Л. Өлзийтөгс “АКВАРИУМ”
(Хэсэглэл)
Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж,
хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо
хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон
хувирчээ. Жил, яг нэг жил... Хүмүүс намайг загас гэж бодох
болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол
төрсөн
хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран
таван
хоног өнгөрөөд байгаа хэрэг.
Энэ аквариумыг худалдан авч байхдаа би өөрийнхөө авсыг
бэлдэж байна гэдгээ мэдээгүй юм. Мэдээж, үүнийгээ хэрэв
мэдсэн бол арай томхоныг сонгох
байлаа. Би угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн аквариум
байтугай дөрвөн өрөө сууц маань,
хүн болгон саруулхан, томыг нь бахдан хэлэлцдэг албан
тасалгаа маань, цаашлаад дуу шүлэг
бүхэнд хязгааргүй хэмээн магтагддаг Монголын өргөн тал,
дуусашгүй мэт үргэлжилдэг
цэлийсэн уудам нутаг маань надад багадаад байгаа юм шиг
санагдан үргэлж, үргэлж л давчдаж
явдаг байлаа. Надад бусдаас илүү, илүү, хамаагүй илүү орон
зай хэрэгтэй байсан юм.
Зохиолч Лувсандоржийн Өлзийтөгс нь 1972 онд Дархан
хотод төржээ.
Бага дунд сургуулиа Дархан хотод дүүргэж, 1996 онд
"Монгол мэдлэгийн их сургууль"-ийг судлаач
мэргэжлээр төгссөн.
“Тэнгэрт ургадаг модод” 2000, “Ганцаардлын дасгал”
2004, “Төсөөллийн өрөөнд” , “Миний гунигийн түүх” 2007, “Эрх
чөлөөтэй байхуйн урлаг буюу Шинэ ном” 2002, “Нүдний шилэнд
үлдсэн зургууд” 2004, “Үзэхийн хязгаар “2011, “Хотын
үлгэрүүд”
2013 зэрэг өөрийн зохиол бүтээлүүд мөн Г.Аюурзанатай хамтран
“Монголын сонгомол өгүүлэг” “Дэлхийн сонгомол яруу найраг”,
“Дэлхийн сонгомол өгүүлэг” зэрэг хамтийн бүтээл, Г.
Аюурзанын
“Шинэ үеийнхний номын сан” цувралын редактораар ажилласан
манай нэн шинэ үеийн авьяаслаг зохиолч, яруу найрагчдын нэг
юм. Тэрбээр 2002 онд “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ
ном” номоороо “Алтан өд” шагнал, 2004 онд мөн энэ номоороо
МЗЭ-ийн шагнал авчээ.
ЛУВСАНДОРЖИЙН ӨЛЗИЙТӨГС
УНШИХЫН ӨМНӨ:
Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгийг уншихын өмнө
зохиолчийн намтар, уран бүтээлийн
талаар товч мэдээллийг уншаад, ярилцаарай.
Зохилч Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгийг анхаарлатай
уншаад, дүр дүрслэл, утга агуулга,
гол санаагаараа бусад зохиолоос өвөрмөц санагдах, ялгагдах
онцлог байгаа эсэхийг сайтар
бодоорой.
Энэхүү зохиолд уран санаа, уран сэтгэмж болоод хийсвэрлэл
хэрхэн илэрч байна вэ? Унших
явцдаа зохиолын гол баатрын дотоод ертөнц, өвөрмөц дүр төрх,
үзэл бодол, ааш авир, зан чанарын
онцлогийг тулгуур үг, өгүүлбэрээр дэвтэртээ тэмдэглэн бичиж
болно.
25
Хүсээд байсан орон зай маань харин энэ бяцхан аквариум байж
гэдгийг зөгнөж мэдэх
нь байтугай зүүдлээ ч үгүй явтал бурхан миний өмнөөс бүгдийг
шийдчихдэг байна шүү.
Аквариум. Миний тэр орон зай, хүсэл гэдэг маань ийм л
хэмжээний юм байж шүү дээ.
