понедельник, 4 мая 2020 г.


(2)                Хүн эхлээд үнэрээр ертөнцийг танин мэдсэн нь маргашгүй юмаар нотлогджээ. Хүний танин мэдэх таван сайн зэвсгийн хамгийн ашиг багатай нь хамар юм шиг санагдана. Хоёр нүд, хоёр чих л хүнд юу юунаас чухал, юу юунаас илүү мэдээлэл, сэрэл өгч байна. Ам дараа нь орно. Гэтэл хамар ямар мэдлэг өгдөг билээ? Хамраар зөвхөн үнэрийг л ялгана. Өөр юухан байх вэ? Хамраар амьсгална. Тэр нь л гол үүрэг юм. Гэвч хамар дээр үед нүд, чихнээс илүү чухал байжээ. Дээр үед гэдэг нь аль дивангарын цагийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, хүн босоо явж сураагүй байх үе юм. Тэр цагт хүн хоол тэжээлээ бөхийж олдог, бөхийж иддэг байжээ. Хонь, ямаа, адуу, тэмээний адил эсвэл галуу, нугас, тагтаа, бүргэдийн ижлээр хүн хоол олж идэхдээ бөхөлзөн газар шүүрч байлаа. Гэвч хоёр хөл дээрээ боссон цагаас хойш амьд амьтад дотроос цор ганцаараа хоол олж идэхдээ бөхөлзөхөө байснаас эхлэн хүн болж, бүхий л адгууснаас онцгойрчээ. Бөхөлздөг байхдаа хүний хамар газарт их ойрхон байлаа. Үнэр авахдаа ч сайн байжээ. Харин босоо явах болсноос хойш хүн хамраа сөхсөн хэрэг. Хамар ч эх газраас холдож аажмаар мэдрэхүйн чадвараа гээсээр байгаад одоо зөвхөн хоёр гуравхан үнэр ялгадаг болчихжээ.
(3)                Ийм болоогүй гэвэл үнэрийг тодорхойлсон хэчнээн үг мэддэгээ тоолоод үзье. Муухай, сайхан үнэр гэсэн хоёр ерөнхий үг бий. Сайхан үнэрийг хэчнээн үгээр тодорхойлдог вэ гэхэд хуруу дарах цөөн үг бий. Муухай үнэрийг л түүнээс арай олон үгээр томьёолно. Гэтэл нүдээр үздэг өнгөний тухай хавьгүй олон үг бий. Энэ маань бидний хамрын ялгах чадвар ядууг илтгэнэ. Үнэрийг бие даасан үгээр биш, харин уул үнэрийг хадгалагч эд юмсын нэртэй хавсарган тодорхойлно. Алимны үнэр, загасны үнэр, зөгийн балны үнэр гэвэл хүн
*                ДИСАА   “үнэр       идэшт”,  гандарваа;             Хималайд               байдаг    Гандхамаадан       (үнэрээр  согтоогч)              уулын                цэцэгсийн               үнэрт     газраас   гаралтай               гэж          домоглодог            тэнгэрийн              хөгжимчин,            дуучин                сахиулсан              тэнгэр.   (О.Сүхбаатар.      Монгол   хэлний    харь        үгийн      толь.      УБ.,         1997,       84-р         тал)
ойлгохоос биш улаан, цагаан, хөх гэдэг шиг шууд нэг үгээр үнэрийг нэрлэхэд бэрх болно. Хүн ярьдаг болохоосоо өмнө үнэрлэх чадвараа доройтуулсны гэрч энэ юм. Хэрвээ үнэг хэл мэддэг сэн бол түүний үгийн санд үнэрийн тухай маш олон үг байж таарна. Хүн, үнэг хоёр үнэрлэх чадвараар ойролцоо байсан цаг бий. Гэвч хүн босоо явдаг болсноос хойш, дээр хэлснээр, үнэрээс холдож, хамрын чадвар суларчээ.
(6)                “Үнэртэх хэл” гэж амьтны ертөнцийн бие биенээ ойлголцох гол арга. Одоо бол хүн үүнд итгэхээргүй мартжээ. Учир нь, хүн нэг шоо дөрвөлжин сантиметр агаарт 7000000000 молекул үнэр хуралдсан байвал сая анзаарна. Гэтэл нохой мөн тийм хэмжээний агаарт 9000-хан молекул үнэр байхад л мэдэрч чадна. Ингэхээр үнэрч чадавхаараа хүн нохойноос 800 мянга дахин дутуу буюу ердөө л битүү хамартай гэсэн үг. Сургуультай нохой бол 700хан молекул үнэр нэг шоо дөрвөлжин сантиметр агаарт байхад мэдэрдэг байна. Хүн дөрвөн хөллөж явдаг амьтан байхдаа мөн л ийм сайн үнэрч явжээ.
