Заримдаа би хүмүүсээс айдаг. Хэн
нэгний сонжооч харцыг мэдрэхээс, хэн нэгнийхатуу үгийг сонсохоос, хэний ч юм бэ
увайгүй явдлыг харахаас, найзууд хэн нэгийгээ муулахыг сонсохоос эмээдэг.
Хүмүүсийн дунд байна гэдэг миний хувьд аймаар юмны нэг.Ерөөс хотын амьдралд
аймаар юм их. Тиймээс надад гэртээ суух нь жаргалтай санагддаг. Хүн байхын утга
учрыг эргэцүүлэх, ахуйн дорд дарамтын дороос өндийж, чухам тэндээсээ л
гэгээрлийн зүгт бясалгах, шунал хүслээс суллагдан өөрийгөө давж гарах тэнхлийг
сэтгэлдээ гүн бат суулгах, сүргийн сэтгэлгээнээс тасран хулжиж, давтагдашгүй
хувь чанараа хадгалан үлдэх аугаа боломжийг нээдэг хүчит ганцаардал. Гэртээ
суух нь миний хувьд жинхэнэ эрх чөлөө юм. Гэвч заримдаа надад гав ганцаараа
байх нь аймаар санагддаг.Хүмүүсийн баяр хөөр, зовлон гунигаас ангид, дуу шуу
алдаа эндэгдлээс ангид, холын холд, зөвхөн өөрийнхөө дотор л амьдарна гэдэг
аймаар.“Би болж байна, би өлсөөгүй байна, би дулаахан тохитой байна, би чадаж
байна.Би...”Энэ бүх аминчхан бодол даанч өрөвдмөөр, даанч харгис. Иймэрхүү
бодлын хэлтэрхийг хааяа ч болов өөрөөсөө олж харна гэдэг аймаар. Хэн нэгний
өөдгүй занг мэдрээд ч болов нөхөрлөх, яс махнаасаа үзэн ядаад ч болов, ядарч
доройттолоо дайсагналцах нь аймаар боловч амьдрал. Энэ
бүхний эцэст ерөөсөө амьдаа мэдэрнэ гэдэг сайхан.Заримдаа надад уртын урт
наслах нь аймаар юмны нэг шиг бодогддог. Амьдраад л байсан, амьдраад л байсан.
Гэвч ер “ амьдраагүй байдаг”. Хэнд ч тус болж чадахгүй, хэнийг ч гэгээрүүлж
чадахгүй. Гэгээрээ ч үгүй... өөрийнхөө эцэс төгсгөлгүй хүсэл мөрөөдөл дотор,
хязгааргүй шунал тэмүүллийн дотор төөрөөд л, будилаад л “ амьдраад л
байсан”,”амьдраад л байсан”. Үгүй ээ. Ийм урт насыг хүсэхгүй байна. Би ийм
ирээдүйн төлөө амьдраагүй. Би утга учиргүй амьдралаас айдаг....Заримдаа би найз
нөхдөө гомдоочих вий гэхээс үхтэлээ айдаг. Хэн нэг нь надад үнэнч биш байсны
төлөө хэн нэгнээс урвачихгүй юм сан гэж хичээдэг. Би түүнд сайхан сэтгэлээр
хандаж байхад тэр надад ийм өчүүхэн сэтгэлээр хандчихлаа шүү дээ гэж
бачимдахаас, “ өөрийнхөө өмнө жижгэрэхээс” айдаг.Хүнийг хамгийн ихээр эвддэг,
хамгийн их гутраадаг урвалт аймшигтай. Урвалтын эцэг эх болсон багтай хүмүүсээс
би айдаг. Чи буруу юм хийчихлээ гэж хэлж чаддаггүй аймхай хүнээс, чи муухай гэж
боддог мөртлөө чи сайхан гэж хэлдэг худалч хүнээс айдаг. Атаархал ...Тэр
жинхэнэ аймаар. Холоос биш ойроос энэ муухай зан ажиглагддаг нь аймаар.