Охин маань аквариумаа гоёх гэж, миний хэдэн жил хичээн байж цуглуулсан
гоёмсог
дун хясаануудыг өөрийн минь дээрээс нэг нэгээр нь цүлхийтэл
хийж эхлэхэд би анх сэрж,
ухаан орсон юм. Урд нь бол миний алганд элбэгхэнээ багтдаг
байсан далайн бяцхан яснууд
одоо надаас хэдэн арван хувь том болжээ. Би сандарч, нуулгүй
хэлэхэд үхтлээ айж, ийш
тийшээ үсчиж эхлэв. Үсчих тусам миний жаахан охин өхөөрдөм
хөөрхнөөр инээд алдан
хясаануудаа дээрээс минь шиднэ. Ээжийнх нь айдас бүр хайртай
охиныг нь баярлуулна.
Бурхан минь! Та юу хийчихэв ээ?
Үгүй ээ, үгүй, үнэндээ бол энэ түүний хийсэн ажил биш.
Бурхан үүнд ер хамаагүй.
Угаасаа бурхан юунд л хамаатай байдаг билээ дээ. Энэ бүгд
ердөө л Замзагийн хийсэн ажил.
Би Кафкагаас ч илүү Замзад хайртай байдаг юм л даа. Хүүхэд
байхдаа бол Квазимодод хайртай
байсан. Магадгүй Квазимодо намайг Замза руу ийм хүчтэй
түлхсэн ч юм билүү. Аль эсвэл тэр
Замза гэдэг нь... Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Юутай ч би унтахдаа
Замзагийн нэрийг шивнэж
байснаа л санаж байна. Сэрээд хартал энэ. Энэ бүхэн.
Харин тэр намайг эмэгтэй юм болохоор, тэгээд бас нэлээдгүй
сэжигч юм болохоор,
жаран хөлт биш алтлаг хайрстай, бяцхан бүлтгэр загас
болгочхож. Хорхой шавжаас учиргүй
айдгийг минь ч бас бодолцоо биз.
Замзагаас ялгаатай өөр нэг юм бас бий. Манай гэрийнхэн намайг
загас болсныг
мэдэхгүй байгаа юм. Нэр минь сураггүй алга бологсдын дунд
бичээтэй, цагдаагийнхан маш
хүчтэй эрэл хайгуул хийсэн, хөөрхий нөхөр маань хамаг
хөрөнгөө тэр эрэлд зарцуулсан, шөнө
болгон тэр ганцаархнаа шил архи уудаг, уух болгондоо миний
нэрийг шивнэн, шивнэн
уйлдгийг би мэднэ. Бүр уйлдаг юм шүү. Энэ нь намайг бага ч
атугай тайвшруулж байлаа.
Ах дүү нарын тухайд ч гомдолтгүй. Тэд урьд нь жилдээ нэг л
удаа, тодруулбал, цагаан
сараар л нэг үзэгддэг байсан бол одоо бараг өдөр бүхэн
ирцгээдэг, бүр цагийн хуваарь
гаргачихсан, ээлж ээлжээр ирж, хоёр хүүхдийг маань эргэж
тойрч, асарч сувилдаг болсон. Тэр
ч байтугай хоёр ах нэг удаа аквариумын дэргэд зогсоод,
нөхрөөс маань тусдаа хувийн мөрдөгч
хөлслөн авцгааж, хөөрхий түүнийг минь мөрдөж мөшгөх төлөвлөгөөтэй
байгаагаа
шивнэлдээтэхэв. Том ахын бодлоор бол, нөхөр маань намайг
алчихсан байж магадгүй гэнэ.
Тэд өөрсдийн орон сууцыг барьцаанд тавиад, мөрдөгч
хөлслөхөөр шийдэцгээв. Үүнийг
сонсоод миний нулимс цийлэгнээд л ирэв. Загасанд нулимс
байдаггүй гэлцдэг нь огтоос худал
шүү. Надад хайртай хүн өчнөөн олон бий, тэд миний төлөө юу ч
хийхэд бэлэн гээд бодоход
нулиис ч багадмаар юм билээ.
Үүнчлэн надад тайвшрах юм зөндөө. Гэсэн ч сэтгэл зовоох юм
түүнээс олон байсан нь
мэдээж. "Загас авч өг" гэж байнга шалдаг
байснаараа охин л намайг асарч тойлно. Тэр
зургаахан настай болохоор усныхаа халуун хүйтнийг ч
тохируулж мэдэхгүй. Бас нэг удаа
хоолны оронд үзэгний хар бэх хийгээд арай л ээжийгээ
алчихаагүй. Заримдаа ч хоол өгөхгүй
хоёр гурав хононо гээч. Уг нь бол би өлсдөггүй л дээ. Замза
намайг загас болгохдоо өөр шиг
нь өлсөөд үхчихгүй байх талаар бодолцсон бололтой, огт хоол
хүнсний хэрэг гардаггүй байсан
юм. Зүгээр л, хүн байхдаа хоёр хоног хоолгүй явж чаддаггүй
байсан тухай бодол маань л
охины хаяж өгсөн тэжээл рүү ухасхийлгэдэг байлаа.