(7)                Хүн өөрөө 15 янзын үнэр гаргадаг, хоногт 800 см2 үнэрийг хүрээлэн буй орчиндоо түгээдэг боловч тэр бүрийг хамраараа мэдэрдэггүй болжээ.
(8)                Үнэр шинжих ухаан (одорология) хөгжиж, үнэр нь долгион хэлбэрээр, хийн маягаар, нэвчих юм уу шингэх аргаар тархан түгдгийг нэгэнт нарийвчлан мэджээ. Гэвч хүний хамар энэ бүхнийг төдий л сайн шинжих чадвар дутмаг болжээ. Арван мянга хүртэл янз бүрийн үнэр мэдрэх чадвартай энэ чухал эрхтэн одоо амьсгалах, хамгаалах, рефлекс үүсгэх, дуу зохицуулах үүргээ илүү биелүүлж, үнэр ялгах авьяасаа зөвхөн арын алба болгожээ. Үнэр ялгах эрхтнээр одоогийн хүн орчлонгийн тухай мэдээллийнхээ дөнгөж ганц хувийг авдаг байна.
(9)                Дөрвөн хөллөж явдаг байхдаа хамраараа бүх мэдээллийн 80-аас доошгүй хувийг авдаг байжээ. Дөрвөн хөлтэй амьтад одоо ч тийм хэмжээний мэдээлэл хамраараа авдаг хэвээр юм. Хамраараа хаана хоол унд, аюул осол байгааг, ижил сүрэг нь хаагуур явсан, тэдэнтэй ямар тохиолдол учрал болсон, тэд юу хийцгээсэн, нутгийн хязгаар хаана дуусах тэр бүхнийг үлдээсэн үнэрээр нь ялган танина. Адгуус тэгээд үнэрээр бичсэн захидал, сонин хэрэглэдэг гэхэд болно. Садан төрлийнхөө хэд хэдэн омог, сүргийг ч үнэрээр нь ялгадаг аж.
(10)             Эх нь үрээ үнэрээр нь танина. Хургаа голсон хонь, ботгоо голсон ингэ бодвол хурга, ботгонд нь өөр гаж үнэр шингэснээс болдог биз. Ишиг нь үхчихсэн ямаанд өөр ишиг авхуулахын тулд үхсэн ишигний нь арьсыг нөмрүүлж байж аргалдаг малчин аргын учир нь үнэрийн хэлнээ түшиглэсэн байдаг ажээ.
(11)             Харилцааны болон мэдээллийн хэрэглүүр дуу авиагаар буюу механик аргаар л байж болно гэж үздэг үзэл одоо нэгэнт өөрчлөгдөж “үнэрийн буюу химийн хэл” гэгч бүхэл бүтэн систем нэмэгдлээ. Одоо “үнэрийн хэлний” үгийн сан, цагаан толгойг судалж байна. Амьтны хэл-үнэр. Энэ хэлийг бүрэн судалсан цагт амьтны ертөнцөд жинхэнэ аюул учрах болно. Өөрийнх нь хэлийг ашиглан амьтны ертөнцийг хүн гартаа бүрэн авна. Одоо болтол хүний мэддэггүй байсан ганц нууцыг хэрвээ ингэж алдвал амьтны ертөнц хамгаалалтгүй болж үлдэх юм. Гэвч хүн амьтны хэлийг өөрсдөд нь тустайгаар ашиглах ухаан суужээ.
(12)             Амьтны үнэрийн хэлийг судлахын тулд юуны урьд аливаа амьтны үнэрийн химийн бүтэц, кодыг танин мэдвэл зохино. Амьтны үнэрийн хэлний гол амин судас нь заар юм. Заарыг бүрэн судлах нь бараг л амьд ертөнцийн зүрхний нууцыг мэдэж авахтай адил.
