Дасгал
1: Эргэцүүлсэн эсээг уншиж, задлан шинжлээрэй.
“Аавын
минь нэр...”
... Амьдралын минь зам мөрийг заасан
аав минь!
“Аавын минь нэр
Адуу шиг сайхан...” гэж нэгэн яруу
найрагч жигтэйхэн сайхан онож бичсэн.
... Монгол
улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, авьяас билигт яруу найрагч Дан.Нямаа “Аавын
нэр” эсээ таталбартаа:”... Аавын минь алдрыг асуухлаар нь нэрийг нь хэллээ.
Мөнөөх хүн “Аа, чи чинь Данзангийн банди юм биз дээ” гээд танимхайрч байна. Анх
удаагаа би гурван дугуйтад сууж үзэх нь энэ дээ. Аяа! Аавын минь нэр. Алдрай
багад минь намайг ийн унаатай залгуулсныг дурснам. Эдүгээ би энэ нэрийг дээдлэн
авч явахын учрыг тунгаан бодлогоширном билээ. Хүүгийн нэр бүрэн бүтэн бол аавын
алдар бүтэн буюу” гэж гайхалтай онож хэлсэн байдаг.
... Би дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа ааваа
дагаж, мод хийх цагаалах ажилд анх явж билээ. Таван сайхан ат хомнож хөтлөөд л,
сум сунган алхуулсаар Жаргалант сумын нутаг-“Эмгэнт” хэмээх нэгэн сайхан модот
ууланд очив. Бараг хоёр өдөрчийн газар бурантаг сунган явсан тэмээд маань ч ойн
захын өвдөг тулсан өвс рүү орчихлоо. Аав өнөө “Гоожин” гээч юмаа ойн цагдаад
өгч, бид ажилдаа орлоо. Хоёр бүтэн өдөр ноцолдон байж таван тэмээ модоо
бэлтгэн, цагаалж, ойн захад гаргах, тэмээн тэнд тохируулан хэрчих,
тайрах,...гээд зарим нь сонирхолтой ч зарим нь над шиг бага ангийн бандид
ахадсан ажил болдог юм байна.
Зарим мод уулын уруу хар эрчээр буугаад,
талийж өгнө, зарим нь бууж өнхөрч өгөхгүй, бүдүүн талынхаа бөгсөөр эргэж
шарваад л, хоргодоо морь шиг, ургаа модонд очиж цохиж хөндөлсөөд л,
хүчрэгдэхгүй “зөрүүдлээд л”, хачин сүрхий байлаа.
Аав, юм л бол
“Хөшүүрэг! Хөшүүрэг!, уртхан шиг хөшүүрэг!” гэнэ. “Хөшүүрэг” хэмээх нэг сайн
нөхөртэй хамжиж хамтарсаар байгаад л, модоо зэхээд авлаа даа, хөөрхий.
Гуравдахь өдрийн өглөөн нарнаар ачаалах ажил
эхэллээ. Би гэдэг амьтан талаа даахгүй,
бойтоглоно, аав миний талын модыг өргөж гаргаад л, доогуур нь тайрдас
шургуулж, эсвэл нөгөө “хөшүүрэг” хэмээх “модон хүн”-ээр түшүүлж орхиод, надаар
өргүүлнэ, өөрийн талыг өргөж гаргана....
Тэнчээ
татлага сурны үзүүр хүрэхтэй үгүйтэй зайд л нэг муу өргөхчөө болно. Аав: “Үзүүр
хүрвэл уяа хүрдэг юм” яльгүй өргө л гэнэ.” Нээрээ л үзүүр хүрэнгүүт л аав эв
хавыг нь олоод л уяад, бөхлөөд, тэгшлээд хаячихна. Тэг тэгсээр байж, таван
тэмээ модтой, намрын мөнгөн хяруунаар буцаж байж билээ. Одоо бодоход “Ар давж
хүлэг болдог, ажил хийж хүн болдог” гэдгийг аав минь бодож, надаар “хүн хийж”
явсан байх. Буцахдаа бурантаг хөтөлсөн аав хүү хоёр бодолд автан, их л сэтгэл
өег явж билээ. Энэ сонин ажил, тэр олон бодролоос надад хожмоо хоёр зүйл гойд
тодхон үлджээ.
Нэгд, “Хөшүүрэг” гэдэг “модон хүн”-ий учир,
эрдэм чадал. Дунд сургуульд ороод физикийн хичээл дээр “хөшүүргийн хууль”-ийн
тухай багшийг заахад тэртээ ууланд үзсэн нөгөө “хөшүүрэг”-ийн ач тус, аавын
зааж эчнээгээр сургасан “ажил ба хөшүүрэг” гэдэг зүйл санаад ороод л байж
билээ. Аавын минь ухаан айхавтар холч байсан.
Үнэндээ, мод хийх ажилд аав бид хоёр биш, Аав, Би, Хөшүүрэг найз гурвуул
явж, мод чулууны хатуу хөтүү ажлыг нугалсан байдаг юм. Аавын минь нэртэй хамт
Ажлын арга амтагдана
Аавын минь ачтай хамт
Амьдралын хөшүүрэг бодогдоно.