Тиймээ, би загас болсон нь миний хувьд төдийгүй миний
гэрийнхний хувьд жинхэнэ
хувирал боллоо. Нөхөр маань хорин жил үхэн хатан зүтгэж байж
хүрсэн өндөрлөгөөсөө буув.
Өөрөөр хэлбэл, тэр намайг үргэлж бухимдуулдаг байсан өнөөх
завгүй, даргын ажлаа бүрмөсөн
орхив. Энэ үнэхээр, үнэхээр таатай, хамгийн таатай мэдээ
байсныг нуугаад яахав. Тэр маань
охиноо тэврэн сууж байгаад яг аквариумын дэргэд энэ тухай
ярив. "Аав нь одоо охинтойгоо
26
үргэлж хамт байна. Ахиж ажилдаа явахгүй " гэж хэлэхэд
нь би арай л уснаасаа үсрээд
гарчихсангүй.
Хүү маань хэдийнээ үймүүлэхээ больжээ. Тэр хэзээ ч миний
үгэнд орж байгаагүй юм.
Хэтэрхий дураараа, 12 настай хүүхдэд баймааргүй хэвлүүн
яриатай хүүтэйгээ би огт
таардаггүй байсан юм л даа. "Хичээлээсээ өнөөдөр
оройтолгүй ирээрэй" гэхэд оройтно, "За
яахав, өнөөдөр хичээлээ тараад гадаа тогловол тогло
доо" гэхээр ороод ирнэ. Түүний зөрүүд
зан намайг галзууруулах дөхдөг сөн. Гэтэл одоо тэр Тэр биш
болжээ. Нэг л биш. Хичээлээсээ
орж ирүүт шавхайтай гутлаа тайлаад зогсохгүй, бүр тосолж
тавиад гэрийн шаахайгаа өмсдөг
болсныг нь охин маань аквариум руу хэдэн чийгийн улаан
хорхой цацах үеэрээ нөгөө л
өөртэйгөө ярих дуртай балчирхан зангаараа шивнэн ярихад нь
би бүр айж орхив. Түүгээр ч
зогсохгүй хүү маань гараа угааж байж цай цуугаа уух ч юм уу,
даалгавраа хурдхан шиг
хийчхээд нохойгоо салхилуулахаар аваад гардаг болсон гэнэ.
Тэр яг миний өөртэй нь
зууралддаг байсан шигээр нохойдоо халамж тавих болжээ.
Дүүтэйгээ хэрүүл шуугиан үүсгэж,
бөөн уйлаан майлаан болдог нь бүр таг. Тэр ч байтугай нэг
удаа аавдаа өрөвдмөөр аяархан
дуугаар “Би дүүгийнхээ үсийг самнаад өгье дөө” гэх нь
сонсогдсон шүү.
Охин бол бүр ч өөрчлөгдсөн. Тэр өдөржин загастайгаа
(хөөрхий, ээжтэйгээ л гэсэн үг)
ярьж өнжинө. Урьд нь бол өдөржин чихэр жимс нэхэж, хормой
хотноос зууран, уйлж унжин
эрхэлдэг байлаа. Ямар ч амттан шимттэн, ямар ч гоё тоглоом
авч өгөөд ханана, цадна гэж
байхгүй. Дахиад, дахиад гэдэг үг л түүний амнаас унадаг сан.
Түүнд арван ширхэг чихэр ч
өгсөн, арван уут чихэр ч өгсөн адилхан. Тэрхэн дор нь цааш
харуулчихна. Харин одоо бол айл
амьтны, ах дүүсийн өрөвдсөндөө өгсөн хэдэн чихрийг огт
идэхгүй, юунд ч юм хурааж
цуглуулах болжээ. Энэ бүх хувирал, дандаа сайнаар эргэсэн
хувирал надад даанч таалагдаж
байлаа.
Аквариум маань эхэндээ нэг л давчуу, харанхуй, зэврүүн
санагдаж байснаа сүүлдээ
дасаад ирэв бололтой, давчуу биш, харанхуй биш, зэврүүн биш
болоод ирэв.