(13)             Хүдрийн заарыг дуунд оруулан монголчууд дуулдаг. Баавгайн заар, чонын заар, хуцны заарыг бид маш сайн ялган танина. Гэвч загасныхыг мэддэг монгол хүн тун ховор биз. Гэтэл загасны заар усан дотор хэдэн ч жил үнэрээ хадгалан үлддэг байна. Голын эхэнд төрцнөөс биеийг олсон яргай загас (лосось) урсгал даган уруудаж, их далайд очоод, тэнд хэдэн жил амьдарч байснаа олон зуун километр замыг буцаж туулж, урсгал сөрөн явсаар голын эхэнд анх мэндэлсэн газартаа алдахгүй ирж төрцөө орхидог хуультайг эрдэмтэд хэдийн судалжээ. Ямар ч луужингүйгээр анх төрсөн усандаа эргэж ирдэг загасны ёсыг судлахад хэдэн зуун хослолоос бүрдсэн өвөрмөц заарны үнэрээр загас баримжаа авч, эх болсон газраа төвөггүй олж ирдэг ажээ. Тэр нууц үнэрийг нь танин мэдсэнээ ашиглан, загасны хэлээр аль нэг усан санд дуудан аваачиж, төрцийг орхиулан өсгөж үржүүлэх боломж нээгдэх юм.
(14)             Ургамлын хортон шавжийг жигшээх үнэрийг хэрэглэж чадвал янз бүрийн хор цацахгүйгээр хортон шавжнаас сэрэмжилж болно. Ийнхүү үнэртнээр тогтоосон хил хязгаарыг ямар ч үед хортон шавж давж гарахгүй болно. Эсвэл ялаа шумуулын дуртай үнэрийг гарган авч, түүний тусламжаар ойр хавийн ялаа шумуулыг дуудан цуглуулж устгаж болно.
(15)             Зарим ургамал хортон шавж хүрэлцэн очиход нь мөчир салаанаасаа муухай үнэр гаргаж тэр хорхойнуудыг хөөн жигшээдгээр барахгүй энэ аюулын тухай ойр хавьдаа зар тараадаг байна. Тэр зарыг авмагц мөнөөхөн ургамлууд бас л муухай үнэр гаргадаг хачин үзэгдлийг эрдэмтэд шинжиж мэджээ.
(16)             Аливаа амьтан ургамлын заар нь бас үржлийн ач холбогдолтойгоор барахгүй оо энгэсэг, үнэрт усны адил гоёлын буюу дур булаах учир холбогдолтой юм. Үнэрийн хэл нь бусдад дуулдахгүй мөртөө харанхуйд ч хамар дамжин ойлгогддог өвөрмөц онцлогтой ажээ.
(17)             Үнэрийн хэлний үгийн санд эр, эм, хүний, өөрийн, аюултай, аюулгүй, аймаар, гэмгүй, эрүүл, өвчтэй, өлсгөлөн, цатгалан гэх мэтийн бараг хоёр зуугаад үг байгааг эрдэмтэд олж мэджээ.
(18)             Ингээд бодоход хамар хүний гол эрхтэн байж, оюуны хөгжлийн эх үүсвэрийг тавьсан нь үнэн ажээ. Одоо ч тэр чанараа хадгалсаар байна. Хүний бие хөрч даарахыг хамгийн түрүүн хамар мэдэрч найтааж дохио өгдөг. Найтаасан хүнийг “бурхан өршөө!” гэж ерөөдөг. Хүн хамраа бөглөөд байвал ходоодны шүүсний шүлтлэг чанар нь буурч, элэг бөөрний ажиллагаа удааширч, цөс ялгарах нь багасаж, улмаар шүд үйрэмтгий болж, цусанд гемоглобин буурна. Зүрхний ажиллагаа хамартай шууд холбоотой гэнэ.
(19)             Үнэр идэгч гэж хүнийг ч хэлсэн байж болох юм. Нялх хүүхэд төрөхдөө анхны өдрүүдэд эхээ үнэрээр нь таньдаг байна. Үнэр хүн төрөлхтний нялх балчир үеийн гол эрдэм байж.
(20)             Одоо бол хүн хиймэл үнэр гарган авч түүгээр гоёж гооддог болжээ. Үнэр шинжих ухаан буюу одорологийн тусламжаар янз бүрийн гоё үнэртэн үйлдвэрлэж, түүгээр орчин үеийн эмэгтэйчүүд гангалан гоёж байна. Үнэртэй усны болон гоо сайхны үнэртэнг эсвэл цэцгийн үнэрийг ялгах талаар хүний чадвар нохойныхоос арван мянга дахин илүү мэдрэмтгий ажээ. Үүгээрээ хүн адгууснаас их хол явж, гоо сайхны үнэр идэгч болон хувирчээ.
(21)             Амьтны үнэрийн хэлийг бүрэн судалж дуусах үед хүн, адгуус хоёр бие биенээ улам гүнзгий ойлгодог болно. Үнэр идэгч гэгчийн утга тэр үед бүрэн ойлгогдоно.