Танихгүй хөршүүдээс биш таван жил нөхөрлөсөн андаас л атаархлын сум ирдэг
нь...Нэг юмны төлөө явж буй хүмүүсл бие биедээ атаархдаг. Нэг хүсэл зорилготой
улс л жөтөөрхөлцдөг.Заримдаа би үл таних нууцлаг хүчнээс айдаг. Тайлагдашгүй юм
бүхний өмнө хүн хүчин мөхөс гэдгээ мэдэрдэг нь аймаар өрөвдмөөр. Хамгийн гол нь
үл таних нууцлаг тэр хүч бидний дотор, өөрсдийн минь нэгэн хэсэг болтлоо
шургалчхаараа жинхэнэ аймаар. Хүмүүсийн сүсэг бишрэл, онцгой гойд итгэх
сэтгэлийн цаана байгаа хязгааргүй балар, тэмтэчсэн хоосон, бүрхэг мунхаг үнэн
аймшигтай. Сэтгэл зүрх хэдий чинээ доорд ядуу байна, төдий чинээ мухар сүсэгт
автдаг нь бусдыг тэр л сүсгийнхээ нүхээр хардаг нь аймаар юмны нэг мөнөөсөө мөн.
... Гэгээрэл авралыг өөрөөсөө биш өрөөлөөс-Бурхадаас,
ариусал цэвэршлийг дотроосоо биш алсаас-Тэнгэрээс хайх нь аймшигтай
төөрөгдөл....Ихэрхүү зан,бусдыг ялгаварлан үздэг доорд араншин, хулчгар хүмүүст
л хамгийн ихээр орогнодог” заль мэх, түрэмгий үйлдэл...Аяа, хүн гээчийн дотор
яасан ч их “аймаар юм” оршино вэ? Үүнийгээ мэдсээр атал хилэнцэт сэтгэлээсээ
ангижирч чаддаггүй нь аймаар.
Гэнэт
би бичиж буй зүйлээсээ айж орхив. Өөртөө итгэл алдарна гэдэг дээрх бүхний нэгэн
адил аймаар. Итгэл үнэмшилгүйхүн сохортой адил. Нарыг харахгүй байхаас илүүтэй
дэргэдэх хүнийхээ нулимсыг олж үзэхгүй байх нь аймаар, гурав дахь дөрөв дэх
харцгүйгээр, цээжиндээ огт нүдгүй амьдарна гэдэг аймаар. Намайг дэвтрээ хаах
гэж байтал гэнэт хүмүүсийн орилолдох, хашгиран хэрэлдэх нь гаднаас тодхон
сонстов. Нэг машин нөгөөгөө шүргэчихжээ. Шинэхэн цагаан машины зүүн талын
хаалга бага зэрэг хонхойж харласнаас өөр юмгүй. Гэтэл цагаан машины эзэн
хайртай хүнээ үхүүлчихсэн юм шиг хавьтсан ойртсоноо зүхэн, есөн давхар
байшингийн цонх хагараад үйрэм хатуу чулуун үгээр хараал тавина. Үгээр бүтсэн
сумны шарх мөддөө эдгэдэггүй нь аймаар. Цагаан машины хаалга маргааш л гэхэд
цав цагаан болчихно. Харин тив дамжсан хуучин машины эзэн ” Гуйлгачин” гэсэн
доромжлолыг чихэндээ, зүрхэндээ тээсээр удна даа гэдгийг бодохоор аймаар....Юм
гэдэг дэндүү ил, дэндүү тодорхой байхаараа заримдаа аймаар санагддаг. Эмэгтэй
хүн эр бүхэнтэй үнэрээ хувааж, эрээ цээрийг умартан явааг харахад аймаар
байдаг.Тийм хүмүүсийн нүднээс бүсгүй хүний нандин чанарын нууц
үзэгдэхээ больчихдог нь аймаар.Энэ бүхнийг нуршсаар одоо л дуусгах нь шиг
байна. Нуршуу юм үнэндээ бүрхэгээсээ ч аймаар шүү.Ингэхэд
хамгийн аймаар юм нь юу вэ? Энэ олон зугтмаар юмнаас хамгийн аймаар нь ?
Задлан шинжлэх даалгавар:
1. Зохиогчийн хувьд айдас
гэж юуг тодорхойлсон бэ?
2. Чамд айдас бий юу?
3. Чи юунаас хамгийн их
айдаг вэ?
4. “Айдас” сэдвээр 150-200
үгтэй эх зохион бичээрэй.
Комментариев нет:
Отправить комментарий