Гурван сар өнгөрөхөд би “Хүн байхдаа яах гэж ийм жаахан
аквариум худалдан авав
аа” гэж харамсаж байснаа ор тас мартсан төдийгүй, энэ бяцхан
шилэн хорго ч бас өчнөөн орон
зайтай болохыг гүнзгий мэдрэв. Шилэн хоргоныхоо өнцөг булан
бүрийг андахгүй сайн мэддэг
болсон нь өөрт нэг л тааламжтай. Хаашаа л харна хоргоны
гаднах бүх юм тодорхой. Хүүхдийн
өрөөний голд байх хичээлийн ширээн дээр тавьсан болохоор би
хоргон дотроосоо хаашаа л
бол хаашаа хараад охиноо эсвэл хүүгээ олоод үзчихнэ.
Нөхөр маань өдөржин шахуу хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж,
өөрийн гараар
охиныхоо үсийг самнаж, хүүгийнхээ зургийн хичээлийг хийх гэж
будаг цаас болон суухыг
хараад би бүр уярч орхино. Орой нь тэр бидний хайрын түүхээр
үлгэр зохион ярьж хүүхдүүдээ
унтуулах нь нэг л дотно. Тэр маань намайг санаж гүйцээд
байгааг би дуугаар нь, санаа алдах
өнгөөр нь мэдэж байлаа. Гэвч хамгийн сонирхолтой нь тэр
гурав маань хоорондоо миний
тухай огт үл ярих бөгөөд охин хүртэл, ганцаархнаа байхдаа ч
ЭЭЖ гэж ганц дуугардаггүй
байлаа. Энэ нь надад нэг л таатай санагдахгүй байв. Гэвч яая
гэхэв дээ, юм болгон миний
хяналтаас хэдийнээ гарчихсан.
Нэг удаа би шилэн хоргоныхоо хамгийн дээд хэсэгт очиж
байгаад, уснаас хэр
чадлаараа толгойгоо цухуйлгаж байгаад, охиныхоо өөдөөс
бүлтийтэл ширтэв. Намайг таньж
магадгүй гэж горьдсондоо л тэр. Гэтэл тун санаадгүй юм
болов. Охин өөдөөс минь учиргүй
ширтэж байснаа “Алтан загас аа, чи миний гурван хүслийг
биелүүлээд өгөөч!” гэж үнэн
сэтгэлээсээ гуйх нь тэр.
Тэгээд, ийм гурван хүсэл шивнэлээ. Нэгдүгээрт, манай ээжийг
авсан ах буцааж өгөөч!
Хоёрдугаарт, ээжид миний цуглуулгыг аваачаад өгөөч!
Гуравдугаарт, би ээжийнхээ өвөрт
унтмаар байна!
Миний зүрх эмтрэх шиг болов. Тийм дээ, загас ч бас зүрхтэй
байдаг юм шүү.
27
Тэр нэг ч удаа миний тухай ааваасаа асуугаагүй, бас намайг
санаж уйлаагүй болохоор
би санаа зовохгүй байсан юм. Гэтэл... Хөөрхий нялх үр
минь...
Тэр намайг яагаад өөр ахтай хамт яваад өгсөн гэж бодсоны
учрыг харин би бодоод,
бодоод олсонгүй. Харин цуглуулга гэдэг нь өнөөх чихрүүд л
дээ.
Би охиноо хэмжээлшгүй ихээр өрөвдөж байлаа. Гэвч загас бол
загас шүү дээ. Тэр ярьж
чадахгүй. Ярилаа гэхэд, та бод доо, хэн нэгнийг өрөвдөж
байгаагаа хэллээ, ярилаа,
илэрхийллээ. Тэгээд? Тэгээд л болоо. Үнэндээ тэгээд л болдог
шүү дээ. Ихэнх хүн өөрийнхөө
зовлонгоос илүү гарч чаддаггүй. Тийм болохоор хэлэх
хэлэхгүйн хооронд ямар ялгаа байна
аа?
Аквариумын загас юм боддог уу? гээд та өөрөөсөө асуу л даа.
Инээд чинь хүрнэ. Бас
тэр бяцхан амьтад гунигладаг, ганцаарддаг, уйддаг гэвэл таны
бүр хөхөөс хөх инээд хүрнэ биз
дээ. Би үнэхээр гуниглаж, ганцаардаж, уйдаж байв. Гэвч
үүнийг маань хэн ч мэдэхгүй байгаа
нь л хамгаас, хамгаас, хамгаас харамсалтай, хамгийн
тарчлаантай байлаа.
Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд би гунигтаа, хүмүүн бусын
ганцаардалдаа, басхүү
ер бусын уйдалтандаа дасаж орхив. Ерөөсөө дасна гэдэг гагц
хүний ч биш бүхий л амьтны зан
бололтой. Би өөрийгөө, хүү охиноо, нөхрөө өрөвдөхөө болив.
Тэртээ тэргүй тэд маань
надгүйгээр амьдарч сураад байгаа нь, энэ хачин янзын
хагацалдаа дасч эхлээд буй нь ч
харагдаж байсан юм чинь.
II.
Найман сарын дараа, загас болсноос хойш шүү дээ, нэгэн шөнө,
нөхөр маань миний үй
зайгүй найз эмэгтэйг дагуулж ирэв... Нөхөр маань бүрэн
өөрчлөгджээ.Үгүй ээ ерөөсөө тэр өөр
хүн байсан юм байна. Энэ тухай бодон санаа алдсанд үүр
цайлаа.
Нэг өглөө хүү маань хичээлээ хийж дуусаад өдрийн тэмдэглэлээ
авч шүлэг бичив. Тэр
модны тухай шүлэг бичжээ. Бичиж дуусаад тэр амандаа аяархан
шивнэн уншсанаа, гэнэт нөгөө
дэвтрээ юу ч үгүй жижиглэн урж, өрөөгөөрөө нэг цацчихаад
гарч гүйв. Охин тэр цааснуудыг
нь цас болгон өөрийнхөө дээрээс цацаж, өдөржин тоглолоо.
Хүү яагаад үе, үе
хачин ууртай болчихдог байсныг, бас яагаад өрөөгөөр нэг урсан
дэвтэр хөглөрч байдаг байсныг би тэгэхэд л ойлгов. Бурхан
минь, гэтэл би түүнийг математикч
болгохоор “өмнөөс нь шийдчихсэн” байсан сан. Яасан дураараа
байж вэ, би хүн байхдаа. "Хн,
хэнийгээ дуурайгаад ийм яруу найрагч болчихдог байна аа?
" гэж би өглөөнөөс оройг хүртэл
сэлэн байхдаа ихэд бодлогошров.
Оройхон хэрд хүү маань гаднаас жигтэйхэн ядарчихсан царайтай
орж ирээд ийш тийш
харан хэсэг сууж байснаа гэнэт босч аквариум руу дөхөн
ирлээ. Дэггүйтмээр санагдаж л дээ.
Тэгээд усан будгуудаа савнаас нь ховхлон аваад, нэг нэгээр
нь ус руу цүлхийтэл хийж эхэллээ.
За ингээд би улаан, ногоон, шар өнгийн тэр аймшигт
хорнуудаас зугтан ийш тийш үсчиж гарав
аа. Авралт бяцхан охин минь орж иртэл миний хүү надаар
зугаацсан юм даа.
Гэнэт л ... Тийм ээ, бүх юм гэнэт л болдог шүү дээ. Би
учиргүй ядарснаа гэнэт мэдэв.
Бүтэн жил өнгөрчээ. Загас юу ч хийдэггүй нь үнэн боловч би
үнэхээр ядарч. Үзэх ёсгүй
байсан бүхнээ харсаар байгаад бүр туйлдаж орхижээ. Загасны
нүдээр би ойр дотныхоо
хүмүүсийн нууц руу өнгийх болгондоо өөрөөсөө ч юм уу, хэн
нэгнээс, заримдаа тэднийхээ
өмнөөс түгшиж, ичиж, айж, шаналдаг байсан юм.
УНШИХ ЯВЦАД:
Үргэлжлүүлэн уншихдаа доорх тодруулсан хэсгийг сайтар
уншаад, одоогийн нийгмийн
амьдрал, хүмүүсийн дүр төрх, мөн чанартай харьцуулж, дүн
шинжилгээ хийж, өөр
өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээрэй.
28
“Ямар нэг юм алдаад эргүүлэн олж авсан хүн түүнийгээ алдахыг
хүсдэггүй шүү дээ” гэсэн
өгүүлбэрт илэрхийлэгдэж байгаа утга санааг өгүүллэгийнхээ
агуулгатай холбон
тайлбарлаарай.