(Л.Түдэв,1983)
Асуулт даалгавар           
а. Тохирох хариултыг сонгож, тайлбарлана уу.
Бодомж
Тийм
Үгүй
1
Хүн босоо явдаг болсны улмаас үнэрлэх чадвар суларч, оюун ухаан сайжирсан.


2
“Ийм болоогүй гэвэл...”- (4), (5) догол мөрийг “сөргүүлэн лавшруулах” утгаар холбосон. “...дээр хэлснээр” гэсэн нь “дурдан сануулах” утгаар өмнөх догол мөртэй холбожээ.


3
Хэлэнд үнэртэй холбоотой үг цөөн байдаг нь хамраараа бага мэдээлэл авдагтай холбогдоно.


4
Үнэр мэдрэх гэгч нь амьдрах арга хэрэглүүр байсан.


5
Үнэр мэдрэх гэгч нь харилцах арга хэрэглүүр.


6
Үнэр мэдрэх гэгч нь биеэ хамгаалах арга хэрэглүүр юм.


7
Үнэр мэдрэх гэгч нь танин мэдэх, бүтээх арга хэрэглүүр болсон.


б. Дээрх эсээнд уран дүрслэл, хэлц үг хэллэгийг ямар зорилгоор ашигласныг
ярилцаарай.
Үлгэрлэвэл:              “Харин  босоо   явах     болсноос          хойш    хүн       хамраа сөхсөн  хэрэг”   гэсэн            өгүүлбэр           дэх       “хамраа            сөхөх”  гэсэн    хэлц     нь         “ихэмсэглэх,     биеэ     тоох”   гэсэн            утгатай          хэдий    ч          “бусад  амьтнаас         хавьгүй            өөр,      давамгай          болсон,            онцгойрсон”      гэсэн    утгаар зохиогч санаагаа          эрчимжүүлжээ. Тодруулбал,     хойд     хоёр     мөч            дээрээ   босоо   явдаг    болсон  нь         хүний   уураг    тархины          болон   бусад   эрхтний            хөгжилд            онцгой  учир     холбогдолтой, гайхалтай        зүйл     болсныг           онцлох  зорилгоор            уг         хэлцийг ашигласан        байна.
үзгээр бичих →
Адгуус тэгээд үнэрээр бичсэн захидал сонин хэрэглэдэг гэхэд болно.
хүн захидал, сонин хэрэглэх →
гол судас
чухал нандин хэрэглүүр →
Амьтны үнэрийн хэлний гол амин судас нь заар юм.
далд зүйл →
Заарыг бүрэн судлах нь бараг л амьд ертөнцийн зүрхний нууцыг мэдэж авахтай адил.
Эхэд задлал хийж, нэгтгэн дүгнэе.
1. “Үнэр идэгч” эсээг дахин уншаад, чухал мэдээллийг олоорой.
а. Эсээнд бүхэлдээ юуны тухай өгүүлсэн байна вэ?
б. Эсээг эхлэл, гол, төгсгөл хэсгээр зааглаарай.

Эхийн аль хэсэг
Догол мөр
Эхлэл хэсэг
Бичих зүйлийнхээ гол санааг илэрхийлсэн хөтөч өгүүлбэртэй байна.
(1)- (3)
Гол хэсэг
Хөтөч өгүүлбэр болон эхлэл цогцолборт өгөгдсөн гол санааг лавшруулах, дэмжих, нэмэн өргөжүүлэх мэдээллүүдийг агуулна.

Төгсгөл хэсэг
Байр сууриа дахин илэрхийлж, уншигчдад нөлөөлсөн хэсэг

Эхлэл хэсэгт уншигчдын анхаарал, сонирхлыг хэрхэн татсан байна вэ?
Эсээний туршид чиглүүлэх үүрэгтэй хөтөч өгүүлбэр аль нь вэ?
Гол хэсэгт хөтөч өгүүлбэрийн санаатай холбогдох ямар ямар багц санаа байна вэ?
Тус бүрийн толгой өгүүлбэр аль нь вэ?
Зохиогч эсээний гол санааг илэрхийлсэн хөтөч өгүүлбэрээ хэрхэн дүгнэсэн бэ?


Комментариев нет:

Отправить комментарий