Хоёрт, одоо
бодоод явахад “Үзүүр хүрвэл уяа хүрдэг” гэдэг хэлцийг ааваас минь өөр хүн бараг
хэлсэнгүй. Өдий хүртлээ би энэ хэлцийг толь бичгээс олж харсангүй. Аавын хэлсэн энэ хэлц үгэнд маш гүн утга
оршиж байна. “Болно, болно, болохгүй юм гэж байхгүй” гэх утга, “Эв эеийг
эелдүүлэн бүтээх” санаа, “Алив юмыг хийхэд арга, билгийг хослуулах”, “Аливаа
юмыг аргаар эдлэх” монгол ухаан гээд л...
Аав минь их
зөөлөн хүн байсан. Юмыг дандаа болох талаас нь харна, өнгөрөөж чадна, хаттай,
их тэвчээртэй хүн байсан даа.
Заг-Байдрагийн
голынхон манай аавын хатуужил тэвчээрийг гайхдаг байсан. Аав минь юмыг жижиг
гэхгүй, аргыг нь олохдоо гарамгай, “эрдэм”-тэй байж. Нэгэн дууны шүлэгт:
Аавын минь
мөртэй шороонд
Есөн эрдэнэ
үелээстэй... гэж байдаг. Энэ сайхан үг. Эх орноо эцэг эхтэйгээ хайрлахад ухаан
нэмдэг. Гэхдээ бидний монголчууд өдөр шөнөгүй
“нуугдсан эрдэнэ” хайгаад байх шиг санагддаг, харин эсрэг ухахуйяа,
Аавын минь үг сургаалд
Есөн эрдэм шингээстэй байдгийг бид төдий
л эргэцүүлж боддоггүй, хожим ухаарч байх шиг. Наад захын жишээ бол “Үзүүр
хүрвэл уяа хүрдэг” гэдэг хэлцийн чинад утга санаа нь намайг үг, өгүүлбэрийн
үзүүр нийтгэн зангидаж, утгын найруулгаар оролдоход минь ухааруулж сэнхрүүлж өгсөн юм даа. Ингээд
бодохлоор:
Эцгийн минь
үг сургаалд
Эелдэн
найруулах, эв эеийг хичээхүйн ухаан байсаан. (Б.Пүрэв-Очир)
Асуулт,
даалгавар
|
Хариулт, тайлбар
|
Эхийн эхлэл,
төгсгөл цогцолбор эхэд ямар үүрэгтэй байна вэ?
|
...........
|
Гол хэсэгтээ
өгүүлэгч нь ямар баримтад шүтэж, ямар дүгнэлтэд хөтөлж, сэтгэл хөдлөлөө ямар
үгээр илэрхийлснийг тайлбарлаарай.
|
...........
|
Цогцолборуудын
гол санааг агуулсан хөтөч өгүүлбэрийг тодруулна уу.
|
...........
|
“Эцгийн минь үг сургаалд
Эелдэн
найруулах, эв эеийг хичээхүйн ухаан байсаан.” гэсэн дүгнэлтийг баримтаар нотлон тайлбарлана уу.
|
...........
|
“мод
цагаалах, чинад утга, бойтоглоно, гурван дугуйт, гоожин, хоргодоо морь шиг”
зэрэг үгсийн утгыг тайлбарлаарай.
|
............
|
“монгол
ухаан” гэж юуг хэлж байна вэ?
|
|
Эхэд
ашигласан эшлэл баримтыг ялган тэмдэглээд, ямар үйл явдлын нотолгоо болсныг
тайлбарла.
|
.............
|
Эсээ нь хувь
хүний мэдлэг, чадвар, хандлагын илэрхийлэл болно.
1. Мэдлэг: Эсээнээс тухайн хүний мэдлэг,
уншсан хүрээ, танин мэдэхүйн түвшин зэрэг нь харагддаг ба эсээний хамгийн гол
шалгуур нь эсээнээс мэдлэг “ханхалж” байх ёстой гэж үздэг. М.Монтень, Л.Түдэв
гуайн эсээнээс маш гүнзгий мэдлэг харагддаг.
- Чадвар: Бичигч сэдвийн хүрээнд
шинжлэн судлах, ажиглан эргэцүүлэх, задлан
тайлбарлах, нэгтгэн
дүгнэх, харьцуулан дүгнэх, жиших зэрэг оюуны үйлийг хэрхэн хийж байгааг харах
боломжтой.
- Хандлага: Эсээ бол ерөөс нэгдүгээр
биеийн илэрхийлэл юм. Эсээ нь хүн өөрийнхөө бодол санааг чөлөөтэй илэрхийлэх,
түүндээ тулгуурлаад “би” гэдэг
дотоод
ертөнцөө нээх боломж гэдэг утгаараа бидэнд илүү ойр дөхөм байдаг. Эсээнээс та
хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой, тухайн асуудлыг аль
өнцгөөс яаж харж байна, үзэл бодол, үнэлэмж хандлага, үнэт зүйл, эрхэм чанар нь
юу байна гэдгийг харах боломжтой. Эсээ бол БИ ӨӨРӨӨ юм.
Комментариев нет:
Отправить комментарий