"Хүн болгон л хоёр дүртэй аж. Үнэндээ тэр хоёр
дүрийнхээ нэгийг нь л бусдад
харуулахад хангалттай. Хэн ч өөрийнхөө сайн, сайхан гэж
бодсондоо буй болгосон тэр
дүрээ л бусдад харуулахыг хүсдэг, түүгээрээ л баг хийж
явдаг. Хоёр дахь нь хэдий өөр
байлаа ч бусдад харуулахыг хүсч байгаа тэр багаар нь л хүнд
хандах хэрэгтэй юм байна.
Заавал багийг нь хуулах гээд, нөгөө жинхэнэ дүрийг нь үзэх
гээд байх хэрэг юу байна аа?"
Би эцсийн эцэст энэ мэтчилэнгийн гүн ухааны гаргалгаанд
хүрээд жирийн ч нэг загас
биш, бясалгагч загас болж орхисондоо олзуурхаж л байлаа.
Уг нь надад загас байх таалагдаж байсан юм шүү. Ямар ч
хариуцлага хүлээхгүй, хэний
ч төлөө амьдрахгүй, хэнийг ч хайрлахгүй, бас харамлахгүй,
хэнд ч уурлахгүй, уцаарлахгүй,
загнахгүй, загнуулахгүй. Уг нь хүн ингэж амьдарч болно шүү
дээ. Яах вэ гэж би ингэж
өөрийгөө ч, өрөөл бусдыг ч зовоож явсан юм бол оо, хөөрхий.
Гэвч...
Аквариум доторх өдөр хоногууд улам л удаан, улам л энгийн
болсоор байв. Эхэндээ
юм бүхэн нээлт шиг санагддаг сан. Одоо бол үгүй. Байдаг л
нэг түүх, байдаг л нэг амьдралыг
харсаар бүүр дасчээ. Хүн, (биш ээ загас, за яалаа гэж дээ,
хүн. Хүн байлгүй яах вэ. Хүн. Би
загасны тухай ярьж байгаа шүү дээ. За, үнэндээ ялгаагүй юм.)
Хүн ямар нэг юманд дасаад
ирэхээрээ л ядардаг. Гэтэл бид бодохдоо өөрсдийгөө ямар
нэгэн юманд дасахгүй байгаагаасаа
л ядарч байна гэж эндүүрээд байдаг бололтой. Үнэндээ бол
юманд хэт дасчихаараа л ядардаг
юм билээ.
III.
Би шилэн хоргонд биш унтлагын өрөөнд, зөөлөн буйдан дээр
хэвтэж байхдаа сэрсэн
юм. Бүх юм хэвэндээ оров. Болсон бүх явдал зүүд байсан гэж
би өөртөө итгүүлэхийг хүсдэг
боллоо.
Нөхөр маань одоо
ажлаа хийж байгаа. Хүү миний өөдөөс үг сөрдгөөрөө сөрөн,
уурладгаараа уурлана. Охин чихэр жимсний хэрүүлээ хийж
эхлэв. Найз эмэгтэй маань утсаар
ярьдгаараа ярьж, нөхөртөө урьд урьдынхаасаа илүү хайртай
болсноо шивнэн инээнэ... Харин
би хүүтэйгээ огт өөрөөр харьцдаг болсон.
"Тоогоо бод!" гэж толгой руу нь тоншдогоо болиод
шүлгийн номууд авч өгөх болов.
Амьдрал үргэлжилсээр.
Гэвч бидний амьдрал урьдынхаасаа нэг л өөр, илүү амттай ч юм
шиг, басхүү илүү
нууцлаг ч юм шиг байх болов. Ямар нэгэн юмаа алдаад эргүүлэн
олж авсан хүн ахин түүнийгээ
алдахыг хүсдэггүй шүү дээ. Тэр л ёсоор юм бүхэн сайн сайхны
зүг эргэчихжээ гэж би боддог
болоод байлаа.
Нэг удаа би нөхрөөсөө
намайг эзгүй байхад болсон бүхнийг нууж хаалгүйгээр, нэгийг
ч үлдээлгүйгээр ярихыг хүсэв. Бүхнийг мэдэж байсан мөртлөө
шүү дээ. Ээ дээ, энэ хүмүүс үү?
Загас бол заяа нь тэгэхгүй.
Гэтэл юу сонссон гээч?
