөвшөөрөн бусдыг өөрийн гэсэн үнэнтэй нь орхиод одохыг боддог. Ертөнц шүүн хэлэлцэхэд бус үзээд өнгөрөхөд зориулагдсан гэж хардаг.
Тэд хамгийн өндөр уулын цаана хамгийн өндөр уул байгаа гэдгийг мэдэрдэг. Тийм болохоор өөрийн уулыг хамгийн өндөр гэж боддог нэгэнтэй маргаж суухын оронд тэнгэрийн хаяа руу замаа хөөхийг эрхэмлэнэ. Бас хамгийн үржилт нутгийг ч орхиод дассан шигээ. Алдана гэдэг бол шинийг эрэх шалтгаан, хагацна гэдэг бол илүү сайхнаар учрахын бэлтгэл гэж ухаардаг, мянга мянган зуд гамшгийг өвөлжөөндөө хаяад нүүсэн шигээ...
Намар уруудаж нүүтэл Отгонтэнгэрийн бараа үл тасарна. Отгонтэнгэрт ил зусаж буй айлууд тэр зүгт үнсээ үл асгана. Тийш харж “морь харах”-ыг цээрлэнэ.
Отгонтэнгэрийн дүр төрх олон янз. Баруун хойноосоо бол тал алиман сар хэлбэртэй, торгон ирмэгийг нь цас эмжээрлэнэ. Эс бөгөөс үүлсийг эсгэж ир нь цайрсан алман сүхээ асар тэнгэрүүд газарт мартсан мэт. Энэ дүр хувирал Даян зуслангаас үзэгдэх бөгөөд монгол төгрөгийн “100” ба “50”-тын дэвсгэрт дээр буй.
Харин зүүн өмнөөс нь харахад цагаан хэвнэг хагас хөдөрсөн орон дэлхийн эзэн бээр, газар тохиолдоод хагас хажуулах мэт. Өмнө рашаан дүүрэн бадар аяга нь мэлтэлзэх нь тахилгат нуурын Бадар хундага бөлгөө. Ийм дүр байдлыг Отгонтэнгэрийн тахилгад очсон Бадар хундага- ариун нуурыг тольдохоор очигсод мэднэ. Хүн болгонд анх харсан тал нь хамгийн төгс, хамгийн эрхэм.
Өндөр газрын араншин таагдашгүй. Дөнгөж саяхан л цэлмэг тэнгэрт сүүмийн байсан Богд Очирваань хайрхан агшин зуур үүлэнд баринтаглуулан бараа тасарна. Гэнэтхэн тэнгэрийн тайзны хөшиг нээгдэх мэт тув тунгалагаар тодрох нь Төвөд газрын сүм хийдийн туурган зургуудын “өөрөө тодорсон домогтой” хэмээх тайлбар лугаа адил.
Нутгийн зон олон энэ үзэгдлийг “Отгонтэнгэр дургүй хүндээ харагдах дургүй” хэмээн тайлбарлах дуртай. Хажууд нь удаан байхад ч гэсэн “харагдах”, “үл харагдах” энэ байдал ээлжлэх тул уул ус чамд нэг дургүй нь хүрээд, тэгснээ сайхан загнаад байна гэж хэлэх аргагүй.
Үнэн хэрэгтээ, Отгонтэнгэр хүн бүхэнд харагдана. Гагцхүү, чи харъя гэж хүссэн байх л хэрэгтэй. Үл үзэгдэх байдал бол дүр төрх мөн. Чи Отгонтэнгэрийн үл харагдах дүр төрхийг л харсан байна. Харагдахгүй болгон байхгүй гэсэн үг биш. Чи хайрыг хардаггүй. Гэхдээ түүний байгааг мэдэрч, хайр байгаагийн хүчинд жаргадаг гэдгээ мэддэг.
... “Гишгэж зогсоо газрын минь үргэлжлэл, гэгээн нарны доорх чиний эх нутаг...” оюутан цагийн шүлгийн мөр. Чамд харагдаж байгаа бүхэн Отгонтэнгэрийн нэг үзүүр. Чиний гишгэж байгаа газар чинь Отгонтэнгэрийн хормой мөн. Чи Отгонтэнгэрт очсон бол, энэ мөрүүдийг уншсан бол “Хүү минь, чиний Богд Очирваань тэр байна”...
     Б. Цэнддоо
Догма- Дээрээс таалсан гэсэн санаа; юм үзэгдэл түүний хэлбэрийг ер шүүмжлэлгүйгээр сохроор үнэн гэж баримтлах үзэл.
Алман сүх- хэлтгий саран хэлбэртэй, дугуй иртэй сүх
Даалгавар бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
Эхийг задлан шинжлэх даалгавар
1. Учир шалтгааныг нь тайлбарлаарай.
• Уул усыг “минийх мэт” хайрлах сэтгэл төрсний учир-
• Нүүдэлчин хүмүүс таних мэдэхүйн загварт баригдах дургүй гэсний учир-
• Монгол төгрөгийн “100” ба “50”-тын дэвсгэрт дээр хайрхныг хаанаас дүрсэлж буулгасан бэ?-
• Өндөр газрын араншин таагдашгүй байгаагийн учир-
• Гишгэж байгаа газар чинь Отгонтэнгэрийн хормой гэсний учир-
2. Дүрслэх ур маяг бүхий үгс юуг юутай адилтгасныг /зүйрлэснийг/ тайлбарлаж бичээрэй.
• Орчин цагийн иргэний тээврийн супер онгоцны нисгэгч агаарын хөлгөө газардуулах мэт намбалаг –
• Цагаан титэмт бурхан залсан мэт       -  Ширээ шиг орой-
• Тал алиман сар хэлбэртэй -                 • Тэнгэрийн тайзны хөшиг нээгдэх мэт -
3. Отгонтэнгэрийн ойролцоо нутагладаг айлууд ямар ёсыг цээрлэдэг вэ? Хоёр баримтыг олж бичээрэй.
4. Эхээс ойролцоо буюу эсрэг утгатай өгүүлбэр хоёр хоёрыг олж бичээд аль үгс нь эсрэг эсвэл ойролцоо утгатай болгож байгааг нь тайлбарлаарай.
5. Дараах санаанаас нэгийг сонгон мэдрэмж, үзэл бодлоо /нэг цогцлолбороор/ бичнэ үү.
o Учир нь би нэг юманд уягдах учиргүй, нэг үнэнд хүлэгдэх явдалгүй, үзэл санааны нүүдэлчин хүн.
o Өөрийн уулыг хамгийн өндөр гэж боддог нэгэнтэй маргаж суухын оронд тэнгэрийн хаяа руу замаа хөөхийг эрхэмлэнэ
o Алдана гэдэг бол шинийг эрэх шалтгаан, хагацна гэдэг бол илүү сайхнаар учрахын бэлтгэл гэж ухаардаг
ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

“Үл үзэгдэх байдал бол дүр төрх мөн. Чи Отгонтэнгэрийн үл харагдах дүр төрхийг л харсан байна. Харагдахгүй болгон байхгүй гэсэн үг биш. Чи хайрыг хардаггүй. Гэхдээ түүний байгааг мэдэрч, хайр байгаагийн хүчинд жаргадаг гэдгээ мэддэг” санааг ургуулан бодоод баримт жишээ ашиглан гарчиг өгч, сонирхолтой эх зохион бичээрэй. Үгийн тоо 250-300

Комментариев нет:

Отправить комментарий