Түүний ярьсныг сонсоод би үнэхээр цочирдсон шүү. Ах нар
маань миний ханиас мөнгө
нэхсэн гэнэ. Тэд түүнийг шоронд хийж, хүүхдүүдийг
асрамжлагчаар өөрсдийгөө гэсэн
баталгаа гаргуулж аваад, манай бүх хөрөнгийг өөрсдийнхөө нэр
дээр болгоно гэж сүрдүүлсэн
гэнэ. Тэд манай нөхрийн ажил дээр очин, өдөр бүр хэрүүл
шуугиан үүсгэдэг болсноос аргагүйн
эрхэнд ажлаа орхиход хүрсэн юм байж. Нөхөр маань сэтгэлээр
унан, шөнө болгон шахуу
ганцаараа архи уудаг байсан тухайгаа ярихдаа тэсгэлгүй
уйлав.
29
Охин харин орой болгон угаалгын өрөөнд орж сууж байгаад Ээж
ээ! гэж шивнэн,
шивнэн уйлдаг байсан гэнэ. Хүү харин математикч болохоор бүрэн
шийдсэн төдийгүй, энэ
чиглэлээр сонгонд явж байжээ. Тэр ийнхүү миний мэддэг байсан
бөгөөд мэдээгүй бүх юмыг
ярьж өгөв...
Би нөхрөө өрөвдөн, өөдгүй муу ах нартаа гомдон удаан уйлав.
Миний аквариум жижиг
ч гэсэн надад бүхнийг харуулаад байна л даа гэж би боддог
байлаа. Дөрвөн тал нь шил
болохоор ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисыг харж байгаа
юм шиг л санагддаг сан. Гэвч!
Аквариум бол аквариум. Тэр гадуураа бас аквариумтай. Нөгөө
гурван өрөөнд маань өрнөж
байгаа амьдрал надад харагдахгүй. Цаашлаад, дөрвөн өрөө
сууцнаас маань гадна болж буй
бүхнийг, бүр цаашлаад... За энэ тухай бүр ч ярилтгүй...
...Тэгэхэд л би үнэнийг ер хүсээгүйгээ, ерөөсөө юуг ч
хайгаагүйгээ, (магадгүй юуг ч
олгоогүйгээ гэх нь илүү оновчтой болох биз) гэнэт ойлгов.
Миний нууцаар харсан бүхэн
худлаа юм байж шүү дээ. Жинхэнэ амьдрал гэдэг маань ердөө л
энэ байж.
Магадгүй, би бусдын тухай биш өөрийнхөө тухай мэдэхийг
хүссэн ч юм билүү?
Миний өөрийн дотор байгаа шилэн хоргон дахь “би”...
Урд шөнө над дээр Замза дахиад л хүрч ирэв. Гэхдээ энэ удаад
бүхнийг өөрөөс минь
асуухаар шийджээ. Тэр надаас "Аквариумаа санаж байна
уу?" гэж асуусан. Би удаан бодлоо л
доо. Тэгээд ахин загас болохоор шийдээд байна.
"Аквариум жижиг байх тусмаа сайн" гэж би
Замзад хэлсэн.
2002 он. Бэлх
Эх сурвалж: Л.Өлзийтөгс “Нүдний шилэнд үлдсэн зургууд”, УБ,
2004 он, 5-15-р тал
Үгийн тайлбар:
Кафка – Австрийн зохиолч Франц Кафка-гийн нэр
Замза – Франц Кафкагийн “Хувирал” өгүүллэгийн гол дүр
Грегори Замза-гийн нэр
Квазимодо – XIX зууны Францын алдарт зохиолч В.Гюгогийн
“Парисын дарь эхийн сүм”
романы дүр
Аквариум – загас болон далайн амьтан өсгөж үржүүлдэг усаар
дүүргэсэн шилэн хорго
УНШСАНЫ ДАРАА:
Хүүхдүүд та нар Австрийн нэрт зохиолч Ф.Кафкагийн “Хувирал”
өгүүллэгийг олж
уншаарай. Энэхүү “Хувирал” өгүүллэг, Л.Өлзийтөгсийн
“Аквариум” өгүүллэг хоёрыг
харьцуулж, уламжлал шинэчлэлийн ямар холбоо хамаарал,
нөлөөлөл байгааг шүүн
тунгааж, товч бичиглэл хийгээрэй.
Зохиолоос өөрт таалагдсан хэсгийг сонгон авч, өөрийн санаа,
дүгнэлтээр баяжуулан
ярина уу.
ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:
“...Постмодернизм нь юуны өмнө хүрээлэн байгаа ертөнцөд
хүний эзлэх байр суурь,
гүйцэтгэх үүрэг, түүнийг танин мэдэх бололцоо, үнэлэх болон
ертөнцийг ухааран ойлгох,
орчин тойрондоо хандах өвөрмөц арга, тодорхой суурь мөн
чанар гэж ойлгож болно.
Постмодернизмын гол онцлог нь аливаа юмсад ерөнхий зүй
тогтол байхыг үгүйсгэдэг, ертөнц
хаос /эмх цэгцгүй/ чанартай, орчин үеийн урлаг чөлөөт
сэтгэлгээ, зөн билгээр илэрхийлэгддэг
гэх үзэл баримтлалуудад оршдог бөгөөд ертөцийг үзэх үзэл
төдийгүй ертөнцийг танин
мэдэхүйн салбарын асуудлуудыг хөндөж 1980-аад он гэхэд
филисофийн шинэ үзэл, урлагийн
цоо шинэ арга болж төлөвшсөн байна...”
30
(С.Энхбаяр, Г.Батсуурь “Уран зохиолын тухай яриа – 3”, УБ.,
2018, 34-35-р тал)
“...Л.Өлзийтөгсийн өгүүллэгт: “Би угийн бачимдуухүн. Энэ
жижигхэн аквариум байтугай
дөрвөн өрөө сууц маань, хүн болгон саруулхан, томыг нь
бахдан хэлэлцдэг албан тасалгаа
маань, цаашлаад дуу шүлэг бүхэнд хязгааргүй хэмээн
магтагддаг Монголын өргөн тал,
дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэн уудам нутаг маань надад
багадаад байгаа юм шиг
санагдан үргэлж, давчдаж явдаг байлаа. Надад бусдаас илүү,
илүү хамаагүй илүү орон зай
хэрэгтэй байсан юм” хэмээн гарч буй нь монгол хүний тал
нутагт эрх дураар өсөн хүмүүждэг
онцлог хот суурин газар ирснээр өөрчлөгдөн бачимдаж үүнийгээ
дагаад монгол хүний дотоод
мөн чанар нь өөрлөгдөж байгааг тусгажээ.
Зохиолчоос энэ хэсэгт гаргасан үндсэн утга санаа нь орчин
цагийн хот суурин газрын хүмүүс
өөрсдийгөө аквариумд амьдарч дөрвөн ханан дунд хорьж, тэр нь
яг л шилэн хоргонд
хоригдсон баатрын нэг адил орчноо мэдрэх нь хагас дутуу,
эрх, эрх чөлөө нь хаагдсан орон
зайн тухай өгүүлэмж юм...”
(Монгол судлалын чуулган, 2016, № 21 (56), УБ., Б.Надмид
“Ф.Кафкагийн “Хувирал”
болон Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгүүдийн харилцан
хамаарал” 185-186-р тал)
ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:
УНШИХ:
Зохиолч өнөөгийн монголын нийгмийн амин чухал асуудлыг
хэрхэн хөндсөнийг
зохиолоос эш татан, дэлгэрүүлэн тайлбарлаарай.
Постмодернизмын тухай ойлголтоо дэлгэрүүлж яриарай.
БИЧИХ:
Зохиолоос өөрт таалагдсан хэсгээ тулгуур үг, өгүүлбэрээр
түүвэрлэн бичиж, товч
тэмдэглэл хийнэ үү.
Зохиолын нэрээс харахад энэ зохиолын сэдэв нь юу вэ,
бичээрэй.
Өгүүллэгээс ертөцийг үзэх үзэл, гүн ухаарал бодролыг
илэрхийлсэн санааг дүгнэн
бичнэ үү.
ЯРИХ-СОНСОХ:
Зохиолын орчин ямар байна вэ? Зохиолын орон зайг төсөөлөн,
харилцан ярилцаарай.
Зохиолын хам сэдвийг тодорхойлно уу.
Өгүүллэгийн далд утгыг тайлан тайлбарлана уу.
БИЕ ДААН УНШИХ ЗОХИОЛ:
Ф.Кафка “Хувирал” өгүүллэг
Л.Өлзийтөгс “Аквариум” өгүүллэг
Комментариев нет:
Отправить комментарий